Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай

1 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“113 дугаар зүйл. Хүн худалдаалах

113.1.Хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, түүнчлэн өөр хүнийг эрхшээлдээ байлгаж буй этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, ашиг олгон хахуульдах аргаар хүнийг хүн худалдаалах гэмт үйлдэлд элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан дамжуулсан, хүлээн авсан бол эд хөрөнгийг хурааж, гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

113.2.Энэ хэргийг:

113.2.1.давтан;

113.2.2.хоёр буюу түүнээс олон хүнийг;

113.2.3.насанд хүрээгүй хүнийг;

113.2.4.хүний эд эрхтэнг авах зорилгоор;

113.2.5.сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүйд тооцогдсон хүнийг;

113.2.6.хөгжлийн бэрхшээлтэй хүнийг;

113.2.7.албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах буюу эрхшээлдээ байгаа хүнийг;

113.2.8.хуурамч бичиг баримт ашиглан;

113.2.9.хохирогчийн бичиг баримтыг авах, нуух, устгах арга хэрэглэж;

113.2.10.улсын хил давуулан;

113.2.11.илтэд жирэмсэн хүнийг худалдаалсан бол эд хөрөнгийг хурааж, таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

113.3. Энэ хэргийг урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

1.Энэ хуулийн 113.1-д заасан “мөлжих” гэдгийг худалдаалагдсан хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох болон түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглах гэсэн утгаар ойлгоно.

2.Энэ хэргийг үйлдэхдээ хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашигласан, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл өөр хүнийг эрхшээлдээ байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлж буюу ашиг олгон хахуульдах аргын аль нэгийг хэрэглэсэн тохиолдолд хохирогч өөрийг нь мөлжихийг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

3.Энэ хуулийн 113.1-д заасан аргыг хэрэглээгүй байсан ч арван найман насанд хүрээгүй хүнийг хүн худалдаалах гэмт хэргийн зорилгоор элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун дарагдуулсан, дамжуулсан, хүлээн авсан бол хүн худалдаалсан гэж үзнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгийн “... гуйланчлал болон биеэ үнэлэхэд“ гэснийг “гуйланчлалд” гэж, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийн “Хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх замаар” гэснийг “Бусдыг” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 115 дугаар зүйлийн гарчгийн “биеэ үнэлэх,” гэснийг, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийн “насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж буюу“ гэснийг тус тус хассугай.

4 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                   Д.ДЭМБЭРЭЛ