Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Усны тухай хуулийн 10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 10.1.14-10.1.29 дэх заалт нэмсүгэй:

“10.1.14.усны хайгуул, зураг төсөл, судалгааны төлөвлөгөө боловсруулж батлах, хэрэгжүүлэх, хайгуул, судалгааны ажлын явцад хяналт тавих;

10.1.15.усны ашиглах боломжит нөөцийн хэмжээг сав газрын хэмжээнд ашиглалтын зориулалт бүрээр тогтоон боловсруулах, мөрдүүлэх;

10.1.16.энэ хуулийн 4.9-д заасан усны нөөцийн дээд хязгаарыг тогтоох санал боловсруулах;

10.1.17.улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдалтай холбогдолтой мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах;

10.1.18.улсын усны тоо бүртгэл, статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, усны нөөц, ус ашиглалтын тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах;

10.1.19.усны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлал, зааврыг боловсруулах, усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох;

10.1.20.ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

10.1.21.сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн байгаль хамгаалагчийг усны харилцааны талаарх нэгдмэл удирдлагаар хангах, энэ хуулийн 28.4-т заасны дагуу гаргасан сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны албаны дүгнэлт, түүнчлэн усны мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд хяналт тавих;

10.1.22.голын голдирлыг өөрчлөх,урсацад тохируулга хийх, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд мэргэжлийн дүгнэлт гаргах;

10.1.23.цооног өрөмдөх, худаг гаргах, усны барилга байгууламж барих, ашиглах судалгаа хийх, дүгнэлт гаргах;

10.1.24.ган, цөлжилт, хуурайшилтын үед усны нөөц хомсдох, бохирдсон тохиолдолд тухайн сав газарт ус ашиглагчийн ашиглах усыг хуваарилах, хязгаарлах, ус, түүний орчныг нөхөн сэргээх зорилгоор ус ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох;

10.1.25.рашааны эмчилгээний чанарыг тогтоосон стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж батлуулах;

10.1.26.улсын нөөцөд бүртгэгдсэн рашааныг эмчилгээ-сувилгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах талаар дүгнэлт гаргах;

10.1.27.хадлан, бэлчээр, тариаланг усжуулах инженерийн хийцтэй услалтын систем барих ажлын хайгуул, судалгаа, зураг төсөлд мэргэжлийн дүгнэлт хийж, байгаль орчны болон, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

10.1.28.гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой шинжилгээ, судалгаа явуулах эсэх талаар шийдвэр гаргах;

10.1.29.усны чанарын болон хаягдал усны стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагатай хамтран батлах;”

Хэвлэх

2 дугаар зүйл. Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсгийн “Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэснийг “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, 4.10 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.3, 5.5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.4, 7.5 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, 17 дугаар зүйлийн 17.1.4, 17.1.11 дэх заалт, 18 дугаар зүйлийн, 18.1.1, 18.1.2, 18.1.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.4, 28.7, 28.15 дахь хэсгийн “усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэснийг “байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.14 дэх заалтын дугаарыг “10.1.30” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл. Усны тухай хуулийн 16 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД