Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2016  оны 07 сарын 21 өдөр
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуульд доор дурдсан агуулгатай 141 дүгээр зүйл нэмсүгэй:

“141 дүгээр зүйл.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

141.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага соёлын өвийг хамгаалах чиглэлээр дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

            141.1.1.төрөөс соёлын өвийг хамгаалах талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

141.1.2.соёлын өвийн улсын үзлэг, тооллогыг хуулиар тогтоосон хугацаанд явуулж, дүнг Засгийн газарт тайлагнах;

141.1.3.соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, бүртгэгдсэн өвийг хадгалж хамгаалах арга хэмжээ авах;

141.1.4.соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг тогтоох, бүртгэх;

141.1.5.соёлын өвийг хувилах, бүтээгдэхүүний загварт оруулж, зах зээлд нийлүүлэх эрх авсан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих;

141.1.6.дуудлага худалдаагаар худалдах соёлын биет өвийн бүртгэлийг хөтлөх, тайланг хүлээн авах, хяналт тавих;

141.1.7.нийтийн өмчийн соёлын өвийг хадгалах, бүртгэх ажлыг мэргэжлийн ажилтнаар гүйцэтгүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

141.1.8.устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж, улс, орон нутгийн төсвийн болон хандивын хөрөнгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

141.1.9.соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг хөтлөх;

141.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “төрийн захиргааны төв байгууллага” гэсний дараа “, төрийн захиргааны байгууллага” гэж, мөн зүйлийн 37.2 дахь хэсгийн “төрийн захиргааны төв байгууллага,” гэсний дараа “төрийн захиргааны байгууллага,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, 52 дугаар зүйлийн 52.7, 52.8 дахь хэсэг, 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийн “төв” гэснийг тус тус хассугай.

4 дүгээр зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.3, 14.1.7, 14.1.8, 14.1.9, 14.1.10 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                      М.ЭНХБОЛД