www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/


/Энэ хуулийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 7 дугаар сарын 04-ний өдөрУлаанбаатар хот

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэх, Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 2 дугаар зүйл. Прокурорын байгууллага

2.1.Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг, бие даасан, хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага мөн.

3 дугаар зүйл.Прокурорын байгууллагын тухай хууль тогтоомж

3.1.Прокурорын байгууллагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 4 дүгээр зүйл.Прокурорын үйл ажиллагааны үндсэн зарчим

 4.1.Прокурорын үйл ажиллагаа нь нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, гадны нөлөөнд үл автах, хуулийг нэг мөр хэрэглэх зарчимд үндэслэнэ.

 5 дугаар зүйл.Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх

 5.1.Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим дараахь байдлаар хэрэгжинэ:

 5.1.1.дээд шатны прокурорын шийдвэрийг доод шатны прокурор заавал биелүүлэх, дээд шатны прокурорын шийдвэр нь хуульд нийцсэн байна;

 5.1.2.доод шатны прокурор нь дээд шатны прокурорын өмнө ажлаа хариуцан тайлагнах;

 5.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол дээд шатны прокурор нь өөрийн тодорхой бүрэн эрхийг доод шатны прокурорт шилжүүлэх;

 5.1.4.дээд шатны прокурор нь доод шатны прокурорын хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах;

 5.1.5.дээд шатны прокурор нь доод шатны прокурорын үйл ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлыг хянан шийдвэрлэх.

5.2.Дээд шатны прокурор гэж Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, аймаг, нийслэлийн, дагнасан болон дүүргийн прокурор, сум, сум дундын ахлах прокурорыг хэлнэ.

5.3.Энэ хуулийн 5.1.1-5.1.5 дахь заалтууд тодорхой хэргийн нотлох баримтыг прокурор өөрийн дотоод итгэлээр үнэлэхэд хамаарахгүй.

6 дугаар зүйл.Гадны нөлөөнд үл автах

6.1.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гадны нөлөөнд үл автан, гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг удирдлага болгоно.

6.2.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд бусад байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцож, дарамт шахалт үзүүлж болохгүй.

7 дугаар зүйл.Хуулийг нэг мөр хэрэглэх

7.1.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ орон нутаг, салбар, байгууллагын онцлогийг үл харгалзан хуулийг нэг мөр хэрэглэх явдлыг өөрийн чиг үүргийн хүрээнд хангана.

 8 дугаар зүйл.Прокурорын байгууллагын тогтолцоо

 8.1.Прокурорын байгууллага нь:

8.1.1.Улсын ерөнхий прокурорын газар;

 8.1.2.аймаг, нийслэлийн прокурорын газар;

 8.1.3.сум буюу сум дундын, дүүргийн прокурорын газраас бүрдэнэ.

8.2.Прокурорын газрыг ажлын шаардлага, хүн ам, нутаг дэвсгэрийн байдлыг харгалзан Улсын Их Хурал байгуулна. Прокурорын хяналтын ажлын онцлог, Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн дагнасан прокурорын газрыг байгуулж болно.

8.3.Прокурорын газар үйл ажиллагааныхаа чиглэлээр зохион байгуулалтын бүтцийн нэгж, алба болон ажлын аппараттай байна.

8.4.Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, дагнасан болон дүүргийн прокурорын дэргэд тэдгээрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар зөвлөх эрх бүхий зөвлөл ажиллана.

9 дүгээр зүйл.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа

9.1.Прокурорын байгууллагыг Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилсон Улсын ерөнхий прокурор толгойлно.

9.2.Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Улсын Их Хурал дэмжихгүй бол нэг удаа өөр хүний нэрийг дэвшүүлнэ.

9.3.Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн түүний орлогчийг Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд тэр нь Улсын ерөнхий прокурорын өмнө ажлаа хариуцна.

9.4.Улсын ерөнхий прокурорын эзгүйд түүний шийдвэрээр аль нэг орлогч бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ.

9.5.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийн хугацаа тэдгээрийг томилсон өдрөөс эхэлж, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг шинээр томилсноор дуусгавар болно.

9.6.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг эрүүгийн хариуцлагад татахтай холбогдуулж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Ерөнхийлөгч шийдвэрлэнэ.

9.7.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрх дараахь тохиолдолд Ерөнхийлөгчийн шийдвэр гарснаар хугацаанаас өмнө дуусгавар болно:

9.7.1.өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажилд томилсон буюу сонгосон;

9.7.2.чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан;

9.7.3.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

 9.7.4.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон.

10 дугаар зүйл.Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба

10.1.Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба /цаашид “Мөрдөн байцаах алба” гэх/ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар харьяалуулсан хэрэгт мөрдөн байцаалт явуулна.

10.2.Мөрдөн байцаах албанд албаны дарга, дэд дарга, ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаагч ажиллана.

10.3.Улсын ерөнхий прокурор нь Мөрдөн байцаах албаны бүтэц, дүрмийг баталж, албаны дарга, дэд даргыг томилж, чөлөөлнө.

10.4.Мөрдөн байцаах алба нь захиргааны удирдлага, аж ахуй, санхүү, боловсон хүчний хувьд бие даасан байна.

/Энэ зүйлийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/



ХОЁРДУГААР БҮЛЭГ
 Прокурорын эрх хэмжээ

11 дүгээр зүйл.Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих прокурорын хяналт

11.1.Прокурор захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх дараахь ажиллагаанд хяналт тавина:

11.1.1.төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх талаар явуулж байгаа ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх;

11.1.2.захиргааны журмаар таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх, түр саатуулах болон албадан саатуулах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэх;

11.1.3.түр саатуулах болон албадан саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэх.

11.2.Прокурор захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавихдаа дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.2.1.захиргааны эрх бүхий байгууллагад ирсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхийг хянах;

11.2.2.захиргааны журмаар таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх, түр саатуулах болон албадан саатуулах ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянаж, үндэслэлгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол хүчингүй болгох, саатуулагдсан этгээдийг суллах;

11.2.3. түр саатуулах болон албадан саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагааг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;

11.2.4.захиргааны шийтгэл үндэслэлгүйгээр оногдуулсан бол прокурор тогтоолоороо түүнийг хүчингүй болгох, өөрчлөх, шаардлагатай бол эрүүгийн хэрэг үүсгэж, харьяаллын дагуу шилжүүлж шалгуулах;

 11.2.5.захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагаас хэрэг бүртгэх ажиллагаа явуулж байгаа материалыг хянах, танилцах, тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр даалгавар өгөх;

11.2.6.хуульд тусгайлан заасан тохиолдолд захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагаас хүний эрх, эрх чөлөөг хөндсөн, хязгаарласан ажиллагаа явуулах үед хянаж зөвшөөрөл олгох;

11.2.7.захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

11.2.8.захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны талаар прокурорын байгууллагад гаргасан гомдлыг шалгаж шийдвэрлэх.

12 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих прокурорын хяналт

 12.1.Прокурор эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын дараахь ажиллагаанд хяналт тавина:

 12.1.1.эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад ирсэн гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгаж шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх;

 12.1.2.эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;

 12.1.3.эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх.

 12.1.4.сэжигтнийг баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болон байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээний хууль зүйн үндэслэлийг хянах;

 12.1.5.сэжигтнийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэх.

 12.2.Прокурор эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавихдаа дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 12.2.1.гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх, эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхийг хянах;

 12.2.2.шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах, хэргийг хянах, байцаан шийтгэх тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр даалгавар бичих;

 12.2.3.хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл, баримт бичиг хураан авах, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг битүүмжлэх, хураан авах, үзлэг хийх, цогцсыг оршуулсан газраас нь гаргаж авах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй сэжигтэн, яллагдагчийг сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт шилжүүлэх, хэргийн материалыг нийтэд мэдээлэх, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг нь хязгаарлах зэрэг ажиллагаа явуулахад зөвшөөрөл өгөх;

 12.2.4.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн буюу уг хэрэгт хувийн сонирхолтой болох нь тогтоогдвол түүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хянаж шийдвэрлэх, хэргийг өөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид шилжүүлэх;

 12.2.5.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хууль бус, үндэслэлгүй тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх;

 12.2.6.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон хяналтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах, албан тушаалтан, иргэнээс тайлбар гаргуулах, тодорхойлолт авах, албадан ирүүлэх;

 12.2.7.гэмт хэргийн шинж тэмдгийг хяналтаараа илрүүлсэн бол эрүүгийн хэрэг үүсгэн, харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлэх;

 12.2.8.хэрэг шалгах харьяаллыг тогтоох;

 12.2.9.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг шалгах, хэргийн материал хянах явцад илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

 12.2.10.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үйл ажиллагаа, шийдвэрийн талаар гарсан гомдлыг шалгаж шийдвэрлэх;

