Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 

1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 19.12, 19.13 дахь хэсэг нэмсүгэй:

 “19.12.Аймаг, сумын төв нь нийслэл /Улаанбаатар/ хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.3-т заасан татварт ногдох орлогын албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.

19.13.Доор дурдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчид энэ хуулийн 19.12-т заасан хөнгөлөлт үзүүлэхгүй:

19.13.1.ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах;

19.13.2.согтууруулах ундаа худалдах, импортлох;

 19.13.3.тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох;

19.13.4.газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, автобензин, дизель түлшний худалдаа эрхлэх, импортлох;

 19.13.5.ярианы үйлчилгээ эрхлэх;

19.13.6.эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх;

19.13.7.иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх;

19.13.8.авто зам, замын байгууламжийг барих, засварлах;

 19.13.9.цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                      З.ЭНХБОЛД