Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд дор дурдсан  агуулгатай бүлэг, заалт нэмсүгэй:

1/ Долдугаар бүлэг:

Хэвлэх


“ДОЛДУГААР БҮЛЭГ
БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЛИЙН САН

33 дугаар зүйл. Мэдээллийн сангийн хэлбэр

1. Мэдээллийн санг цахим хэлбэрээр бүрдүүлнэ.

2. Мэдээллийн сангийн мэдээлэл нь өгөгдөл, дуу авиа, дүрс бичлэг, зураг, график, бичгийн хэлбэртэй байна. Энэ зүйлд заасан зурган мэдээлэл нь Засгийн газраас баталсан солбилцол, өндрийн тогтолцоонд үндэслэгдэнэ.

3. Мэдээллийн сангийн өгөгдөл тоон хэлбэртэй байна.

4. Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн сан олон нийтэд нээлттэй байна.

Хэвлэх

34 дүгээр зүйл. Мэдээллийн сангийн тогтолцоо

1. Мэдээллийн сан нь дараахь ангилалтай байна:

1/ улсын;

2/ аймаг, нийслэлийн;

3/ сум, дүүргийн.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн сан нь нэгдмэл байна.

3.Мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалах журам болон эх мэдээний дэлгэрэнгүй жагсаалтыг Засгийн газар батална.

Хэвлэх

35 дугаар зүйл. Мэдээллийн сангийн бүрдэл

1.Улсын мэдээллийн сан дараахь зүйлийн талаархи мэдээллээс бүрдэнэ:

1/ газар, түүний хөрс;

2/ газрын хэвлий, ашигт малтмал;

3/ ус, рашаан;

4/ ой;

5/ байгалийн ургамал;

6/ амьтан;

7/ агаар, түүний бохирдол;

8/ уур амьсгал;

9/ байгалийн гамшиг;

10/ химийн хорт болон аюултай бодис;

11/ хог хаягдал;

12/ тусгай хамгаалалттай газар нутаг;

13/ байгаль орчны эрх зүй;

14/ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

15/ байгаль орчны бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт;

16/ байгаль орчны статистик мэдээлэл, тайлан;

17/ байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төсөв, зардал;

18/ байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж  байгаа байгууллага, хүний нөөц;

19/ мета мэдээллийн сан;

20/ байгаль орчны талаархи бусад мэдээлэл.

2. Аймаг, нийслэлийн мэдээллийн сан энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-7, 9-12, 14-18, 20-д заасан зүйлийн талаархи мэдээллээс бүрдэнэ.

3. Сум, дүүргийн мэдээллийн сан энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-6, 9-12, 14, 15, 17, 18, 20-д заасан зүйлийн талаархи мэдээллээс бүрдэнэ.

Хэвлэх

36 дугаар зүйл. Мета мэдээллийн сан

1. Байгаль орчны мета мэдээллийн сан дараахь мэдээллээс бүрдэнэ:

1/ мэдээллийн нэр, товч тайлбар;

2/ мэдээллийн чанарын тодорхойлолт;

3/ мэдээллийн үндсэн эх сурвалж;

4/ мэдээллийн тойм дүрслэл, солбилцлын тогтолцоо;

5/ мэдээллийн хэрэглээ, түгээлт.

2.Байгаль орчинтой холбоотой мэдээлэл бүрдүүлдэг иргэн, төрийн болон төрийн бус байгууллага энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг бүрдүүлэх, шинэчлэх бүрд мета мэдээллийг бүрдүүлж улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.

Хэвлэх

37 дугаар зүйл. Мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллага,  хэрэгжүүлэх хугацаа

1.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан мэдээллийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага жил бүрийн 2 дугаар сарын 20-ны дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.

2.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан мэдээллийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.

3.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 7-д заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.

4.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 6-д заасан мэдээллийг эрдэм шинжилгээний болон тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.

5.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, 9-д заасан мэдээллийг ус цаг уур, орчны хяналт шинжилгээ болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гамшгийн нөхцөл байдал үүссэн тухай бүр улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.

6.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10-т заасан мэдээллийг байгаль орчин, геологи, уул уурхай болон тухайн асуудал эрхэлсэн бусад төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.

7.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11, 12-т заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.

8.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13-18-д заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүр улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.

Хэвлэх

38 дугаар зүйл. Мэдээллийн сангийн үйл ажиллагааг хангах  байгууллага

1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдээллийн сангийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулна.

2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгаль орчны мэдээллийн төв байх бөгөөд уг төв нь улсын мэдээллийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн үйлчилгээний байгууллага байна.

Хэвлэх

39 дүгээр зүйл. Байгаль орчны мэдээллийн төвийн бүрэн эрх

1. Байгаль орчны мэдээллийн төв дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

2/мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, хадгалах, хамгаалах, шинэчлэх, ашиглах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

3/мэдээллийн сангийн хүрээнд программ хангамж, техник технологи, хүний нөөцийн нэгдмэл бодлого хэрэгжүүлэх, тэдгээрийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх;

4/хэрэглэгчийг мэдээллийн сангаас мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангах;

5/нийтийн хэрэгцээний болон хоёрдогч мэдээллийг бий болгоход шаардлагатай мэдээлэл боловсруулах;

6/мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээлэлд бүртгэл хөтлөх, баримтжуулах;

7/мэдээллийн сангийн мэдээллийг энэ хуулийн 37 дугаар зүйлд зааснаас бусад иргэн, хуулийн этгээдээс цуглуулах, сонгох, нягтлан шалгах ажлыг зохион байгуулах;

8/мэдээллийн үнэн зөв, мэдээллийн сангийн шуурхай байдал, хэвийн ажиллагаа, хамгаалалт, хадгалалт, нууцлалт, хуулбарлалтыг хариуцах;

9/ мэдээллийн сангийн нөөц хувь бүрдүүлэх;

10/ мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах;

11/ мэдээллийн сан бүрдүүлэх асуудлаар мэдээлэл бүрдүүлэх, төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

12/ мэдээллийн санд өөрчлөлт хийх, мэдээлэл бүрдүүлэх, мэдээллийн сангийн талаархи тайланг жил бүр гаргах;

13/мэдээллийн санд халдлага, гэмтэл гарсан даруйд холбогдох байгууллагад мэдэгдэх, түүний хэвийн үйл ажиллагааг сэргээх;

14/мэдээллийн сангийн асуудлаар гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

15/мэдээллийн санг зориулалтын байр, программ хангамж, компьютер, тоног төхөөрөмжөөр хангах, шаардлагатай өгөгдөл, мэдээлэл худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгуулах.

Хэвлэх

40 дүгээр зүйл. Мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллагын бүрэн эрх

1.Энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу улсын мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/холбогдох мэдээллийг бүрдүүлж, улсын мэдээллийн санд цахим хэлбэрээр буюу сүлжээгээр нийлүүлэх, техникийн хувьд боломжгүй бол мэдээлэл зөөгч хэрэгслээр өгөх;

2/байгаль орчны өгөгдөл, мэдээллийг шинэчлэх, өөрчлөлт оруулах, шинэ өгөгдөл, мэдээллээр мэдээллийн санг баяжуулах;

3/байгаль орчны өгөгдөл, мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хариуцах;

4/байгаль орчны өгөгдөл, мэдээллийн анхдагч боловсруулалтыг хариуцах;

5/байгаль орчны өгөгдөл, мэдээлэлийн нэмэлт, өөрчлөлт, шинэчлэлтийн тухай байгаль орчны мэдээллийн төвд ажлын 7 өдөрт багтаан мэдэгдэх;

6/улсын мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх техник, технологийн нөхцөлийг бүрдүүлэх, холбогдох зардлыг хариуцах.

Хэвлэх

41 дүгээр зүйл. Мэдээллийн санг хэрэглэгчийн эрх, үүрэг

1.Мэдээллийн сангийн хэрэглэгч дараахь эрх, үүрэгтэй:

1/мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээллийг ашиглан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, лавлагааны мэдээлэл бэлтгэх болон бусад хэлбэрээр ашиглахдаа мэдээлэл эзэмшигчийн нэрийг ишлэл болгох;

2/мэдээллийн сангийн үйл ажиллагаа болон өгөгдөл, мэдээллийн талаар гомдол гаргах.

Хэвлэх

42 дугаар зүйл. Мэдээллийн санг бүрдүүлэх ерөнхий шаардлага

1.Мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, түгээх үйл ажиллагаа, техник, технологи нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн төрийн нэгдсэн бодлоготой уялдсан байна.

2.Мэдээллийн сангийн агуулга, нэр төрөл, хамрах хүрээ нь хэрэглэгчийн эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдоно.

3.Мэдээллийн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллагын техник, технологийн шийдэл нь мэдээллийн нэгдмэл байдлыг хангахад чиглэгдэнэ.

