www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ
2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 233

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, төрийн албыг боловсронгуй болгох, төсвийн зардлыг хямдруулах ажлын хүрээнд төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг бүтээгдэхүүн нийлүүлэх хэлбэрт шилжүүлэн гэрээгээр гүйцэтгүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл”-ийг хавсралт ёсоор баталж уг арга хэмжээг 2003 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлсүгэй

2. Энэхүү чиглэлд заасны дагуу ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхдээ одоо ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдыг хамруулан зохион байгуулсугай

3. Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг өөрийн эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах байгууллагынхаа онцлогт тохируулан чиглэл өгч ажиллаж ажлын явц, үр дүнг 2004 оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

4. Төрийн үйлчилгээний зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлж байгаа ажилчдын цалин, бусад зардлыг батлагдсан төсөвт хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр бараа,ажил,үйлчилгээ худалдан авах зардалд шилжүүлэн тайлан болон нягтлан бодох бүртгэлд тусгаж байхыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрсүгэй.

5. Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд төсвийн захирагчтай байгуулах үлгэрчилсэн гэрээний загварыг баталж мөрдүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН