Хэвлэх DOC Татаж авах
ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1997 ОНЫ 24 ДҮГЭЭР ТОГТООЛ, ТҮҮНИЙ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН САНАЛ ХУРААЛТ МОНГОЛ УЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН Т О Г Т О О Л
ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1997 ОНЫ 24 ДҮГЭЭР ТОГТООЛ, ТҮҮНИЙ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН САНАЛ ХУРААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ/Тогтоол/

1997 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 3

Үндсэн хуулин цэцийн бүрэн бүрэлдэхүүнтэй /их суудлын/ хуралдааныг Цэцийн дарга С.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан /илтгэгч/, Н.Жанцан, Ж.Бямбаа, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав, Ч.Энхбаатар, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв.
Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэн С.Зориг, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайханбилэг, Б.Энэбиш нар оролцов.
Хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооны иргэн Санжаасүрэнгийн Зоригийн гомдлоор үүссэн Импортын барааны гаалийн татварын тухай Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоол, түүний анхны хэлэлцүүлгийн санал хураалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв.
1. Иргэн С.Зориг Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Импортын барааны гаалийн татварын тухай 1997 оны 04 дүгээр сарын 18-ны Монгол Улсын Их Хурлын 24 тоот тогтоолын нэг дэх хэлэлцүүлгийн санал хураалтыг 1997 оны 4 дүгээр сарын 11-ний 16 цаг 48 минутад явуулсан байдал нь Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүдийн дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь энэ үед явуулсан санал хураалтад оролцсон гишүүдийн нэрсийн жагсаалтыг цахим тооцоолуураас авч үзэхэд АНУ-д томилолтоор явж байсан гишүүн Д.Дашпүрэв санал хураалтад оролцсноор гарчээ. Үндсэн хууль зөрчиж гаргасан тогтоолыг хүчингүй болгож, шинээр хэлэлцүүлэг явуулан батлуулах, цаашдаа УИХ-ын хуралдааныг зөвхөн хуулийн хүрээнд явуулж байх нь хуулийг дээдлэх ажлыг төр өөрөөсөө эхэлж, нийт иргэддээ үлгэр дууриал болох юм гэжээ.
2.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энэбиш, Ч.Сайханбилэг нар Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд /дунд суудлын/ оролцож тайлбарлахдаа: “
“Импортын барааны гаалийн татварын асуудлыг хэлэлцсэн УИХ-ын 1997 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 16 цаг 48 минутын хуралдаанд 53 гишүүн оролцож, хурал хуульд заасан ирцтэй байсны сацуу хоёрхон минутын дараа 53 гишүүн оролцож дээрх тогтоолыг баталжээ. Санал хураалтын компьютерийн системийн гарууд бүгд согогтой бөгөөд түүнд үндэслэн санал хураалтыг буруу явагджээ гэж үзэхэд хүндрэлтэй, энэ талаархи баримтыг гаргаж өгсөн болно. Гишүүд өөр гишүүний буюу хажуу талын гишүүнийхээ товчлуурыг дарах тохиолдол хааяа бий. Улсын Их хурал 51 гишүүний оролцоогүйгээр асуудал шийдвэрлэх ёсгүй. Ийм байдалд хүрвэл хуралдааны дэг сахиулагч даргалагчид мэдэгдэж зохицуулах ёстой гэжээ.
3.Үндсэн хуулийн цэц иргэн С.Зоригийн гомдолтой маргааныг 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа авч хэлэлцээд:
1.Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 48 минутын санал хураалтын ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6, 29 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлүүдийг тус тус зөрчжээ.
2.Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 18-ны 24 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн 04 тоот дүгнэлтийг гаргажээ.
4.Үндсэн хуулийн цэцийн энхүү дүгнэлтийг Улсын Их Хурал 1997 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн:
1.Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот дүгнэлтийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
2.Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 04 тоот дүгнэлтийн 2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрсүгэй гэсэн 76 дугаар тогтоол гаргажээ.
5.Иргэн С.Зориг Үндсэн хуулийн цэцийн бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанд оролцож тайлбарлахдаа: Би өмнөх өргөдөл, тайлбараа дэмжиж байгаа тул дахин бичгээр тайлбар гаргах шаардлагагүй гэж үзлээ. Нэгэн зүйл нэмж тайлбарлахад Улсын Их Хурал хууль хэлэлцэж байхдаа эхний хэлэлцүүлгээрээ хууль зөрчсөн. Энэ зөрчлөө хэзээ яаж арилгах вэ? гэдгийг анхаармаар байна. Хууль батлах процесс зөрчигдөхөд хууль хүчинтэй байж болох уу, үгүй юу? гэдгийг иж бүрнээр авч үзэх шаардлагатай байна гэв.
6.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайханбилэг, Б.Энэбиш нар Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцсон болон албан бичгээр ирүүлсэн тайлбартаа: Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 04 тоот дүгнэлтийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үүнийг дараахь зүйлээр тайлбарлая.
1.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд тодорхойлон заасан асуудлаар дүгнэлт гаргах учиртай. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” асуудлаар дүгнэлт гаргадаг. Улсын Их Хурлын тогтоол нь Үндсэн хуульд нийцэж байхад дүгнэлтийнхээ нөгөө хэсэгт Улсын Их Хурлын хуралдааны санал хураалтын үйл ажиллагаа /процессын ажиллагаа/ нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргасан нь ойлгомж муутай байгаа юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэц өөрийнхөө дүгнэлт гаргах зүйлд хамаарагдахгүй асуудлаар дүгнэлт гаргажээ гэж үзэж байна.
2.Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 11-ний оройн хуралдааны ирц хүчин төгөлдөр байсан бөгөөд санал өгсөн гишүүд өөрсдийн нотолгоогоо гаргаж өгсөн. Иймд Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 11-ний оройн 16 цаг 48 минутын хуралдааны санал хураалтын ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
ХЯНАВАЛ:
1.Импортын барааны гаалийн татварын тухай Улсын Их хурлын 1997 оны 24 дүгээр тогтоолын төслийг Улсын Их Хурлын хуралдаанаар хэлэлцсэн анхны хэлэлцүүлэг Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6, 29 дүгээр зүйлийн 2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, энэ талаар гарсан Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот дүгнэлтийн нэг дэх заалт үндэслэлтэй байх тул Улсын Их Хурлын 1997 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 76 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
2.Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 04 тоот дүгнэлтийн хоёр дахь заалтыг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн байх тул энэ талаархи маргааныг Үндсэн хуулийн цэц дахин хянан хэлэлцэж тогтоол гаргах үндэслэлгүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 04 тоот дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 1997 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 76 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хүчингүй болгосугай.
2.Цэцийн энэхүү тогтоол нь гармагц хүчинтэй болохыг дурдсугай.
ДАРГА Г.СОВД
ГИШҮҮД Л.БААСАН
Н.ЖАНЦАН
Ж.БЯМБАА
С.ЖАНЦАН
Д.ЧИЛХААЖАВ
Ч.ЭНХБААТАР
Ж.БЯМБАЖАВ