Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот

ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ойн тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

1/26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэг:

 “26.2.Түймрийн аюултай үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ой, хээрийн бүс нутагт дараах үйлдэл хийхийг хориглоно:

26.2.1.өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлэх;

26.2.2.мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэх;

26.2.3.шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн болон бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаях;

26.2.4.тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог, хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашиглах.

26.3.Ашиглалт явуулж байгаа газарт түймэр унтраах багаж, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг тогтоосон норм нормативын дагуу бүрдүүлэх ба тэдгээрийг түймэр гарсан үед ашиглахад бэлэн байлгана.

2/39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэг:

 “39.10.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр ой, хээрийн түймэр, хөнөөлт шавжтай тэмцсэн тохиолдолд зохих журмын дагуу урамшуулал олгоно.”

3/47 дугаар зүйлийн 47.2.15 дахь заалт:

 “47.2.15.энэ хуулийн 26.2, 26.3-т заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтын “нэгж дэх” гэсний дараа “, эсхүл эзэмшлийн” гэж, 18 дугаар зүйлийн 18.3.4 дэх заалтын эхэнд “ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод үржүүлэх ажил эрхлэн” гэж, 22 дугаар зүйлийн 22.1.13 дахь заалтын “зөвшөөрөл авч” гэсний дараа “байгаль хамгаалагчид мэдэгдэн” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Ойн тухай хуулийн доор дурдсан хэсэг, заалтыг өөрчлөн найруулсугай:

1/3 дугаар зүйлийн 3.1.13 дахь заалт:

 “3.1.13.”ойн тооллого, ой зохион байгуулалт” гэж ойн сангийн талбай, нөөц, тархац, бүрэлдэхүүн, чанар, төлөв байдал, өөрчлөлтийг тогтоох, хүлэмжийн хийн шингээлтийг тооцох, биомассын судалгаа хийх, ойн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг цогц байдлаар тодорхойлсон үйл ажиллагааг;”

2/7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:

 “7.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ойн тооллогыг таван жил тутам улсын хэмжээнд явуулж, ойн сангийн төлөв байдлыг шинэчлэн тогтооно. Ой зохион байгуулалтын ажлыг арван жил тутамд хийж, ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг шинэчлэн батална.”

3/34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэг:

“34.5.Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ, түүнийг олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”     

4/42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг:

“42.2.Энэ хуулийн 42.1-д заасан шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж, төлөлтөд хяналт тавина.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Ойн тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 7.5 дахь хэсгийн “Ой зохион байгуулалт” гэснийг “Ойн тооллого, ой зохион байгуулалт” гэж, мөн зүйлийн 7.1 дэх хэсгийн “Ой зохион байгуулалтын” гэснийг “Ойн тооллого, ой зохион байгуулалтын” гэж, 7.4 дэх хэсгийн “Ой зохион байгуулалтыг” гэснийг “Ойн тооллого, ой зохион байгуулалтыг” гэж, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт, 28.4, 38.1 дэх хэсгийн хаалтан доторх “/байхгүй бол сум дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ гэснийг “/байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/” гэж, 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсгийн “энэ хуулийн 39.2-39.4-т” гэснийг “энэ хуулийн 39.2-39.4, 39.10-т” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Ойн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                 З.ЭНХБОЛД