Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Бага, дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 13.8-13.12 дахь хэсэг нэмсүгэй:

“13.8.Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа нэг багшид ногдох хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тоог боловсролын, нийгмийн хамгааллын, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

13.9.Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн боловсролын үнэлгээний журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

13.10.Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч тусгай мэргэжлийн багш, туслах багш, сэтгэл зүйч, сувилагч, сэргээн засалч, нийгмийн ажилтан ажиллуулж болно.

13.11.Ерөнхий боловсролын тусгай сургууль нь сэргээн засалтын кабинет, танхимтай байна.

13.12.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирсон заах арга эзэмшсэн байна.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Бага, дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтын “сэргээн засах” гэснийг “сэргээн засах, чийрэгжүүлэх, бие даалгах” гэж, мөн зүйлийн 13.6 дахь заалтын “эмч” гэснийг “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах, чийрэгжүүлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч, туслах багш, сэргээн засалч, сэтгэл зүйч” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД