A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2007 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /ДҮГНЭЛТ/

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа /илтгэгч/, Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран, Г.Занданшатар нар оролцов.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа 2007 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

Улсын Их Хурлаас 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгийн "алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого" гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг"; 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно" гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-ын "хуулиар ногдуулсан албан татвар төлөх" гэсэн заалтуудыг; мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "Энэ хуулийн..., 6.2 -т заасны дагуу тодорхойлсон орлогоос 68 хувиар тооцож албан татвар ногдуулна" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "..., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэснийг тус тус зөрчсөн гэж" үзэж байна.

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-д "Монгол Улсын иргэн шударга ёс, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ" гээд 17.1.3-д "хуулиар ногдуулсан албан татвар төлөх" талаар хуульчилсан.

Хуулиар ногдуулсан албан татвар төлөх гэдэгт "албан татварыг хуулиар бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэх, татварын хувь, хэмжээ, татвар ногдох орлогыг хуулиар тогтоох" зэрэг ойлголт хамаарах бөгөөд ийнхүү тогтоосон татварыг төлөх нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг мөн.

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт "Татвар бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна" мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Татварыг Улсын Их Хурал хуулиар бий болгож, өөрчилж хүчингүй болгоно", 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Улсын Их Хурал энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан татварын хувь, хэмжээг тогтооно" гэжээ. Татварын ерөнхий хуулийн Улсын татвар гэсэн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт "Монгол Улсын Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай" 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар "зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар" гэж оруулсан.

Ингэснээр зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хувь, хэмжээг төрийн эрх барих дээд байгууллага буюу Улсын Их Хурлаас тогтоох хууль зүйн үндэс бүрдсэн байна. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан "хуулиар ногдуулсан албан татвар төлөх" гэдэг нь юуны өмнө татварын хувь, хэмжээг болон татвар ногдох орлогыг хууль батлах замаар тодорхойлно гэсэн утгыг илэрхийлдэг.

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт "алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого" гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтнаас 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг, 6.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсгийн "хуулиар ногдуулсан албан татвар төлөх" гэснийг зөрчсөн болох нь дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нотлогдож байна.

1/ Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон нэмэгдэл орлого буюу алтны үнийн өсөлтийг "дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанк тогтоох"-оор болсон боловч дэлхийн зах зээлийн үнэ гэж хууль зүйн ямар ойлголт болох, мөн энэхүү үнийг яаж тодорхойлох нь тодорхойгүй байна. Дэлхийн зах зээлийн үнэ гэдэгт юуг ойлгох, Олон Улсын ямар байгууллагуудаас зарласан алтны үнэ ханшийг баримтлан дэлхийн зах зээлийн алтны үнийг тодорхойлох талаар хуульчлаагүй байна.

Ингэснээр алтны үнийн өсөлтийн орлогын хувь хэмжээг тогтоох үндэслэл болох дэлхийн зах зээлийн үнийг буюу татвар ногдуулах орлогыг тогтоох эрхийг Монголбанкинд олгосон байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу татвар бий болгох, татвар ногдуулах, татварын хувь, хэмжээг тогтоох нь гагцхүү төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах бөгөөд хуулиар шийдвэрлэдэг асуудал болно.

2/ "Дэлхийн зах зээлийн үнэ"-ийг харгалзан үзэх гэдэгт ямар шалгууртай, яаж тогтоосон үнийг баримтлах талаар хуульчлан тогтоогоогүй тул Монголбанк Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдан татвар ногдох орлогыг тодорхойлж "Дэлхийн зах зээлийн үнэ"-ийг тогтоохоор болсны зэрэгцээ Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4.1.4 дэх заалт, 6.2 дахь хэсэгт "дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанк" зарлах талаар хуульчилсан. Дэлхийн зах зээлийн үнийг шууд баримтлан 1 унци алтны үнийг Монголбанк зарлана гэж хуульчлалгүйгээр "зах зээлийн үнийг харгалзан" гэснээр Монголбанк дэлхийн зах зээлийн үнээс дээгүүр, эсхүл доогуур алтны үнийг зарлах нөхцөл бүрдээд байна. Дэлхийн зах зээлийн үнийг харгалзан зарласан үнэ гэдэг нь шууд баримтлана гэсэн үг биш бөгөөд татвар ногдох орлогыг тодорхойлох нь Монголбанкны эрх хэмжээний асуудал болох үр дагавар үүснэ.

3/ Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6.2 дахь хэсэгт "дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан" 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно" гэж хуульчилснаар "хуулиар ногдуулсан албан татвар" төлөх тухай Үндсэн хуулийн 17.1.3 дахь заалтыг зөрчсөн дараахь сөрөг үр дагаврууд шууд үүсч байна. Тухайлбал,

- Нэгэнт хуулиар тодорхойлоогүй тул Монголбанк дэлхийн зах зээлийн үнийг өөрийн үзэмжээр тогтоох замаар татвар ногдох орлогыг тодорхойлж "хуулиар татвар ногдуулах" Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан;

- Улмаар дээрх үнийг Монголбанк шууд баримтлан алтны ханшийг зарлах талаар хуульд тусгаагүй бөгөөд "харгалзан Монголбанк зарлах" талаар хуульчилсан тул дэлхийн зах зээлийн үнээс дээгүүр, эсхүл доогуур тогтоох нь Монголбанкны эрх хэмжээний асуудал болсон;

- Ингэснээр татвар төлөгчдийн хууль ёсны эрх ашигт Монголбанк шууд халдан татвар ногдох орлогыг тодорхойлох бүрэн эрхийг эдлэх болсон зэрэг сөрөг үр дагаврууд шууд бий болно. Алтны ханшийг тодорхойлдог олон улсын бирж, агентлагуудаас хамгийн өндөр ханш зарласан нэг буюу хэд хэдэн байгууллагын үнийг Монголбанк дэлхийн зах зээлийн үнэ гэж үзэн түүнийг харгалзах нэрийдлээр /шууд баримтлах талаар хуульд тусгаагүй/ алтны ханшийг улам дээгүүр тогтоон бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар ногдох орлогыг тодорхойлж татвар төлөгчдийн эрх ашгийг зөрчих хууль зүйн боломж бий болсон байна.

Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал нь өдөр бүр алтны ханшийг зарлаж тодорхойлохгүй нь тодорхой боловч татвар ногдох орлого гэж юу болохыг тодорхой хуульчлан тогтоолгүйгээр энэ эрхээ бусдад шилжүүлсэн хууль баталснаар Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг зөрчсөн байна.

Татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангаж, тэдний өмчлөх эрхэнд хууль бусаар халдахгүй байх үүднээс татварыг зөвхөн төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлаас баталсан хуулиар ногдуулдаг Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Үндсэн хуулийн 17.1.3 дахь хэсэгт "хуулиар ногдуулсан албан татвар төлөх" гэж хуульчилсныг Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4.1.4, 6.2 дахь хэсгийн "дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан" 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцон татвар ногдох орлогыг тодорхойлох тухай заалт нь дээр дурдсан үндэслэлээр шууд зөрчсөн байна.

2. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын шийдвэр үйл ажиллагаа нь "Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай" хуулийн дагуу явагддаг.

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 3.1.4 дэх хэсэгт " ..., Улсын Их Хурлын гишүүн санаачилж буй хуулийн төслийнхөө талаар Засгийн газрын, түүнчилэн хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий холбогдох бусад байгууллагын санал, дүгнэлтийг авсан байх", 10.1.4 дэх хэсэгт Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн талаар " ..., Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн бодлогод хэрхэн нийцэж байгаа, түүнчилэн энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан эсэх талаар энэ хуулийн 3.1.4-т заасны дагуу Засгийн газрын өгөх санал, дүгнэлтийн төслийг бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх" талаар хуульчилсан байна.

Гэтэл Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь дээрх хууль зүйн шаардлагуудыг бүхэлд нь зөрчсөн бөгөөд хууль санаачлагч нь санаачилсан хуулийн төслийнхөө талаар Засгийн газрын болон хууль хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий байгууллагуудаас холбогдох санал, дүгнэлтийг аваагүйн зэрэгцээ хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь уг хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн бодлогод нийцэж байгаа, түүнчилэн Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нийцэж байгаа эсэх талаар санал, дүгнэлтийн төсөл бэлтгэж Засгийн газрын хуралдаанд хэлэцүүлээгүй болно.

Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчим нь "төрийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдах" гэсэн агуулгыг илэрхийлдэг бөгөөд "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" 2006 оны 12-р сарын 21-ний өдрийн хуулийг батлахдаа Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасан журмыг зөрчсөн болох нь дээрх хууль зүйн үндэслэлүүдээр батлагдаж байна.

3. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн Үндэсний татварын албаны удирдлага, түүний бүрэн эрх гэсэн 21 дүгээр зүйлийн 21.6.6 дахь хэсэгт "орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын гэрээний төсөлд санал өгөх" талаар хуульчилсан.

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Энэ хуулийн ..., 6.2 -т заасны дагуу тодорхойлсон орлогоос 68.0 хувиар тооцож албан татвар ногдуулна" гэж заасан бөгөөд мөн хуулийн 6.2 дахь хэсэгт заасан үнийн өсөлтийн орлого гэдэг нь " ... дэлхийн зах зээлийн дундаж үнийг харгалзан Монголбанкнаас зарласан" 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцсоны дараа үлдэх орлого юм.

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод ногдуулдаг 68 хувийн албан татвар нь хуулиар ногдуулдаг бусад албан татварын төрлүүдтэй давхардсан болохыг дараахь жишээгээр тайлбарлая. Тухайлбал, дэлхийн зах зээлийн дундаж үнийг харгалзан Монголбанкнаас 1 унци алтны үнийг 600 ам.доллараар зарласан гэж үзье. Энэ тохиолдолд:

-Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3 дахь хэсэгт заасны дагуу 600 ам.долларын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 5 хувийн улсын татвар ногдуулах ба ингэснээр үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод үнийн өсөлтийн албан татвараас гадна нөөц ашигласны татвар давхар ногдоно,

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу 500 ам.доллараас дээш гарсан орлогод 68 хувийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар ногдуулснаас үлдэх орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар давхардуулан ногдуулна /дээрх тохиолдолд 32 ам.долларт татвар давхардан ногдуулна/.

Өөрөөр хэлбэл зарим бүтээгдэхүүний буюу тухайлбал алтны үнийн өсөлтөөс шууд шалтгаалан үүссэн нэмэгдэл орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг татварууд давхардан ногдож байгаа болно.

Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.6 дахь хэсэгт "орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын гэрээний төсөлд санал өгөх" нь Үндэсний татварын ерөнхий газрын даргын бүрэн эрх болох талаар хуульчилснаар нэгдүгээрт, хөрөнгийн болон орлогын албан татварыг давхардуулан ногдуулахгүй байх талаар олон улсын гэрээ хэлэлцээрийг байгуулах, нөгөөтэйгүүр татварын бодлогын хувьд дотоодын хууль тогтоомжийн хүрээнд хөрөнгийн болон орлогын албан татварыг давхардуулан ногдуулахгүй байх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байна.

Гэтэл Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод 68 хувийн албан татвар ногдуулснаар орлогын татварын төрлүүд болох Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар зэргийг давхардуулан ногдуулж татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна.

Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн " ..., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалт нь хууль тогтоомжууд өөр хоорондоо агуулгын болоод хэлбэрийн хувьд зөрчилгүй байх гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд татвар давхардуулан ногдуулахгүй байх талаар Татварын ерөнхий хуульд хуульчилсан байтал Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулиар бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод 68 хувийн албан татварыг давхардуулан ногдуулахаар хуульчилсан байна.

Иймд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгийн "алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого" гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг", 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно" гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн " ..., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсгийн "хуулиар ногдуулсан албан татвар төлөх", 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "Энэ хуулийн ..., 6.2 -т заасны дагуу тодорхойлсон орлогоос 68 хувиар тооцож албан татвар ногдуулна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн талаар дүгнэлт гаргаж өгнө үү" гэжээ.

Иргэн Б.Баяраа 2007 оны 1 дүгээр сарьн 22-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт өргөдөлдөө:

1. ...Дэлхийн зах зээл дээр алтны арилжаа хийгдэж, алт арилжаалагдах үнийг тодорхойлдог томоохон бирж, мэдээллийн агентлагуудын талаар дурьдсан. Тухайлбал, Токиогийн бараа таваарын бирж, Нью-Йоркийн худалдааны бирж, Дубайн алт болон бараа таваарын бирж зэрэг томоохон арилжааны төвүүд үйл ажиллагаа явуулж алтны биржийн арилжааны 90 орчим хувийг эзэлдэг байна. Алтны арилжааны үнийн талаар тогтмол мэдээллэдэг Ройтерс агентлаг, Блумберг мэдээллийн агентлаг зэрэг томоохон мэдээллийн агентлагууд үйл ажиллагааныхаа хүрээнд алтны арилжаалагдаж буй үнийн талаар мэдээлэл хүргэж ажилладаг.

Дээрхээс үзэхэд Монголбанк алтны дэлхийн зах зээлийн үнэ гэдэгт Токиогийн бараа таваарын бирж/1/, Нью-Йоркийн худалдааны бирж/2/, Дубайн алт болон бараа таваарын бирж/3/ гэсэн гурван бирж Ройтерс агентлаг/4/, Блумберг мэдээллийн агентлаг/5/ гэсэн 2 мэдээллийн агентлагаас буюу нийт 5 сонголтоос дэлхийн зах зээлийн үнийг өөрийн эрх хэмжээний хүрээнд тодорхойлох, эсхүл 2 буюу түүнээс дээш бирж болон мэдээллийн агентлагын алт арилжаалагдах дундаж үнийг дэлхийн зах зээлийн үнэ гэж тодорхойлох боломжтой болж байгаа болно. Эдгээр бирж, агентлагууд нь алтны арилжаалагдаж буй үнийн талаар харилцан адилгүй үнэ зарладаг.

Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогоос бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар ногдох орлого шууд тодорхойлогдох тул Монголбанк дээрх бирж болон агентлагуудаас алт хамгийн өндөр үнийн дүнтэй арилжаалагдаж байгааг нь сонгох, улмаар түүнийг харгалзах нэрийдлээр 1 унци алтны үнийг дээгүүр зарлаж татвар төлөгчийн эрх ашгийг зөрчих эрх зүйн үндэс бүрдээд байгаа болохыг дахин дурдъя. Монголбанк өнөөдөр алтны үнэ зарлахдаа баримталж буй бирж, агентлагаа солих, түүнчилэн зарлаж буй үнээ өөрчлөх эрх нь хуулиар нээлттэй байна.

2. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4.1.1, 6.2 дахь хэсгүүдэд алтны үнийн өсөлтийг тодорхойлохдоо "дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан" 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг үнийн өсөлтийн нэмэгдэл орлого гэж үзэн татвар ногдох орлогыг тодорхойлсон байна.

Энэхүү заалтаас үзэхэд татвар ногдох орлогыг хуулиар тогтоосон мэт харагдавч бодит байдал дээр татвар ногдох орлогыг тодорхойлох Улсын Их Хурлын эрхийг Монголбанкинд буюу бусдад шилжүүлж эрх олгосон хуулийн заалт юм. Татвар ногдох орлогыг Улсын Их Хурал хуулиар тодорхойлсон бус харин тодорхойлох эрхийг Монголбанкинд олгосныг хуулиар татвар ногдуулсан гэж үзэж болохгүй юм. Өөрөөр хэлбэл татвар ногдох орлогыг тодорхойлох онцгой бүрэн эрхээ бусдад шилжүүлчихээд ийнхүү эрх шилжүүлсэн хуулийн заалтаа татвар ногдуулах орлогыг тодорхойлон хуульчилсан гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй" гэжээ.

Мөн Иргэн Б.Баяраа 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт өргөдөлдөө:

1. Өмнө гаргасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг давхардуулж ногдуулж байна гэсэн өөрийн өргөдлийн шаардлагаасаа татгалзсан.

2. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн дагуу нийт 24 төрлийн татвар /албан татвар, хураамж, төлбөр гэсэн ангилалтайгаар/ үйлчилж байна.

Энэхүү татваруудыг ногдуулахдаа "хуулиар татвар ногдуулах" тухай Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу татвар ногдох хувь, хэмжээ, мөн татвар ногдох орлогыг хуулиар тодорхойлсон байх боловч зөвхөн Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар, тухайлбал алтны үнийн өсөлтөөс үүсэх нэмэгдэл орлогыг тодорхойлох эрх нь хууль тогтоох байгууллагад бус Монгол банкинд шилжсэн байна.

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд зэсийн үнийн өсөлтийн албан татвар ногдох нэмэгдэл орлогыг "Лондонгийн металлын бирж дээрх зэсийн суурь үнийг баримтлан" тодорхойлох талаар хуульчилсан боловч алтны үнийн өсөлтийн албан татвар ногдох нэмэгдэл орлогыг Монголбанкнаас зарласан ханшийг баримтлан тодорхойлохоор хуульчилснаар уг хуульд татвар ногдох орлогыг Улсын Их Хурал нарийвчлан тодорхойлсон /зэсийн үнийн өсөлтийн нэмэгдэл орлого/, мөн татвар ногдох орлогыг тодорхойлох бүрэн эрхээ Улсын Их Хурал Монголбанкинд шилжүүлсэн /алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого/ зөрчилтэй зохицуулалтууд орсон байна." гэжээ.

Иргэн Б.Баяраа 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө шаадлагын үндэслэлээ нэмэгдүүлсэн. Тухайлбал,

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгийн "алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого" гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн "шударга ёс, ..., тэгш байдал, ...-ийг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн "шударга ёс, ..., тэгш байдал, ...-ийг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалт нь ижил бөгөөд харьцуулж болохуйц нөхцөлтэйгээр эрх зүйн харилцаанд оролцогчдод алагчлалгүй хандах, ялгаварлан гадуурхахгүй байх, адилхан эрх эдэлж, үүрэг хүлээх боломжийг төрийн зүгээс бүрдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулна гэсэн агуулгатай байдаг. Энэ ч үүднээс "Тэгш байдал нь төр харъяат субъектүүдээ хууль болон шүүхийн өмнө адилхан эрх эдэлж, үүрэг хүлээх боломжийг хангахад үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлснээр хэрэгжинэ".

Алт олборлох үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг давхардуулан төлдөг атал бусад иргэн, аж ахуйн нэгжийн хувьд татварыг давхардуулан ногдуулахгүйгээр орлогоос нэг төрлийн татварыг эхлэн төлүүлж, улмаар төлсөн татварыг орлогын суурь үнээс хассанаас үлдэх үнийн дүнгээс дараагийн татварыг төлүүлэх замаар татвар ногдуулдаг.

Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг түүний борлуулалтын нийт дүнгээс шууд суутгаж ногдуулахаар хуульчилсан байна.

Гэтэл Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт "алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого" гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно" гэж татвар ногдох орлогыг тодорхойлохдоо дээрх нөөц ашигласны төлбөрийг хасч тооцох талаар дурьдаагүй болно.

Дээрх татварын төрлүүдийг давхардуулан ногдуулж байгаа нь Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 119 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Зарим бүтээгдхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал"-аас тодорхой харагдана.

Татварыг давхардуулан ногдуулахгүй байх талаар татварын багц хуулиудад хуульчилсан бөгөөд тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг дурьдаж болно.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

" 1. "Хуулиар ногдуулсан албан татвар төлөх гэдэгт "албан татварыг хуулиар бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэх, татварын хувь хэмжээ, татвар ногдох орлогыг хуулиар тогтоох" зэрэг ойлголт хамаарах бөгөөд ийнхүү тогтоосон татварыг төлөх нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг мөн, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4.1.4, 6.2 дахь хэсэгт "дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно" гэж хуульчилснаар "хуулиар ногдуулсан албан татвар төлөх тухай Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг зөрчсөн" гэсний тухайд:

Аливаа татварыг юуны өмнө төрийн төсвийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор хувь хүн болон хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд ногдуулж, төсөвт хураадаг бөгөөд "эдийн засгийн нийлүүлэлтийн" гэх мэт татварын эрх зүйн зарим онол татварыг эдийн засгийн хөгжил болон зохицуулалтын үндсэн гол хүчин зүйлийн нэг гэж үздэг байна.

Тодорхой төрлийн татварын хуулиар уг татварыг юунд ногдуулах өөрөөр хэлбэл "хөрөнгөд ногдуулах" эсвэл "орлогод ногдуулах"-ын алин болох, мөн тухайн татвар ногдох "хөрөнгө, орлогын хүрээг тодорхойлдог улс орнуудын болон өөрийн орны өмнөх хуулиудын жишгээр Улсын Их Хурал 2006 оны 5 дугаар сарын 12-ны "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар"-ыг Татварын ерөнхий хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулан 16 дугаар зүйлд 9 дэх заалтаар нэмж, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг баталсан.

Энэ хуулийн 6.2 дахь хэсэгт: "Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох ерөнхий зарчмыг "дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монгол банкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно" гэж заасан бөгөөд энд "дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнэ" гэдэг нь бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс олсон орлого буюу тухайн албан татварыг ногдуулах орлогыг тодорхойлоход хэрэглэх 1 унци алтны үнийг Монголбанк зарлахаар заасан болно.

Мөн хуулийн 7 дугаар зүйлд "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хувь хэмжээг "энэ хуулийн 6.1, 6.2 -т заасны дагуу тодорхойлсон орлогоос 68 хувиар" тооцож албан татвар ногдуулахаар тогтоосон байна. Гэтэл иргэн Б.Баяраа "Монголбанк нь алтны ханшийг өөрчлөн зарлаж татвар ногдуулах нэмэгдэл орлогыг тодорхойлох замаар Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж байна" гэсэн нь үндэслэлгүй буруу бөгөөд алтны үнэ /Монголбанкнаас зарласан/ болон үнийн өсөлтөд ногдуулах татварын хувь хэмжээг, мөн "үнэ ханш зарласан" үйл ажиллагааг "албан татвар тогтоохтой" хооронд нь эндүүрсэн хоёр өөр зүйлийг жишиж холбосон нь ойлгомжгүй байна.

Иргэн Б.Баяраа мэдээллийнхээ 1.1/ болон 2/-т дэлхийн зах зээлийн үнийг харгалзан гэсэн нь буруу байна, дэлхийн зах зээлийн үнийг шууд баримтлан 1 унци алтны үнийг Монголбанк зарлана гээгүй байна гэсний тухайд:

"Дэлхийн зах зээлийн үнэ" -гэснээр Монголбанк нь дэлхийн хэмжээнд үнэ зарладаг хэд хэдэн том биржийн үнэд үндэслэн 1 унци алтны үнийг зарлах боломж олгосон гэж үзэж байна. Иргэн Б.Баяраагийн мэдээлэлд дурдьсанчлан Монголбанк нь нэг биржийн үнийг шууд өөрчлөлгүй зарлах нь учир дутагдалтай болно гэж үзэж байна.

Нөгөө талаар Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 3.1.1 болон 4.1.4 дэх заалтад "дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монгол банкнаас зарласан 1 унци алтны үнэ" гэсэн хуулийн заалт нь өөрөө Монголбанкинд тухайн ханшийг зарлах эрх олгосон заалт болно.

Иргэн Б.Баяраа мэдээллийнхээ 2-т Улсын Их Хурлын шийдвэр, үйл ажиллагаа нь "Хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай" хуулийн дагуу явагддаг. Гэтэл зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчсөн, хууль санаачлагч нь санаачилсан хуулийнхаа төслийн талаар Засгийн газрын болон холбогдох бусад байгууллагын санал, дүгнэлтийг аваагүй гэсний тухайд:

Улсын Их Хурал үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай Улсын Их Хурлын тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрддөг бөгөөд Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны зөвхөн нэгэн хэсэг буюу "…хууль санаачлагч хууль санаачлах эрхээ хэрэгжүүлж хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэхтэй холбогдсон харилцааг" зохицуулдаг билээ.

Улсын Их Хурлын тухай хуулийн 32.1 дэх хэсэгт: Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ гагцхүү чуулганаар хэрэгжүүлэх бөгөөд нэгдсэн болон байнгын хороодын хуралдааныг бэлтгэн явуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой бусад асуудал хэлэлцэх, санал хураах, батлах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтална гэж заасан байна.

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хувьд уг хуулийн 6.1.1 дэх заалт болон 4.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэж гаргасан шийдвэр байсан юм.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн "Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай 36 дугаар зүйлд:

-Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурлын хуралдааны дэгд заасан журмын дагуу шийдвэрлэхээр заасан,

-Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн Гуч дахь хэсэгт Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журмыг тогтоосон бөгөөд 30.1.5-д "хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол тухайн хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна" гэсний дагуу хэлэлцүүлгийн дүнгээр тухайн өөрчлөлт орсон бөгөөд энэ хуулийг аль нэг гишүүн санаачлаагүй дэгийн дагуу Байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулж чуулганд оруулсан болно.

