www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИД БАТАЛГАА ГАРГАХ ТУХАЙ


МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2008 оны 11 сарын 25 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс баталгаа гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Баталгаа

2.1.Банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс гаргах баталгаа нь мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий, Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид хамаарна.

2.2.Энэ хуулийн 2.1-д заасан баталгаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 жилийн хугацаанд хүчинтэй байна.

2.3.Энэ хуулийн 2.2-т заасан баталгааны хугацаанд арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид учирсан хохирлыг төр бүрэн хариуцна.

2.4. Энэ хуулийн 2.1-д заасан баталгаанд иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны үлдэгдэл нэгэн адил хамаарна.

/Энэ хэсгийг 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.5.Банк энэ хуулийн 2.1-д заасан баталгаанд хамаарах иргэдийн мөнгөн хадгаламжийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг жил бүр Засгийн газрын Монголбанкин дахь тусгай дансанд төвлөрүүлнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

21 дүгээр зүйл. Баталгаанд үл хамаарах мөнгөн хадгаламж

21.1. Дараахь төрлийн мөнгөн хадгаламж энэ хуульд заасан баталгаанд хамаарахгүй:

21.1.1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан “холбогдох этгээд”-ийн банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламж;

21.1.2. банкинд хоёрдогч өглөг хэлбэрээр буюу тодорхой хугацааны дараа банкны хувьцаанд хөрвөх нөхцөлтэй байршуулсан мөнгөн хадгаламж болон тухайн мөнгөн хадгаламж эзэмшигчийн бусад мөнгөн хадгаламж;

21.1.3.Эрүүгийн хуульд заасан банк, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэрэг, түүнчлэн терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон этгээдийн өөрийн болон бусдын нэр дээр байршуулсан мөнгөн хадгаламж.

/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

21.1.4.банк хоорондын захаас болон гадаадын банк, санхүүгийн байгууллагаас татан төвлөрүүлсэн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдэл;

/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

21.1.5.банкинд зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын өр төлбөртэй этгээд, түүний холбогдох этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдэл;

/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

21.1.6.Монголбанкны бодлогын хүүгийн хэмжээнээс дээш давсан мөнгөн хадгаламжийн хүү.

/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Дээрх 21 дүгээр зүйлийг  2009 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

3 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

3.1.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА            Д.ДЭМБЭРЭЛ