Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2012 он, №08)

1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

1/19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг:

"19.5.Авлигын болон албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байсан этгээдийг Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилохыг хориглоно."

2/Зургадугаар бүлгийн 321 дүгээр  зүйл:

"321 дүгээр  зүйл.Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих этгээд

321.1.Энэ хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад дараах байгууллага хяналт тавина:

321.1.1.Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо;

321.1.2.энэ хуулийн 321.1.1-д зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар;

321.1.3.Олон нийтийн зөвлөл нь Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон гүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажиллагаанд хяналт тавих."

Хэвлэх

2 дугаар зүйл.Авлигын эсрэг хуулийн дараах зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/7, 8 дугаар зүйл:

"7 дугаар зүйл.Хориглох зүйл

7.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно:

7.1.1.албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх;

7.1.2.бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах;

7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;

7.1.4.төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;

7.1.5.албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах;

7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах,  хэтрүүлэх;

7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;

7.1.8.үндэслэлгүйгээр хөрөнгөжих.

Тайлбар: Албан тушаалтан зургаан сарын албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзнэ.

8 дугаар зүйл.Авлигын тухай мэдэгдэх

8.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргийг хэрэгжүүлэхэд төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиар тогтоосон хязгаарлалт хамаарахгүй."

2/10, 11 дүгээр зүйл:

"10 дугаар зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах

10.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална.

10.2.Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч нь хөрөнгө орлогын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.

10.3.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.

10.4.Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргасан этгээд энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ бүртгүүлсний дараа хөрөнгө орлогод нь зургаан сарын цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний өөрчлөлт орсон бол түүнийг 30 хоногийн дотор мэдүүлж бүртгүүлнэ.

10.5.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.3, 10.4-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол гаргаж өгөөгүйд тооцно.

10.6.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хороонд, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч сонгуулийн тойргийн хороонд, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд сонгуулийн хуульд заасан хугацаанд тус тус хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргана.

10.7.Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо батална.

11 дүгээр зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах

11.1.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг дараах байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаанд бүртгэж, хадгална:

11.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, түүнчлэн Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар;

11.1.2.Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны  хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо;

11.1.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл;

11.1.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба;                         

11.1.5.бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтан.

11.2.Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн, сонгуулийн тойргийн хороо Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, холбогдох хуульд заасан журмын дагуу Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгнө.

11.3.Энэ хуулийн 11.1.4, 11.1.5-д заасан хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгийг авч дууссанаас хойш 14 хоногийн дотор хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаарх тайланг, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргасан этгээдийн нэрсийн хамт Авлигатай тэмцэх газарт ирүүлнэ.

11.4.Энэ хуулийн 11.2-т заасан сонгуулийн хороо сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа тухайн сонгуульд сонгогдогчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг санал хураалт дууссанаас хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлж, хадгалуулна.

11.5.Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээллийг жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд гаргаж өгнө."

3/13 дугаар зүйл:

"13 дугаар зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үндэслэл

13.1.Авлигатай тэмцэх газар энэ хуулийн 11.1.2-т зааснаас бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийнэ.

13.2.Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ.

13.3.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.

13.4.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах, хянаж, шалгуулах нь 11.1.1-д заасан журмаар зохицуулагдана.

13.5.Авлигатай тэмцэх газар өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, эсхүл төлөвлөгөөт хяналтаар шалгалт явуулж болно.

13.6.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл эх үүсвэрийг нь заагаагүй буюу түүнийг хэрхэн олсон талаар тайлбар гаргаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгана.

13.7.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй.

13.8.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол дараах хариуцлага хүлээлгэнэ:

13.8.1.нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.4, 10.5-д заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах;

13.8.2.зургаа хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 3О хувиар бууруулах;

13.8.3.зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах;

13.8.4.нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах.

13.9.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, эсхүл холбогдох материалыг энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, уг зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна."

4/ 33 дугаар зүйл:

"33 дугаар зүйл.Авлигын эсрэг хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

33.1.Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ:

33.1.1.энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээдийн албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

33.1.2.энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох;

33.1.3.энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох;

33.2.Шүүгч энэ хуулийн 7.1.7, 7.1.8-д заасныг зөрчсөн этгээдийн тухайн олсон эд хөрөнгө, орлогыг хураах буюу давуу эрхийг хүчингүй болгох."

Хэвлэх

3 дугаар зүйл.Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.9-д заасан "150000-200000" гэснийг "шүүгч нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний" гэж өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