Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ

ХУУЛЬД  НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

1/17 дугаар зүйлийн 17.3.6 дахь заалт:

“17.3.6.энэ хуулийн 7.4, 17.3.4-т заасан болон бусад хуульд заасан асуудлыг хуралдаанаар шийдвэрлэх;”

2/25 дугаар зүйлийн 25.2.8 дахь заалт:

“25.2.8.хэрэг хуваарилах журмыг батлах;”

Хэвлэх

2 дугаар зүйл. 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

3 дугаар зүйл. 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“12.4.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн тус тус өргөн мэдүүлснээр Ерөнхийлөгч гурван жилийн хугацаагаар томилж, тухайн шүүхэд нэг удаа улируулан томилж болно.”

Хэвлэх

4 дүгээр зүйл. 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн “төлөөлөгчдийг” гэснийг “төлөөлөгчийг” гэж, “төлөөлөгчдийн” гэснийг “төлөөлөгчийн” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтын “10.2-т” гэснийг “9.2-т” гэж, 17 дугаар зүйлийн 17.3.3 дахь заалтын “шүүхийн танхимыг энэ хуулийн 19.3-т заасны дагуу” гэснийг “энэ хуулийн 15.2-т заасан танхимыг” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалтын “анхан шатны” гэснийг “давж заалдах” гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “2013 оны 7 дугаар сарын 01-ний” гэснийг “2013 оны 4 дүгээр сарын 15-ны” гэж, 17 дугаар зүйлийн 17.3.6 дахь заалтын дугаарыг “17.3.7” гэж, 25 дугаар зүйлийн 25.2.8 дахь заалтын дугаарыг “25.2.9” гэж тус тус өөрчилсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                              З.ЭНХБОЛД