 12.2.11.баривчлах, цагдан хорих байранд ямарч цагт саадгүй нэвтрэн орох, хоригдож буй этгээдтэй биечлэн уулзах, хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон, эсхүл хууль болон шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар хоригдож байгаа этгээдийг нэн даруй суллах;

12.2.12.баривчлах, цагдан хорих, шийдвэрийг биелүүлэх ажиллагааг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;

 12.2.13.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн хугацааг сунгах;

 12.2.14.сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих буюу хорьж мөрдөх хугацааг сунгах, өөрчлөх, хүчингүй болгох, баривчлах болон энэ тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай саналыг шүүхэд гаргах;

 12.2.15.эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох, түдгэлзүүлэх, сэргээх, хэргийг шүүхэд шилжүүлэх ;

 12.2.16.эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоолыг батлах буюу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх.

 12.3.Хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж үзвэл прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулна.

 12.4.Энэ хуулийн 12.1, 12.2-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх журмыг Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон түүнд нийцүүлэн Улсын ерөнхий прокурорын баталсан аргачилсан заавар, журмаар тогтооно.

 12.5.Эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэргийн дугаар олгоно. Эрүүгийн хэргийн дугаар олгох журмыг Улсын ерөнхий прокурор тогтооно.

13 дугаар зүйл.Гүйцэтгэх ажилд тавих прокурорын хяналт

13.1.Улсын ерөнхий прокурор, түүний тусгайлан эрх олгосон прокурор гүйцэтгэх ажилд хяналт тавина.

13.2.Прокурор Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх ажилд хяналт тавина.

14 дүгээр зүйл.Ял эдлүүлэх шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт

14.1.Прокурор ял эдлүүлэх дараахь ажиллагаанд хяналт тавина:

14.1.1. баривчлах, хорих болон бусад төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;

14.1.2.баривчлах болон хорих ял эдлүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, дэглэмд нийцэж байгаа эсэх;

14.1.3.эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэж байгаа эсэх;

14.1.4.ял эдэлж байгаа этгээдийн хууль ёсны эрхийг хангаж байгаа эсэх.

14.2.Прокурор энэ хуулийн 14.1-д заасан ажиллагаанд хяналт тавихдаа дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.2.1.шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хугацаанд ирүүлэхийг шүүхээс шаардах;

14.2.2.баривчлах, хорих ял эдлүүлэх газарт ямар ч цагт саадгүй нэвтрэх, ял эдлүүлэх үндэслэл болсон тогтоол, шийдвэр, баримт бичигтэй танилцах, ялтантай биечлэн уулзах, шаардлагатай бол тайлбар гаргуулах, тодорхойлолт авах;

14.2.3.ял эдлүүлэлтийн байдлыг шалгах, танилцах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

14.2.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх талаар хуульд тусгайлан заасан тохиолдолд дүгнэлт гаргах, шинжээч томилох;

14.2.5.баривчлах, хорих ял эдлүүлж байгаа нөхцөл, дэглэмийг шалгах, хууль бусаар хоригдож байгаа хүнийг нэн даруй суллах;

14.2.6.тогтоол биелүүлэхийг хойшлуулах, торгох, албадан ажил хийлгэх ялыг өөр ялаар солих, өвчний учир ял эдлүүлэхээс чөлөөлөх, хугацаанаас өмнө ялаас чөлөөлөх, эдлээгүй үлдсэн ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих, гянданд эдлүүлэх ялыг хорих ангид эдлүүлэхээр солих, хорих ангид эдлэх ялыг гянданд хорихоор солих асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргах.

15 дугаар зүйл.Прокурор эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох

15.1.Прокурор эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно.

15.2.Улсын яллагч хууль болон хангалттай нотлох баримтад тулгуурласан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон шүүгдэгчийн гэм бурууг шүүхийн өмнө нотлох үүргийг гүйцэтгэнэ.

15.3.Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн гэм буруу нь нотлогдоогүй гэж улсын яллагч үзвэл яллахаас татгалзана. Улсын яллагч яллахаас татгалзвал энэ тухай үндэслэл бүхий дүгнэлт гаргана.

15.4.Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд гаргасан анхан шатны шүүхийн тогтоолд улсын яллагч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй. Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл Улсын ерөнхий прокурор хяналтын шатны шүүхэд эсэргүүцэл бичнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

15.5.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлээр прокурор шүүхэд дүгнэлт гаргана.

15.6.Шүүх хуралдаанд оролцох прокурорын бусад бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх журмыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтооно.

16 дугаар зүйл.Прокурор иргэний болон бусад төрлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох

 16.1.Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно.

/Энэ хэсэгт Yндсэн хуулийн Цэцийн 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон. Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.2. Прокурор энэ хуулийн 16.1-д заасан ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, /34/ дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

/Энэ хэсгийн “34” гэсэн хэсгийг Yндсэн хуулийн Цэцийн 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

16.3. Прокурор иргэний хэрэгт оролцохдоо нотлох баримтыг шаардаж авах эрхтэй.

16.4.Прокурорыг иргэний хэрэгт оролцуулах хүсэлт гаргасан тухайн төрийн байгууллага нь нотлох баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй.

16.5.Прокурор иргэний хэрэгт итгэмжлэлгүйгээр оролцоно.

16.6.Төрийн байгууллага хүсэлт гаргасан бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос прокурор татгалзах эрхгүй.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.7.Прокурор бусад төрлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хуульд заасан тохиолдолд оролцож болно.

16.8.Иргэний болон бусад төрлийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрт прокурор давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж болно.

 17 дугаар зүйл.Прокурорын үүрэг

17.1.Прокурор дараахь үүрэгтэй:

17.1.1.төрийн албан хаагчийн болон прокурорын ёс зүйн хэм хэмжээг сахих;

17.1.2.хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх;

17.1.3.албан үүрэгтэй нь холбогдож илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах.

 17.2.Прокурорын ёс зүйн дүрмийг Ерөнхийлөгч батална.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

18 дугаар зүйл.Улсын ерөнхий прокурорын бүрэн эрх

18.1.Улсын ерөнхий прокурор дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.прокурорын байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, удирдах;

18.1.2.Улсын Их Хурлаас баталсан төсвийг хуваарилах, түүнд багтаан прокурорын газруудын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох;

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

18.1.3.Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилуулах, чөлөөлүүлэх тухай саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;

18.1.4.харьяа прокурорыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах;

18.1.5.хуулийг хэрэгжүүлэх талаар прокурорын хяналтын болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд дагаж мөрдөх аргачилсан заавар, журам гаргах;

 18.1.6.прокурорын байгууллагын дотоод асуудлаар тушаал гаргах;

18.1.7.гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хуулийн заалтыг хэрэгжүүлэх заавар, журам хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж зөвшөөрөл олгох, тухайн заавар, журмыг Улсын ерөнхий прокурор хянаж зөвшөөрөөгүй бол дагаж мөрдөхгүй;

 18.1.8.хуулиар тогтоосон бусад бүрэн эрх.

 19 дүгээр зүйл.Улсын Их Хуралтай харилцах

 19.1.Улсын ерөнхий прокурор эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар жилд нэгээс доошгүй удаа Улсын Их Хуралд мэдээлнэ.

 19.2.Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн талаар Улсын ерөнхий прокурор санал, дүгнэлт гаргана.

 20 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчтэй харилцах

 20.1.Улсын ерөнхий прокурор прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар Ерөнхийлөгчид тогтмол танилцуулж байна.

20.2.Ерөнхийлөгчийн тавьсан хүсэлтийн дагуу Улсын ерөнхий прокурор өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар дүгнэлт гаргаж болно.

20.3.Ялтанд үзүүлэх уучлалын асуудлаар шаардлагатай тохиолдолд дүгнэлт гаргана.

 21 дүгээр зүйл.Засгийн газартай харилцах

 21.1.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний хүсэлтээр Улсын ерөнхий прокурор өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцож, санал дүгнэлт гаргаж болно.

21.2.Улсын ерөнхий прокурор шаардлагатай гэж үзвэл өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Ерөнхий сайдтай зөвшилцөн Засгийн газрын хуралдаанд асуудал оруулж болно.

 22 дугаар зүйл.Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах

 22.1.Улсын ерөнхий прокурор Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.

22.2.Улсын ерөнхий прокурорын ийнхүү гаргасан хүсэлт Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 23 дугаар зүйл.Улсын дээд шүүхтэй харилцах

23.1.Улсын ерөнхий прокурор Улсын дээд шүүхийн хяналтын журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичнэ.

 /Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

23.2. Улсын ерөнхий прокурор Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх асуудлаар тайлбар гаргуулахаар Улсын дээд шүүхэд санал оруулж болно.

23.3.Улсын ерөнхий прокурор Улсын дээд шүүхийн шүүгчдийн хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.

23.4.Улсын ерөнхий прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай баримт илэрвэл түүнийг шийдвэрлүүлэхээр Улсын дээд шүүхэд шилжүүлнэ.



ГУРАВДУГААР БҮЛЭГ
 Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэр

 24 дүгээр зүйл.Эрх зүйн хэлбэрийн төрөл

 24.1.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлага, мэдэгдэл, тогтоол, даалгавар, зөвшөөрөл, эсэргүүцэл гаргана.Тэдгээрийн загварыг Улсын ерөнхий прокурор батална.

24.2.Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрийн бусад төрлийг хуулиар тогтоож болно.

 25 дугаар зүйл.Прокурорын шаардлага

 25.1.Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, ял эдлүүлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар шаардлага бичнэ.

25.2.Прокурорын шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, уг зөрчил, түүний шалтгаан, нөхцлийг нэн даруй арилгах арга хэмжээ авч, 14 хоногийн дотор прокурорт хариу мэдэгдэнэ.

 26 дугаар зүйл.Прокурорын мэдэгдэл

26.1.Прокурор гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар мэдэгдэл бичнэ.

26.2.Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь мэдэгдэлд дурдсан шалтгаан, нөхцлийг арилгах арга хэмжээ авч, мэдэгдэлд заасан хугацаанд албан ёсоор хариу өгнө.

 27 дугаар зүйл.Прокурорын тогтоол

 27.1.Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн дагуу хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд тогтоол гаргана.

28 дугаар зүйл.Прокурорын даалгавар

 28.1.Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийн заалтыг хангуулах, хуулийг зөв хэрэглэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг цаг тухайд нь бүрэн бодитой явуулах арга хэмжээний талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид бичгээр даалгавар өгнө.

 29 дүгээр зүйл.Прокурорын зөвшөөрөл

 29.1.Шүүхээс зөвшөөрөл авахаас бусад тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байр, өмчийн халдашгүй байдлыг хөндсөн ажиллагаа явуулахад прокурор бичгээр зөвшөөрөл өгнө.

29.2.Прокурорын зөвшөөрөл энэ хуулийн 29.1-д заасан ажиллагааг явуулах албан тушаалтны шийдвэрийг батламжлах хэлбэрээр үйлдэгдэнэ.

30 дугаар зүйл.Прокурорын шийдвэрийг биелүүлэх

 30.1.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлэх үүрэгтэй.

30.2.Прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.

 30.3.Прокурорын шийдвэрийн талаар дээд шатны прокурорт гомдол гаргасан нь түүнийг биелүүлэх явдлыг зогсоохгүй.

 31 дүгээр зүйл.Прокурорын эсэргүүцэл

 31.1.Прокурор шүүх хуралдаанд оролцох чиг үүргээ биелүүлэхдээ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу эсэргүүцэл бичнэ.

31.2.Доод шатны прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна гэж үзвэл дээд шатны прокурор буцаан авч болно.

32 дугаар зүйл.Дээд шатны прокуророос доод шатны прокурорын шийдвэрийг заавал хянах

32.1.Доод шатны прокурорын шийдвэрийг дараахь тохиолдолд заавал хянана:

 32.1.1.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гомдол, өмгөөлөгч хүсэлт гаргасан;

 32.1.2.байгууллага, иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн;

 32.1.3.хүнд, онц хүнд хэргийг хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн ;

 32.1.4.прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулсан;

 32.1.5.дээд шатны прокурор даалгавар бичсэн;

 32.1.6.ялтанг хугацааны өмнө сулласан, өвчний учир ялаас чөлөөлсөн;

 32.1.7.улсын яллагч шүүх хуралдаанд яллахаас татгалзсан ;

 32.1.8.шүүхээс цагаатгах тогтоол гаргасан.



 ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
 Прокурорын үйл ажиллагааны баталгаа

33 дугаар зүйл.Улс төрийн баталгаа

 33.1.Прокурорын байгууллагад улс төрийн нам, эвсэл, холбоо, хөдөлгөөний үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Прокурор нь албан тушаал хаших хугацаандаа улс төрийн намын гишүүнээс түдгэлзэнэ.

33.2.Прокурор хууль ёсны эрх ашгаа хамгаалах, мэргэшлээ дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн болон төрийн бус бусад байгууллагад эвлэлдэн нэгдэх эрх эдэлнэ.

 33.3.Прокурор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөгөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй хандана.

33.4.Прокурор Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд албан тушаалаасаа чөлөөлөгдөх ба хоёр жилийн хугацаанд прокурорын албан тушаалд дахин томилогдох эрхгүй.

 34 дүгээр зүйл.Эдийн засгийн баталгаа

 34.1.Прокурорын байгууллагын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.

34.2.Прокурорын байгууллагын төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

34.3.Прокурорын цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. Прокурорын албан тушаалын цалингийн сүлжээ, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

34.4.Прокурорын байгууллагыг ажлын байр, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн болон техникийн хэрэгсэл, ажилтныг орон сууцаар хангах зэрэг үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцлийг бүрдүүлэхэд төрийн захиргааны байгууллага бүх талын дэмжлэг үзүүлнэ.

34.5.Прокурорын байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан прокурорт аминдаа орон сууц барих болон амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь зориулан төрөөс хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгнө.

 34.6.Улсын Ерөнхий прокурор нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаадаа тохирсон цалин авна.

/Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 35 дугаар зүйл.Нийгмийн баталгаа

 35.1.Хуульд зааснаас бусад тохиолдолд прокурорыг ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.

35.2. Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан прокурорын бие махбодид гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосон, түүнчлэн хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд прокурорт тэтгэвэр, тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадварыг түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгоно. Прокурор эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаас хэтэрсэн зардал, өвчтэй, эсхүл тахир дутуу болсон тохиолдолд түүний цалин хөлсийг бүрэн хэмжээгээр олгоно.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/

35.3.Прокурор албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан буюу албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон бол түүний ар гэрт 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно.

35.4.Энэ хуулийн 35.2, 35.3-д заасан тэтгэвэр, тэтгэмж, авч байсан цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэх, сонсголын аппарат авах, нөхөн сэргээх бусад эмчилгээ хийлгэх бол буцалтгүй тусламжийг улсын төсвөөс олгож, хуульд заасан тохиолдолд гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

35.5.Прокурор төрийн албаны талаархи хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, түүнд олгох цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана. 

35.6.Энэ хуулийн 35.5-д заасан баталгааг прокурорт эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг өөрөө хийнэ.

35.7.Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байна. 55 насанд хүрсэн эмэгтэй прокурор өөрийн хүсэлтээр тэтгэврээ тогтоолгох эрхтэй.

 35.8.Прокурор тэтгэвэрт гарахад албан тушаалынх нь 36 хүртэл сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

35.9.Прокурорын амь нас, эрүүл мэндийг заавал даатгах бөгөөд даатгалын төлбөрийг прокурорын байгууллагын төсвөөс төлнө.

35.10.Прокурорын ээлжийн амралтын үндсэн хугацааг Хөдөлмөрийн хуулиар7, нэмэгдэл амралтыг Хөдөлмөрийн тухай хууль болон энэ хуулиар тус тус тогтооно. Прокуророор ажилласан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт эдэлнэ.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

 36 дугаар зүйл.Хууль зүйн баталгаа

 36.1.Прокурорыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр, бусад прокурорыг Улсын ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, уналга болон биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

36.2.Прокурорыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан, эсхүл эрүүгийн хариуцлага татах хангалттай үндэслэл тогтоогдсон бол энэ тухай Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн талаар Ерөнхийлөгчид, бусад прокурорын талаар Улсын ерөнхий прокурорт 48 цагийн дотор мэдэгдэнэ.

36.3.Ерөнхийлөгч буюу Улсын ерөнхий прокурор 10 хоногийн дотор прокурорыг эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

36.4.Прокурорыг эрүүгийн хариуцлагад татахтай холбогдуулан түүний бүрэн эрхийг Улсын ерөнхий прокурор түдгэлзүүлж болно.

36.5.Прокурорыг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, уналга, албан тасалгаа болон биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийх шаардлагатай бол энэ хуулийн 36.2, 36.3-т заасан журмын дагуу зөвшөөрөл авна.

36.6.Бусад байгууллага, албан тушаалтан прокурорын хяналтын ажлыг Улсын ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр шалгах буюу албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдож илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцын талаар мэдээлэл өгөхийг прокуророос шаардаж болохгүй.

36.7.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна.

 361 дүгээр зүйл.Улсын ерөнхий прокурорын баталгаа

 361.1.Улсын ерөнхий прокурор дараахь баталгаагаар хангагдана:

 361.1.1.уналга, холбооны хэрэгслээр хангагдах;

 361.1.2.төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаанд тохируулан Улсын Их Хурлаас тогтоосон цалин, зайлшгүй шаардлагатай бусад хангамж авах буюу эдлэх;

 361.1.3.гадаадад байх, зорчих хугацаанд дипломат эрх ямба, дархан эрх эдлэх.

/Дээрх 361 дүгээр зүйлийг 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

 37 дугаар зүйл.Бусад баталгаа

 37.1.Прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

 37.2.Прокурор нь амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөнд нь шууд тулгарсан гэмт халдлагын аюулаас хамгаалахын тулд бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй.

37.3.Прокурор албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

37.4.Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан түүний өөрт нь болон гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул заналхийлсэн тохиолдолд тэдний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг цагдаагийн байгууллага хариуцна.

 38 дугаар зүйл.Прокурорыг үл хүндэтгэгчид хүлээлгэх хариуцлага

 38.1.Прокурорыг үл хүндэтгэгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.



 ТАВДУГААР БҮЛЭГ
 Прокурорын байгууллагын боловсон хүчин

 39 дүгээр зүйл.Прокурор

 39.1. Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадвараар шаардлага хангасан, хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй, эсхүл прокурорын туслах ажилтнаар хоёроос доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, хорин гурван нас хүрсэн Монгол Улсын иргэнийг прокуророор томилно.

/Энэ хэсэгт 2003 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хууль, 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон./

 39.2.Аймаг, нийслэлийн болон дагнасан прокуророор хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно.

39.3.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор гучин таван нас хүрсэн, хуульчийн мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно.

 40 дүгээр зүйл.Прокурорын тангараг

 40.1.Прокурор албан тушаалд томилогдохдоо: “ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж, прокурорын байгууллагын нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, гадны нөлөөнд үл автах, хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг гүнээ хүндэтгэн, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж, прокурорын ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөж явахаа тангараглая.Хэрэв миний бие өргөсөн тангарагаасаа няцвал хуульд заасан хариуцлагыг хүлээнэ” гэж тангараг өргөнө.

40.2.Прокурорын тангараг өргөх ёслолын журмыг Ерөнхийлөгч тогтооно.

 41 дүгээр зүйл.Прокурорын зэрэг дэв, бэлгэдэл, энгэрийн тэмдэг, дүрэмт хувцас

 41.1.Прокурор нь төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын итгэмжит зөвлөх, хууль цаазын ахлах зөвлөх, хууль цаазын зөвлөхийн зэрэг дэвтэй байна.

41.2.Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвийг Ерөнхийлөгчийн зарлигаар, бусад зэрэг дэвийг Улсын ерөнхий прокурорын тушаалаар олгоно.

41.3.Зэрэг дэв олгохдоо албан тушаалын ангилал, ажилласан хугацаа, мэргэшлийн түвшинг харгалзана.

41.4.Прокурорын байгууллага бэлгэдэлтэй байна.Прокурор энгэрийн тэмдэг хэрэглэнэ.

41.5.Прокурорын зэрэг дэв олгох дүрэм, бэлгэдэл, энгэрийн тэмдгийн загвар, тэдгээрийг хэрэглэх журмыг Ерөнхийлөгч батална.

41.6.Прокурор дүрэмт хувцастай байна.Прокурорын дүрэмт хувцсанд прокурорын зэрэг дэвийг тусгасан ялгах тэмдэг байна.Тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг Ерөнхийлөгч батална.

 42 дугаар зүйл.Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах

 42.1.Прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг шалгаж, дүгнэх Улсын ерөнхий прокурорын орлогч толгойлсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажиллана.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

42.2.Нийт прокурорын үйл ажиллагаа мэргэшлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэнэ.

42.3.Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ерөнхийлөгч батална.

421 дүгээр зүйл. Прокурорын ёс зүйн зөвлөл

421.1.Прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн тухай асуудлыг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий Прокурорын ёс зүйн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-тэй байна.

421.2.Зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд Зөвлөлийг Улсын ерөнхий прокурорын орлогч даргална.

421.3.Зөвлөл 11 гишүүнтэй байх ба зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байна.

421.4.Прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн тухай асуудлыг Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор шийдвэрлэнэ.

 421.5.Прокурорын ёс зүйн дүрэм, Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

/Дээрх 421 дүгээр зүйлийг 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

43 дугаар зүйл.Прокурорыг албан тушаалаас чөлөөлөх

 43.1.Улсын ерөнхий прокурор дараахь үндэслэлээр прокурорыг албан тушаалаас нь чөлөөлнө:

 43.1.1.өөрөө хүсэлт гаргасан;

 43.1.2.өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилсон буюу сонгосон;

 43.1.3.биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;

 43.1.4.энэ хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;

 43.1.5.мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй тухай мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсан.

