Хэвлэх DOC Татаж авах
ЗАСГИЙН ГАЗРЫН 2010 ОНЫ 299 ДҮГЭЭР ТОГТООЛЫН 3 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ЗАСГИЙН ГАЗРЫН 2010 ОНЫ 299 ДҮГЭЭР ТОГТООЛЫН 3 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр   Улаанбаатар хот





Дугаар 05

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат /илтгэгч/, Ж.Болдбаатар, Ц.Сарантуяа, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Г.Мөнхболд, Засгийн газрын итгэмжилсэн төлөөлөгчид Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Геологийн бодлогын газрын орлогч дарга С.Баттулга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат нар оролцов.
Хуралдаанаар Засгийн газрын “Журам батлах тухай” 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын 3 дахь заалтад “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасугай.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 3, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэв.
Нэг. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч, иргэн Ганбатын Мөнхболд 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ:
“Монгол Улсын Их Хурал 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан.
Гэхдээ уг хуулийн биелэлтийг хангах, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүсэх зохицуулалт шаардлагатай олон харилцаа болон үр дагаврын асуудлыг уг хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулаагүй орхисон. Тухайлбал, ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хэрхэн хамгаалах, нөхөх олговрын үнэлгээг хэн, ямар шалгуур, аргачлалыг баримтлан, ямар хүчин зүйлсийг харгалзан тогтоовол зохих, нөхөн олговрыг төлж барагдуулах хэлбэр, нөхцөл зэрэг олон чухал асуудлыг зүй нь дээрх хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай байсан боловч Засгийн газар холбогдох журмыг гаргана гэх нэрээр хууль тогтоогч асуудлыг нээлттэй орхижээ.
Мөн түүнчлэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрлийг энэ хууль батлагдсанаас хойш 5 сарын хугацаанд цуцална.” гэж заасан байх боловч Засгийн газар нөхөх олговор олгох журмыг дөнгөж 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 299 дүгээр тогтоолоороо баталсан...
...Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасугай” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3, Зургадугаар зүйлийн 4, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 болон 2, Арван зургадугаар зүйлийн 3, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн Үндсэн хуулийн бус буюу Үндсэн хууль зөрчсөн шийдвэр болсон байна. Эдгээрийн хууль зүйн үндэслэлийг нэг бүрчлэн доорхи байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Нэг. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг тус тус зөрчсөн тухай:
Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө.” гэж тус тус заажээ.
Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтын дагуу төр, түүний байгуулал нь эрх мэдлийн гурван салаа мөчрийн нэгдэл байх бөгөөд түүний нэгэн салаа мөчир нь гүйцэтгэх эрх мэдэл, түүнийг хэрэгжүүлэгч институци нь Засгийн газар билээ. Иймд энд дурдагдаж буй төр гэдэгт Засгийн газар хамаарна. Үндсэн хуулийн эл заалтын дагуу өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах, өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх, зөрчихгүй байх үүрэг Засаг газарт ногдож байна.
Олон улсын хэмжээнд тогтсон ойлголтоор ашигт малтмал эрэх /mineral prospecting or search from mineral or placer mineral/, хайх /mineral exploration/ үйл ажиллагаа явуулах, эл ажлын үр дүнд олж илрүүлсэн ашигт малтмалыг олборлох /mineral mining/, улмаар боловсруулах буюу үйлдвэрлэх /the production of a mineral or placer mineral/ зэрэг үйл ажиллагааг нийтэд нь mining activity буюу олборлох үйл ажиллагаа гэдэг ажээ.
Дээр дурдсан үйл ажиллагааг эрхлэх эрхийг олборлох эрх буюу mining right гэнэ. Уг эрхийг үнэлж, бусдад шилжүүлж, барьцаалж болдог явдал нь түүнийг эдийн засгийн эргэлтэд ордог хөрөнгө буюу өмчлөлийн зүйл байж болохыг нотолж байгаа хэрэг юм. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олж авсан олборлох эрх тухайн этгээдийн субъектив эрх буюу өмчлөх эрхэд хамаарах бөгөөд Үндсэн хуулийн дээрх зүйл заалтын дагуу хуулиар хамгаалагдана. Тэгэхээр олборлох эрхийг хамгаалах, хүндэтгэх, зөрчихгүй байх үүрэг Засгийн газарт ногдоно.
Олборлох эрх бүхий этгээд буюу өмчлөгч этгээд өөрөө хүссэн /бусдад худалдсан гэх мэт/, эсхүл уг эрхийг хүчингүй болгоход хүргэх үр дагавар бүхий зөрчил гаргаснаас бусдаар өмчлөх эрхийг хязгаарлах, дуусгавар болгох тохиолдолд энэ тухай тусгайлсан хууль гаргах буюу хуульд эрхийг хязгаарлах, дуусгавар болгох үндэслэлийг заах шаардлага зүй ёсоор тавигддаг.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авах нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заажээ.
Аливаа субъектив эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр, хуульд заасан журмын дагуу хязгаарлаж, түүнд халдаж болно. Олборлох эрх нь дээрх өгүүлсэнчлэн өмчлөлийн зүйл болох учир гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу, зохих нөхөх олговор олгосны үндсэн дээр уг эрхийг хязгаарлах буюу дуусгавар болгоно.
Иймд Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлээр нөхөх олговрын үнэлгээг тооцоолон тогтоож, тогтоосон хэмжээний нөхөх олговрыг олгохоос өмнө олборлох эрх бүхий этгээдийг “...уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг...” тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд явуулахыг хориглосон нь бодит байдалд олборлох эрх буюу тусгай зөвшөөрлийг цуцалснаас өөрцгүй үр дагаврыг бий болгож байх бөгөөд ингэснээрээ Засгийн газар өөрт нь хуулиар ногдуулсан үүргийг “зөрчиж гүйцэтгэсэн”, Үндсэн хуулийн дээрх зүйл, заалтуудыг зөрчсөн үйл ажиллагаа болжээ.
Хоёр. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн тухай.
Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арсьны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэжээ.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.”, мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1 дэх хэсэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй.” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд дурдсан шинж байдал бүхий газар нутагт аливаа төрлийн ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, харин энэхүү хориглолтод гагцхүү стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд л хамаарахгүй ажээ. Гэтэл Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлд “...бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт... үйл ажиллагаа зогсоохыг...” хэмээн зөвхөн алт, тэр дундаа шороон ордод олборлох эрхээ хэрэгжүүлж байгаа этгээдүүдэд хамааралтай байдлаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлж байгаа нь хүн бүр хууль, шүүхийн эрх тэгш байх, аливаа ялгаварлан гадуурхлаас ангид байх хүний эрх, эрх чөлөөний тулгуур баталгааг үгүйсгэж, зөрчсөн үйл ажиллагаа болсон байна.
Гурав. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн тухай.
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах...”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна.” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч дээд байгууллага бөгөөд төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүрэгтэй байгууллага юм. Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоол нь уг тогтоолыг гаргах үндэслэл болсон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуультай нийцээгүй, уг хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, уг хуулиар ногдуулсан үүргийг зөрчиж гүйцэтгэсэн шийдвэр болсон.
Засгийн газар нь үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хөдөлбөргүй баримтлан ажиллах үүрэгтэй боловч энэ тохиолдолд ингэж ажилласангүй. Засгийн газрын 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйл нь уг тогтоолыг гаргах үндэслэл болсон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг зөрчиж, олборлох эрх бүхий этгээдийг ялгаварлан гадуурхаж, зөвхөн алтны шороон ордод үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн үйл ажиллагааг хориглон зогсоосон, нөхөх олговрыг олгохоос тусгай зөвшөөрлийг цуцалснаас өөрцгүй үр дагавар бүхий хориглолтыг тогтоосон хууль бус үйл ажиллагаа юм.
Иймд Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 болон 3, Арван зургадугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 болон 2, Нэгдүгээр зүйлийн 2, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн болохыг тогтоолгох шаардлагыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргаж байна” гэжээ.
Хоёр. Монгол Улсын Ерөнхий сайдын 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр захирамжаар томилогдсон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Геологийн бодлогын газрын орлогч дарга С.Баттулга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчны байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат нар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан дээр хийсэн тайлбартаа:
“Алтны шороон ордын үйл ажиллагааг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.” гэж заасныг үндэслэн зогсоосон. Ийнхүү зогсоохоос өмнө 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоосон. Ашигт малтмалын газраас өгсөн 254 зөвшөөрөл бүхий алтны шороон ордын жагсаалтын дагуу бид энэ шийдвэрийг гаргасан. Хуулийн дагуу таван сарын хугацаанд хийж гүйцэтгэх ёстой ч Засгийн газрын нөөц бололцоо, хүн хүч хүрэлцээгүй учраас бид хилийн зааг тогтоох ажлыг 2 жилийн хугацаанд хийж дуусгасан.
Энэ хуулийн хүрээнд Засгийн газраас гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоох, хилийн заагт ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох, байгаль орчныг нөхөн сэргээх, нөхөн олговор олгох журам баталж, хэрэгжүүлэх зэрэг ажлыг үе шаттайгаар хийх үүргийг холбогдох яам, агентлагт өгч, хяналт тавьж ажиллаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Засгийн газрын “Журам батлах тухай” 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын 3-т “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасугай.” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Засгийн газрын “Журам батлах тухай” 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын 3 дахь заалтад “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасугай.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;”, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах...” гэснийг тус тус зөрчөөгүй байна.
2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН
ГИШҮҮД П.ОЧИРБАТ
Ж.БОЛДБААТАР
Ц.САРАНТУЯА
Б.ПҮРЭВНЯМ