Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот

ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ойн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэг:

35.5.Ойгоос мод бэлтгэх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2/37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг:

37.4.Мод, модон материалын худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвшөөрөлгүй бэлтгэсэн болон гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг худалдаа, үйлчилгээ явуулж байгаа газартаа оруулахыг хориглоно.

Хэвлэх

2 дугаар зүйл.Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “цэвэрлэгээ хийх замаар” гэсний дараа “, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Ойн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг:

“32.3.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөө болон иргэдийн хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 35.1, 35.2 дахь хэсэгт заасны дагуу ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг дараах байдлаар тогтооно:

32.3.1.үйлдвэрлэлийн ашиглалт явуулах эрх бүхий аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн огтлолтыг байгууллага бүрээр;

32.3.2.ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах эрх бүхий аж ахуйн нэгжид арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг байгууллага бүрээр;

 32.3.3.ойн нөөц бүхий аймаг, сумын иргэдийн ахуйн хэрэглээний болон уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтын огтлолтыг баг бүрээр.”

 2/39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэг:

 “39.3.Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд дараах урамшуулал олгоно:

 39.3.1.Хууль бусаар бэлтгэж хураалгасан гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээ зэрэг мод, модон материал, түүнчлэн ойн дагалт баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тухайн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, улсын байцаагчид;

 39.3.2.Гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлогын 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг, зөрчлийг илрүүлсэн нөхөрлөл, төрийн бус байгууллага, цагдаа, хил хамгаалах байгууллагын ажилтанд.”

Хэвлэх

 4 дүгээр зүйл.Ойн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн “бэлтгэгдсэн” гэснийг “бэлтгэх” гэж өөрчилсүгэй.

 5 дугаар зүйл.Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8 дахь заалтын “, дүрмийг” гэснийг хассугай.

 6 дугаар зүйл.Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 7 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                     З.ЭНХБОЛД