Хэвлэх DOC Татаж авах

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

 

2013 оны 03 дүгээр сарын 06-ны өдөр                                                    Дугаар А/42                                                        Улаанбаатар хот

                                                                                                           

 

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

 

            Галт зэвсгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

 

            1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 157 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Галт зэвсэг нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох, галт зэвсэг нийтэд худалдах төвийг сонгон шалгаруулах журам”-ын гурав, тавдугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:

                        1/ гуравдугаар зүйлийн 3.9.1. дэх хэсэг:

            “3.9.1. Галт зэвсэг, сумыг нийтэд худалдах объект, агуулах нь дараах шаардлагыг хангасан байна:

  • Харуул хамгаалалттай, хамгаалалтын болон галын дохиоллын систем, гал унтраагч төхөөрөмж, хяналтын телекамераар тоноглогдсон байх;
  • Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан байх;
  • Галт зэвсэг, сумыг нийтэд худалдах объект нь худалдаа, үйлчилгээний танхим болон галт зэвсэг, сум хадгалах өрөөтэй байна. Худалдаа, үйлчилгээний танхим нь 250 м2-аас багагүй талбайтай байх;
  • Гадна хаалга нь 2.5 мм-ээс багагүй зузаантай төмрөөр бат бэх хийгдсэн байх; Ханан дахь цонх, агааржуулалтын хоолой болон инженерийн шугам, сүлжээний бусад нүх, онгорхой нь бат бэх төмөр сараалжин хаалттай байх;
  • Цахилгаан шугам сүлжээний холболтыг галд тэсвэртэй, сайн чанарын утсаар далд монтажлан байрлуулсан, автомат буугчтай, хамгаалалтын бүрхүүл бүхий гэрэлтүүлэг, нэгдсэн унтраалгатай байх;”

           

            2/ тавдугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:

            “5.4. Галт зэвсэг, сумыг нийтэд худалдах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь зөвхөн Төвөөр дамжуулан галт зэвсэг, сумыг нийтэд худалдан борлуулах бөгөөд үүнтэй холбоотой түрээсийн төлбөрийн хэмжээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтооно. Хэрэв талууд тохиролцож чадаагүй бол Хууль зүйн сайдтай зөвшилцсөний үндсэн дээр тогтооно.”

            2.Мөн журмын гуравдугаар зүйлийн 3.3 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

                        “3.3. Сонгон шалгаруулалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулагдсан 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс эрхлэн явуулна. Комисс нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон цагдаа, шүүхийн шинжилгээний байгууллагын төлөөлөгчдөөс бүрдэнэ.”

           

           

 

                                    САЙД                                                 Х.ТЭМҮҮЖИН