Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 13.1.17-13.1.34 дэх заалт нэмсүгэй:

13.1.17.ой, хээрийг түймэр, хөнөөлт шавжийн тархалт, ойн нөөцийн хомсдол, газрын доройтол, бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, ойн ашиглалттай холбоотой гарсан зөрчлийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

13.1.18.аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх;

13.1.19.мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, говь, хээрийг ойжуулах, ойн зурвас байгуулах, төв, суурин газрыг цэцэрлэгжүүлэх ажлыг төв, орон нутгийн түвшинд зохион байгуулах;   

13.1.20.мод, сөөгийн үрийн нөөцийн сан бүрдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах, тарьц, суулгац ургуулах ажлыг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлагаар хангах;

13.1.21.орон нутаг дахь ойн анги, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

           

13.1.22.ойн ангийн ажиллах журам, дүрмийг батлах;

13.1.23.ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх зориулалтаар улсын төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, гүйцэтгэлийг тайлагнах;  

13.1.24.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар технологи, норм, нормативын үндэслэл боловсруулах, батлах;

           

13.1.25.ойн нөөцийн өөрчлөлтөд хяналт, шинжилгээ хийх, ойн мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангах болон аж ахуйн нэгж, байгууллага мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулахад тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах;

13.1.26.ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх ажилд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх;

13.1.27.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх чиглэлээр ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын явуулах үйл ажиллагааны хөтөлбөр, ойн ангийн эрхлэх ажил, үйлчилгээний чиглэл, ойн менежментийн төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, тэдгээрийг боловсруулах заавар, журам батлах;

13.1.28.хамгаалалтын бүсийн ойг цэвэрлэх, арчлах, түймрийн шороон болон халз зурвас гаргах зэрэг ой, хээрийн түймрээс хамгаалах ойн аж ахуйн арга хэмжээг улсын хэмжээнд төлөвлөж, шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах замаар хэрэгжүүлэх;

13.1.29.ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг сурталчлах, иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг ой, хээрийн түймэр унтраах арга, ажиллагаанд сургах ажлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

13.1.30.ой, хээрийн түймрийн аюултай үед ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлэх, орон нутагт эргүүл, харуул ажиллуулах болон энэ ажилд бүх нийтийг татан оролцуулах талаар нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах;

           

13.1.31.ой, хээрийн түймрийн аюултай үед тухайн бүс нутгийн түймрийн аюулын анги, зэрэглэлийг үндэслэн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчинтой харьцах тодорхой үйл ажиллагааг зогсоох тухай саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;

13.1.32.нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ой, хээрийн түймрээс хамгаалах талаар зохион байгуулж байгаа ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, хамтран оролцох;

13.1.33.ой, хээрийн түймрийн гаралт, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай зарлан мэдээлэх;

13.1.34.өөрийн байгууллагын бүтцэд ойн судалгаа, хяналт шинжилгээний алба ажиллуулах;”

Хэвлэх

2 дугаар зүйл.Ойн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2.3, 17.2.4, 17.3.1, 17.3.4 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх заалт, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн “төрийн захиргааны” гэсний дараа “төв” гэж, 13 дугаар зүйлийн 13.1.13 дахь заалтын “батлах” гэсний өмнө “боловсруулах,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Ойн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“10.2.Энэ хуулийн 10.1-д заасан журмыг холбогдох газрын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Ойн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн гарчгийг “Ойн асуудал эрхэлсэн нэгж” гэж, мөн зүйлийн 14.1 дэх хэсгийн “Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/, аймаг” гэснийг “Аймаг,” гэж, 13 дугаар зүйлийн 13.1.17 дахь заалтын дугаарыг “13.1.35” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь заалтын “төрийн захиргааны болон” гэснийг хассугай.

           
Хэвлэх

6 дугаар зүйл.Ойн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                     З.ЭНХБОЛД