Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт:

“4.1.9.“мэргэшлийн түвшин” гэж ажилтны эзэмших мэдлэг, чадвар, гүйцэтгэх ажил, үүргийн төлөвшил, хариуцлага, хандлагын хүрээг стандартаар тодорхойлсон мэргэшлийн шатлалыг.”

2/61 дүгээр зүйл:

Хэвлэх

“61 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн байгууллагын тогтолцоо

61.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн байгууллагын тогтолцоо нь Зөвлөл, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын бүсийн арга зүйн төвөөс бүрдэнэ.”

3/8 дугаар зүйлийн 8.4.21-8.4.23 дахь заалт:

“8.4.21.мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааг нь зохион байгуулах;

8.4.22.мэргэжлийн боловсрол, сургалтын бүсийн арга зүйн төвийн бүтэц, орон тоо, дүрмийг баталж, менежерийг томилох, чөлөөлөх;

8.4.23.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах.”

4/8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг:

“8.5.Мэргэжлийн боловсрол, сургалтын бүсийн арга зүйн төв нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгын хэрэгжилтийг хангах, чадамжийн сан бүрдүүлэх, багшийг чадваржуулах, хөгжүүлэх, сургалт, судалгаа эрхлэх чиг үүрэгтэй байна.”

5/16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэг:

“16.8.Энэ хуулийн 16.4-т заасан бичиг баримтын загвар, бичиг баримт бүрдүүлэх, олгох журмыг Зөвлөлийн саналыг үндэслэн хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн Хоёр дугаар бүлгийн гарчгийн “удирдлага” гэсний дараа “, зохион байгуулалт” гэж,  8 дугаар зүйлийн гарчгийн “төрийн захиргааны” гэсний дараа “төв” гэж,  мөн зүйлийн 8.4.13 дахь заалтын “чөлөөлөх” гэсний дараа “, ажлын байрын тодорхойлолтыг батлах” гэж, 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсгийн “аж ахуйн нэгж” гэсний дараа “, иргэн” гэж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “үнэлэх, дүгнэх журмыг” гэсний дараа “хөдөлмөрийн болон” гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “түүнээс дээш зэрэгтэй,” гэсний дараа “эсхүл” гэж тус тус нэмсүгэй. 

3 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн дараах заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/6 дугаар зүйлийн 6.3.3 дахь заалт:

“6.3.3.мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилт, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх талаар мэдээлэл, илтгэл, зөвлөмж гаргах, чиглэл өгөх;”

2/8 дугаар зүйлийн 8.4.1 дэх заалт:

“8.4.1.мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр ойрын болон хэтийн төлөвлөгөө, дүрэм, журам, заавар, үзэл баримтлал, үндсэн чиглэл, хөтөлбөр, төслийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх;”

3/11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг:

“11.3.Мэргэжлийн боловсрол, сургалт нь өдрийн, оройн, хосмог, хөдөлмөр эрхлэлтийн зэрэг хэлбэртэй байж болно.”

4/12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэг:

“12.10.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн төлөөлөлд ажил олгогчийн төлөөлөл байх ба удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

5/14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:

“14.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-14 дүгээр зүйл, Боловсролын тухай хуулийн 21-24 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулах ба тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавих шаардлага, загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

6/16 дугаар зүйлийн 16.4.1-16.4.3 дахь заалт:

“16.4.1.мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрийг албан болон албан бус сургалтын хэлбэрээр эзэмшиж, үнэлгээнд тэнцсэн иргэнд мэргэжлийн диплом;

16.4.2.суурь боловсрол эзэмшсэний дараа 2.5-аас доошгүй жил суралцаж мэргэжлийн болон бүрэн дунд боловсролыг хамтад нь эзэмшсэн иргэнд энэ хуулийн 16.4.1-д заасан бичиг баримтаас гадна бүрэн дунд боловсролын гэрчилгээ;

16.4.3.мэргэжлийн тодорхой түвшний ур чадвар олгох сургалтад хамрагдаж чадамж эзэмшсэн иргэнд чадамжийн гэрчилгээ.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.6 дахь хэсгийн “Засгийн газар” гэснийг “хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэж, мөн зүйлийн 6.7 дахь хэсгийн “Засгийн газарт” гэснийг “хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд” гэж, 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийн “боловсролын” гэснийг “хөдөлмөрийн” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД