Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/74 дүгээр зүйлийн 74.1.11-74.1.14 дэх заалт:

"74.1.11.нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй;

74.1.12.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн;

74.1.13.нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан боловч уг татварыг төсөвт төлөөгүй нь тогтоогдвол энэ хуулийн 74.1, 74.2-т заасан хариуцлагыг хүлээнэ;

74.1.14.нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй этгээд бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тэдгээрт албан татвар ногдуулсан боловч түүнийг төсөвт төлөөгүй."

2/74 дүгээр зүйлийн 74.5, 74.6 дахь хэсэг:

"74.5.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагч бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол доор дурдсан торгуулийг тухайн тайлант хугацаанд төлбөл зохих албан татвар дээр нэмж төлнө:

74.5.1.бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар;

74.5.2.бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол орлогын үнийн дүнгийн 20 хувиар.

74.6.Хуульд тодорхойлсон аливаа системийг зохисгүй ашиглах, санаатайгаар зорилгоос гадуур хэрэглэсэн хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."

Хэвлэх

            2 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтын “кассын машин” гэсний дараа “хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин” гэж, 75 дугаар зүйлийн 75.1.1 дэх заалтын “энэ хуулийн 13.1-13.3 дахь хэсэгт” гэсний дараа “, 18.1.8 дахь заалтад” гэж” тус тус нэмсүгэй.

            3 дугаар зүйл.Энэ хуулийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН  ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД
Хэвлэх