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн хэсэг заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн анхны болон нэмэлт мэдээлэл нь бодитой биш түүнийг үндэслэх үндэслэл олдохгүй байгаа байдал харагдаж байна. Учир нь иргэн Б.Баяраа өөрийн мэдээлэлд дээрхи хуулийн зүйл нь Үндсэн хууль зөрчсөнийг тайлбарлаж үндэслэл гаргахдаа 1/ Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2006 оны дүгнэлтийн дагуу Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа тухайн төслөөр Засгийн газраас санал аваагүй гэжээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авсны дүнд аливаа хуульд өөрчлөлт оруулах тохиолдолд хуульд өөрчлөлт оруулахдаа Засгийн газраас санал авах хуулийн заалт, дэг байхгүй учраас энд холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй болно.

Иргэн Б.Баяраа дараагийн үндэслэлдээ: "Татвар давхардуулан ногдуулахгүй байх талаар татварын багц хуулиудад хуульчилсан бөгөөд тухайлбал Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал гэсэн 12 дугаар зүйлийн 12.1.14 дэх хэсэгт "төсөвт төлөхөөр тайлагнасан онцгой, үл хөдлөх эд хөрөнгийн болон зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар, үндсэн хөрөнгөөс бусад импортын бараа, материал, түүхий эдийн гаалийн албан татвар, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газар, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж " буюу дээрх татваруудыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхөд давхардуулахгүй байх үүднээс хасч тооцохоор хуульчилсан байна" гээд цааш нь давхар татвараас иргэдэд үүсэх дарамтын талаар бичсэн байна. Энд дурдсан давхар татварын асуудал нь Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хуулийн 6 дугаар зүйл буюу дээрхи хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөнтэй хамаагүй, Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд үл хамаарах асуудал гэж үзэж байгаа юм" гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Улсын Их Хурлаас 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-ийн "алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монгол банкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг; 6 дугаар зүйлийн 6.2 -ийн "Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монгол банкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно"; 7 дугаар зүйлийн 7.1-ийн "Энэ хуулийн …, 6.2 -т заасны дагуу тодорхойлсон орлогоос 68 хувиар тооцож албан татвар ногдуулна" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "шударга ёс, тэгш байдал…-ыг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3/-ын "хуулиар ногдуулсан албан татвар төлөх" гэсэн заалтыг зөрчөөгүй болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна.

1. Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан "Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг"-ийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д "хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол тухайн хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна", 30.1.7-д "энэ дэгийн 30.1.5-д заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй" гэж тус тус заажээ.

Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн тухай Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2006 оны 12 дугаар сарын 19, Төсвийн байнгын хорооны 2006 оны 12 дугаар сарын 20, түүнчилэн Улсын Их Хурлын 2006 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс үзэхэд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад буй "Лондонгийн металлын бирж дээрхи" гэснийг "дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан" гэж өөрчлөн найруулахдаа Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авах шаардлагагүй болох нь тодорхой байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д зааснаар "хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах" нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах бөгөөд Улсын Их Хурлын энэхүү онцгой бүрэн эрхийг Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Татвар бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна", 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Татварыг Улсын Их Хурал хуулиар бий болгож, өөрчилж, хүчингүй болгоно", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал... тогтооно" гэж тус тус нарийвчлан хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн заалт нь татварыг бий болгох, тэдгээрийн хувь хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.

Гэвч Үндэсний татварын Ерөнхий газрын даргын 2006 оны 119 дүгээр тушаалаар баталсан "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал"-ын 4.3-т "олборлосон алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ...нь зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар ногдох орлогыг тодорхойлоход хамаарахгүй" гэж; мөн дээрхи татвар, төлбөрийг хэрхэн ногдуулж байгаа талаар Худалдаа, хөгжлийн банк, Анод банк, Зоос банк, Улаанбаатар банкнаас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар, шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон үнийн өсөлтийн албан татварыг давхардуулан ногдуулж байгаа нь нотлогдож байгаа тул Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яам, агентлаг хууль батлах, хэрэгжүүлэх ажиллагаандаа уг зөрчлийг арилгах арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-ийн "алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монгол банкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг; 6 дугаар зүйлийн 6.2 -ийн "Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монгол банкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч тооцно"; 7 дугаар зүйлийн 7.1-ийн "Энэ хуулийн …, 6.2 -т заасны дагуу тодорхойлсон орлогоос 68 хувиар тооцож албан татвар ногдуулна" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "шударга ёс, тэгш байдал…-ыг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3/-ын "хуулиар ногдуулсан албан татвар төлөх" гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Ж.БОЛДБААТАР

Ж.АМАРСАНАА

Ч.ДАШНЯМ