 44 дүгээр зүйл.Сахилгын шийтгэл

 44.1.Прокурор хууль болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн, прокурорын ёс зүйн хэм хэмжээ, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэл оногдуулна:

44.1.1.сануулах;

 44.1.2.албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

 44.1.3.албан тушаал бууруулах;

 44.1.4.ажлаас халах.

 44.2.Прокурорын шийдвэр хүчингүй болсон буюу өөрчлөгдсөн нь түүний гэм буруугаас шалтгаалсан бол сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.

44.3.Прокурорын ёс зүй зөрчсөнөөс бусад үндэслэлээр аймаг, нийслэл, дагнасан болон дүүргийн прокурор нь энэ хуулийн 44.1.1, 44.1.2-т заасан сахилгын шийтгэлийг харьяа прокурорт оногдуулж болно.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

44.4.Прокурорын сахилгын дүрмийг Ерөнхийлөгч батална.

 44.5.Прокурор сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш нэг сарын дотор дүүргийн прокурор оногдуулсан бол нийслэлийн прокурорт, аймаг, нийслэл болон дагнасан прокурор оногдуулсан бол Улсын ерөнхий прокурорт, Улсын ерөнхий прокурор оногдуулсан бол шүүхэд тус тус гаргана.

44.6.Прокурор гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор Улсын ерөнхий прокурор түүнийг ажлаас нь хална.

 45 дугаар зүйл.Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч

 45.1. Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан Монгол Улсын иргэнийг мөрдөн байцаагчаар томилно.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 45.2.Мөрдөн байцаах албаны даргаар хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно.

45.3.Мөрдөн байцаах албаны дарга, мөрдөн байцаагч нь цагдаагийн адилтгах алба хаагчийн адил хэмжээний цалин хангамж, цол, нэмэгдлийг эдэлнэ.

/Энэ зүйлийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

46 дугаар зүйл.Прокурорын байгууллагын албан тушаалын бүрэлдэхүүн

 46.1.Улсын ерөнхий прокурорын газарт Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор болон хяналтын прокурор ажиллана.Туслах прокурор нь зохион байгуулалтын бүтцийн нэгж, албыг удирдаж болно.

46.2.Аймаг, нийслэл, дагнасан болон дүүргийн прокурорын газарт аймаг, нийслэл, дагнасан болон дүүргийн прокурор, түүний орлогч, туслах прокурор болон хяналтын прокурор ажиллана.

 46.3.Сум, сум дундын прокурорын газарт ахлах болон хяналтын прокурор ажиллана.

47дугаар зүйл.Прокурорын байгууллагын ажилтан

 47.1.Прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах зорилгоор Улсын ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэл, дагнасан болон дүүргийн прокурорын газарт прокурорын туслах ажилтан ажиллана.

 47.2.Прокурорын туслах ажилтны ажиллах журмыг Улсын ерөнхий прокурор тогтооно.

47.3.Прокурорын байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангах үүрэг бүхий захиргааны болон үйлчилгээний ажилтантай байна.

 47.4.Эрүүгийн хэргийн архивт архивын эрхлэгч, архивч ажиллана.

48 дугаар зүйл.Прокурорын байгууллагын боловсон хүчний сургалт

 48.1.Прокурорын байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах ажлыг Засгийн газар эрхэлнэ.

49 дүгээр зүйл.Прокурорын байгууллагын гадаад харилцаа

49.1.Улсын ерөнхий прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд гадаад улсын ижил төстэй байгууллага, олон улсын байгууллагатай шууд харилцаж хамтран ажиллах, тэдэнтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх буюу гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар хэлэлцээр байгуулж болно.



 ЗУРГАДУГААР БҮЛЭГ
 Бусад зүйл

50 дугаар зүйл.Прокурорын байгууллагын тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас

50.1.Прокурорын байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

51 дүгээр зүйл.Прокурорын байгууллагын хэвлэл, эрдэм шинжилгээний байгууллага

51.1.Прокурорын байгууллага хууль хамгаалах бусад байгууллагатай хамтарсан хэвлэл, эрдэм шинжилгээний байгууллагатай байж болно.

52 дугаар зүйл.Эрүүгийн хэргийн архив

52.1.Улсын ерөнхий прокурорын газарт эрүүгийн хэргийн төв архив, сум, сум дундын прокурорын газраас бусад прокурорын газарт түүний салбар архив ажиллана.

52.2.Эрүүгийн хэргийн архив хөтлөх зааврыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Улсын ерөнхий прокурор батална.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

53 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

53.1.Энэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР