A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 

Дугаар 116

Улаанбаатар хот

Улсын Их Хурлын 2010 оны 39, Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

1. Иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Монгол Улсын нийт иргэнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшүүлэх талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан), "Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн төв" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам нарт зөвшөөрсүгэй:

1.1. Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх;

1.2. 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх;

1.3. Энэ тогтоолын 1.1, 1.2 дугаар зүйлд заасны дагуу иргэдэд эзэмшүүлэх хувьцаанаас Улсын Их Хурлын 2011 оны 53 дугаар тогтоолын дагуу Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцох.

1.4 Энэ тогтоолын 1.3-т заасны дагуу хасч тооцсон хувьцааны төлбөрийг "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь хувьцааны төлбөр хүлээн авах тусгай дансанд төлсөн иргэнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг буцаан эзэмшүүлэх. /ЗГ-ын 2012-6-13-ны 201-р тогтоолоор нэмсэн/

2. Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоолын дагуу эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах иргэний хүсэлтийг хүлээн авч, иргэдийн нэрс, худалдах хувьцааны тоог нэгтгэн гаргах ажлыг 2012 оны 6 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.

3. Улсын Их Хурлын 2012 оны 39 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн "б"-д заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгжүүдээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг худалдаж авах талаар өөрийн харьяалагдах татварын хэлтэст 2012 оны 6 дугаар сарын 1-ний дотор ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хувьцааг нэрлэсэн үнээр нь тэнцүү хэмжээгээр худалдах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал), Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаа нарт даалгасугай.

4. Энэ тогтоолын 3 дугаар зүйлд заасан аж ахуйн нэгжид худалдсан хувьцааны орлогоос бүрдэх хөрөнгийг иргэдээс худалдан авах хувьцааны төлбөрийг санхүүжүүлэх, эсхүл иргэдийн хүсэлтийг үндэслэн иргэдийн банкны зээл болон орон сууцны төлбөрт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд тус тус даалгасугай.

5. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийн талаархи саналыг Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр 2012 оны 5 дугаар сарын 1-ний дотор нэрлэсэн үнийг зохих журмын дагуу тогтоохыг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд даалгасугай.

6. Хувьцаагаа худалдах иргэдийн хувьцааг багцалж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах нөхцөл, боломжийн талаар судалж, Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд даалгасугай.

7. Энэ тогтоолд заасан арга хэмжээг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалахаас өмнө зохион байгуулан ажлын явц, үр дүнг 14 хоног тутамд Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваа, Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