A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1996 оны 03 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН

ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ

ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт/

Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Л.Баасан /илтгэгч/, Ц.Цолмон, С.Жанцан, Д.Чилхаажав нар, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Дондовын Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж нар оролцов.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Дондовын Ламжав Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнтэй холбогдуулан өгсөн тайлбартаа: "1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5-д буй "Жагсаал, цуглааныг зохион байгуулагч нь сэтгэцийн өвчтэй хүмүүсийг жагсаал цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ" гэсэн заалт нь иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 26 дугаар зүйлийн "Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч ялгаварлан гадуурхалтгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Энэ утгаар аливаа төрлийн ялгаварлан гадуурхлыг хуулиар хориглосон байх ёстой бөгөөд хуулиар бүх хүн ямар ч шинж тэмдгээр тухайлбал арьс-үндэс, арьс-өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн байдал буюу бусад нөхцөл байдлаар ялгаварлахын эсрэг тэгш, үр нөлөөтэй хамгаалалтыг баталгаатай болгоно" гэсэн заалтыг; мөн пактын 2 дугаар зүйлийн 1-ийн "Энэхүү пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ болон эрх мэдэлдээ байгаа бүх хүний энэхүү пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс-үндэс, арьс-өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн буюу бусад нөхцөл байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй" гэсэн заалтыг тус тус зөрчиж тухайлбал бусад нөхцөл гэсэнд хамаарах эрүүл мэндийн байдлаар ялгаварлан гадуурхаж байгаа учраас Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-ын "Монгол Улс, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ" гэсэн заалтыг зөрчиж байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн дээрх заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д байгаа "Монгол Улсын иргэн тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй байх, энэхүү эрх чөлөөгөө баталгаатай эдэлнэ" гэсэн заалтыг зөрчиж байна.

2. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5-д "Цуглааныг зохион байгуулагч бага насны хүүхдийг цуглаанд оруулахгүй байх үүрэг хүлээнэ", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 4-т "Цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх үүрэг хүлээнэ" гэсэн заалтууд нь хүүхдийн эрхийн тухай конвенцийн 15 дугаар зүйлийн 1-ийн дотор байгаа "Оролцогч улсад тайван замаар хуран цуглах хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрнө" гэсэн заалтыг зөрчиж байгаа учраас Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-ын "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ" гэсэн заалтыг зөрчиж байна. Иймд миний өргөдлийг хянан шийдвэрлэж хуульд заасан хугацаанд багтаан хэрэг үүсгэж маргааныг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хоёр. Үндсэн хуулийн Цэцийн гишүүний 1996 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолоор иргэн Д.Ламжавын өргөдлийн дагуу маргаан үүсгэжээ.

Гурав. Улсын Их Хурлын даргын 1996 оны 3 дугаар сарын 16-ны 14 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдоржийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилжээ.

Дөрөв. Ц.Нямдорж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Үндсэн хуулийн Цэцэд албан бичгээр ирүүлсэн тайлбартаа: "1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль нь иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагаа /хуулийн 3 дугаар зүйл/ юм. Энэ заалттай холбогдолгүй сэдвээр иргэдээс зохион байгуулж байгаа спорт, урлаг, уран сайхан, баяр наадам болон тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээг зохион байгуулахад энэ хууль үйлчлэхгүй тухай 5 дугаар зүйлд бий.

Өөрөөр хэлбэл бага насны хүүхдүүд энэ хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасан асуудлаар жагсаал, цуглаан зохион байгуулж болох боловч тэдгээр нь энэ хуулиар зохицуулагдахгүй. Хэрэв зохицуулагдахаар хийвэл зөвшөөрөл авах, хариуцлага тооцох, албадаж тараах гэх мэт насанд хүрэгсдэд тавигдах бүхий л шаардлага хүүхдэд тавигдахаар байсан тул асуудлыг ийнхүү зохицуулсан юм.

2. Жагсаал, цуглаан зохион байгуулахад бага насны хүүхдийг оролцуулахгүй байх тухай заалт нь хүүхдийн эрхийг хязгаарлах бус харин тэдний амь нас, эрүүл мэнд, сэтгэхүйн онцлог, эрх ашгийн аливаа муу нөлөөллөөс хамгаалах зорилготойгоор тусгасан юм.