Хэвлэх

43 дугаар зүйл. Мэдээллийн сангийн үйл ажиллагаанд хориглох зүйл

1.Мэдээллийн сангийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:

1/мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээллийг өөрчлөх, устгах, хулгайлах;

2/мэдээллийн сангийн программ хангамжийг өөрчлөх, устгах, эвдэх;

3/мэдээллийн сангийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сүлжээний найдвартай үйл ажиллагааг санаатай болон санамсаргүйгээр алдагдуулах, эвдэх, гэмтээх;

4/мэдээллийн санд вирус тараах;

5/мэдээллийн санд агуулагдаж буй иргэн, хуулийн этгээдийн нууцтай холбоотой мэдээллийг задруулах;

6/мэдээллийн сангаас авсан мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашиглах, бусдад дамжуулах, худалдах;

7/мэдээллийн сангаас санаатай болон болгоомжгүйгээр мэдээлэл хуулбарлах, ишлэлгүйгээр ашиглах;

8/ашиглах хүрээг нь хязгаарласан өгөгдөл, мэдээлэлд хууль бусаар нэвтрэх, тэдгээрийг өөрчлөх, хуулбарлах, устгах;

9/мэдээллийн санд хандах эрхийг хууль бусаар олж авах, бусдад дамжуулах;

10/мэдээллийн сангийн ажилтан хуулиар хүлээсэн давуу эрхтэй холбоотойгоор өгөгдөл, мэдээлэл болон мэдээллийн сангийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг алдагдуулах.

Хэвлэх

44 дүгээр зүйл. Мэдээллийн сангийн санхүүжилт, төлбөрийн нөхцөл

1.Мэдээллийн сан төрийн өмч байх бөгөөд түүний үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

2.Мэдээллийн сангийн мэдээлэл нь төлбөртэй болон төлбөргүй байна. Төлбөргүй болон нийтэд зориулсан мэдээллийн жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

3.Иргэн, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр цуглуулж бүрдүүлсэн өгөгдөл, мэдээллийн тухай мета мэдээллийг улсын санд төлбөргүй өгөх үүрэгтэй.

4.Байгаль орчны мэдээллийн төв энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдээс шаардлагатай мэдээллийг худалдан авч болно.

5.Иргэн, байгууллага, хуулийн этгээд нь улсын төсөв, шинжлэх ухаан, технологийн сан, олон улсын болон гадаадын зээл, тусламжийн хүрээнд бүрдүүлсэн байгаль орчны өгөгдөл, мэдээллийг улсын мэдээллийн санд үнэ төлбөргүй төвлөрүүлэх үүрэгтэй

6.Мэдээллийн сангийн сургалт, танин мэдэхүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахтай холбоотой нийтэд зориулсан мэдээллийг иргэн, хуулийн этгээд төлбөргүй ашиглах эрхтэй.

7.Энэ зүйлд заасан төлбөртэй мэдээллийн орлогын 50 хүртэл хувийг мэдээллийн санг шинэчлэх, үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх, түүний хүчин чадлыг сайжруулахад зарцуулна.”

2/3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9, 10 дахь заалт:

“9/ “байгаль орчны мэдээллийн сан” /цаашид “мэдээллийн сан” гэх/ гэж байгаль орчны өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, цуглуулах, дамжуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, баяжуулах, өөрчлөх, шинэчлэх, хамгаалах зэрэг үйл ажиллагааг хангах мэдээллийн технологийн иж бүрдлийг;

10/ “мета мэдээлэл” гэж мэдээний эх сурвалж, хариуцах этгээд, формат, масштаб, чанар, хамрах хүрээ, хугацаа, ашиглалт зэрэг өгөгдлийн талаархи мэдээллийн багцыг.”

3/15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалт:

“13/ байгаль орчны мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавих;”

4/38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, 6 дахь заалт:

“5/ энэ хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох мэдээллийг улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн мэдээллийн санд төвлөрүүлээгүй, мэдээллийн санд өгөх тайлан, мэдээллийг энэ хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, буруу мэдээлэл өгсөн бол холбогдох албан тушаалтныг 20000-60000, хуулийн этгээдийг 100000-200000 төгрөгөөр торгох;

6/ энэ хуулийн 43 дугаар зүйлийг санаатайгаар зөрчсөн иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 30000-60000, хуулийн этгээдийг 150000-250000 төгрөгөөр торгох.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хоёрдугаар бүлгийн гарчгийг “БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ, СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ”, “ДОЛДУГААР БҮЛЭГ” гэснийг “НАЙМДУГААР БҮЛЭГ”, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтын дугаарыг “14”, 33-39 дүгээр зүйлийн дугаарыг “45-51”, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын “37 дугаар” гэснийг “49 дүгээр” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН