A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 

Дугаар 95

Улаанбаатар хот

"ХӨДӨӨГ ХОРШООЛОХ АЯН"-Ы ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөөгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг хөдөлмөрөө сайн дурын үндсэн дээр хорших, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тогтолцоог бий болгох бэлтгэл ажлыг хангах зорилгоор "Хөдөөг хоршоолох аян"-ыг эхлүүлэн хэрэгжүүлэх тухай Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны санаачлагыг дэмжсүгэй.

2. "Хөдөөг хоршоолох аян"-ыг улсын хэмжээнд эхлүүлэх зохион байгуулалтын ажлыг Хоршооллын олон улсын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хороонд хариуцуулсугай.

3. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор жишиг хоршоодыг сумдад байгуулах, хоршоодын холбоодтой гэрээ байгуулан хамтран ажиллахад шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгах, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд Д.Хаянхярваа, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

4. "Хөдөөг хоршоолох аян"-ыг орон нутагт зохион байгуулах төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. "Хөдөөг хоршоолох аян"-ы хүрээнд хэрэгжүүлэх ажлыг Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо болон хоршооллын бусад холбоотой гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлэн дэмжлэг үзүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам"-ын 4.1.1-ийн "жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх" гэснийг "жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоог хөгжүүлэх" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