а/ хүүхдийн нас, оюун ухаан, сэтгэлгээний онцлогийг төрийн болон хэсэг бүлгийн тэмцэлд ашиглуулахгүй байх;

б/ хууль бусаар зохион байгуулсан жагсаал, цуглааныг цагдаа, дотоодын цэргийн хүчээр албадан тараахад хүүхдийн амь бие, эрүүл мэндийг хохироохгүй байх;

в/ бага насны хүүхэд захиргааны хариуцлагын субъект болдоггүй харгалзах;

г/ жагсаал, цуглааны явцад нийгмийн хэв журам зөрчигдөх, эмх замбараагүй байдал бий болох магадлал ихтэй тул тэдгээрээс гарч болох сөрөг үр дагавараас бага насны хүүхдийг хамгаалах;

д/ жагсаал цуглааны явцад гардаг аливаа сөрөг үзэгдлээс бага насны хүүхдийн хүмүүжил, ёс суртахууныг хамгаалах.

3. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг жагсаал, цуглаанд оролцуулахгүй байх тухай хуулийн заалт нь энэхүү тайлбарын 2-т заасан зорилгын зэрэгцээгээр тэдгээрийг эмх замбараагүй байдал үүсгэх шалтаг үүсгэхэд ашиглуулахгүй байхад чиглэсэн юм. Түүнчлэн сэтгэцийн өвчтэй хүмүүс эрхийн чадамжаа бүрэн алдсан буюу хязгаарлагдмал чадамжтай байдгаасаа шалтгаалан иргэний эрх, үүрэг нь үндэсний хууль тогтоомжоор хязгаарлагдсан байдгийг харгалзсан юм. Иймд Д.Ламжавын өргөдлийг хүлээн авах боломжгүй хэмээн үзэж байна" гэжээ.

Тав. Гомдол гаргагч иргэн Д.Ламжав Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: би Цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан тайлбартаа өөрийн хүсэлтээ тодорхой гаргасан болно. Иймд нэмэлт тайлбар болгоод байх зүйлгүй. Харин мэтгэлцээний явцад тайлбаруудаа өгөх болно гэв.

Зургаа. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: Би өөрийн тайлбараа бичгээр гаргасан. Үүн дээр нэмж доорхи зүйлийг тайлбарлая.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хууль бол улс төрийн зорилгоор тайван журмаар жагсаал, цуглаан хийх асуудлыг зохицуулжээ. Олон улсын пактанд "хуран цуглах" гэж нэр томъёо байгааг анхаарах;

Олон улсын конвенц, пактанд нийгмийн хэв журам хамгаалах бусад зорилгоор улс орнууд жагсаал, цуглаан хийх асуудлаар зарим хязгаарлалтыг тогтоож болох журам бий.

Жагсаал, цуглаанд бага насны хүүхэд сэтгэцийн өвчтэй хүмүүсийг оролцуулахгүй байх эрхийг жагсаал, цуглааныг зохион байгуулагчдад олгосон. Нөгөө талаар сэтгэцийн өвчтэй хүмүүс, насанд хүрээгүй хүмүүс чинь иргэний эрх зүйн чадамжгүй хүмүүс тул улс төрийн үйл ажиллагаанд оролцох уу гэдгийг бодолцох. Тэгэхдээ эдний жагсах, хуран цуглах эрхийг хассан биш түүнийг зохион байгуулагчдад энэ талаар эрх олгосон байна. Олон улсын пактанд эрүүл мэндээр нь хязгаарлах гэх мэт заалт шууд байхгүй.

НҮБ-ын хүүхдийн эрхийн хороонд Монгол Улсын Засгийн газраас явуулсан илтгэлийн 89 дүгээр зүйлд байгаа агуулга нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн үзэл баримтлалаас зөрүүтэй байгаа болно гэв.

ХЯНАВАЛ:

1. Монгол Улс 1990 онд нэгдэж орсон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенц нь Монгол Улсын Үндсэн хуультай харшлаагүй байх тул Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил хүчинтэй болох нь тогтоогдов. Энэ утгаар нь авч үзэхэд жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5-д буй "цуглааныг зохион байгуулагч нь бага насны хүүхдийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 4-т буй "цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх үүрэг хүлээнэ" гэсэн заалтууд нь тайван замаар хуран цуглах хүүхдийн эрхийг хассан байх тул энэ талаар иргэн Дондовын Ламжавын хүсэлт үндэслэлтэй байна.

2. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эрх зүйн чадамжгүйд тооцох тул тэднийг жагсаал, цуглаанд оролцуулахгүй байхаар Монгол Улсын хуулиар зохицуулсан нь үндэслэлтэй байх тул энэ талаархи хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5-д буй "цуглааныг зохион байгуулагч нь бага насны хүүхдийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 4-т буй "цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх үүрэг хүлээнэ" гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйл, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалт, Үндсэн хуулийн Хавсралтын хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5-д буй "цуглааныг зохион байгуулагч нь ... сэтгэцийн өвчтэй хүнийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна.

Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Л.БААСАН

Ц.ЦОЛМОН

С.ЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