www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ   ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.

2006 оны  7 дугаар сарын 8 -ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ.

2 дугаар зүйл.

2006 оны  7 дугаар сарын 8 -ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг эзэмшигч иргэн түүнийг үргэлжлүүлэн эзэмшихийг хүсвэл хууль тогтоомжийн дагуу компани, нөхөрлөл байгуулан шинэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэх, эсхүл шинэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий этгээдэд шилжүүлж болно.

3 дугаар зүйл.

Тусгай зөвшөөрөл /лиценз/ эзэмшигч нь түүнийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнийг энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоно.

4 дүгээр зүйл.

Энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинэчлэн бүртгүүлээгүй бол түүнийг цуцалсанд тооцох бөгөөд тухайн талбайд 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 20.1-д заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно.

5 дугаар зүйл.

2006 оны  7 дугаар сарын 8 -ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл /лиценз/ авсан этгээд өргөдөл гаргавал шинэ хуулийн дагуу түүнд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно.

6 дугаар зүйл.

2006 оны  7 дугаар сарын 8 -ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх үед тухайн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан тохиолдолд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг шинэ хуулийн дагуу тогтоож, гэрээ байгуулж болно.

7 дугаар зүйл.

2006 оны  7 дугаар сарын 8 -ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрийг төлөөгүй байгаа бол шинэ хуулийн дагуу уг төлбөрийг төлнө.

8 дугаар зүйл.

2006 оны  7 дугаар сарын 8 -ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө ирүүлсэн тусгай зөвшөөрөл /лиценз/ хүссэн өргөдлийг шинэ хуулийн дагуу шийдвэрлэнэ.

9 дүгээр зүйл.

2006 оны  7 дугаар сарын 8 -ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 39.7 дахь хэсгийг энэхүү хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дараа дагаж мөрдөнө.

10 дугаар зүйл.

2006 оны  7 дугаар сарын 8 -ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйл буюу хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах тухай заалтыг 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

11 дүгээр зүйл.

Энэ хуулийг 2006 оны  7 дугаар сарын 8 -ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                             Ц.НЯМДОРЖ