Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт:

“4.1.9.“дэмжих тариф” гэж сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор эрчим хүчний үнэд шингээсэн тарифыг.”

2/5 дугаар зүйлийн 5.6.3, 5.6.4 дэх заалт:

“5.6.3.хэрэглэгчийн худалдан авах дэмжих тарифын хэмжээг тогтоох;

5.6.4.цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үйлчлэх хугацаа дууссаны дараа үнэ, тарифыг тухай бүр тогтоох.”

3/10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг:

“10.3.Гэрээний хугацааг хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтооно.”

4/11 дүгээр зүйлийн 11.6, 11.7  дахь хэсэг:

“11.6.Эрчим хүчний системд холбогдох болон горим тохируулагч усан цахилгаан станцын үнэ, тарифыг бодит өртөг, техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.

11.7.Энэ хуулийн 11.1, 11.3-т заасан үнэ, тарифын хязгаарыг хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтооно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/5 дугаар зүйлийн 5.3.5 дахь заалт:

“5.3.5.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэх болон хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах дүрэм, журмыг боловсруулж, батлах;”

2/5 дугаар зүйлийн 5.3.7 дахь заалт:

“5.3.7.сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар, үйлчилгээний норм, дүрэм, стандартыг боловсруулж, зохих журмын дагуу батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих.”

3/11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг:

“11.2.Энэ хуулийн 11.1-д заасан үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно.”

4/12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг:

“12.1.Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифыг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “Эрчим хүчний зохицуулах газар” гэснийг “Эрчим хүчний зохицуулах хороо” гэж,  7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “7.3.2 дахь заалт” гэснийг “11.2 дахь хэсэг” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “эрчим хүчний зохицуулах газраас баталсан” гэснийг “Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан” гэж, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн “Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл” гэснийг “Эрчим хүчний зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл” гэж тус тус өөрчилсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД