Хэвлэх DOC Татаж авах

 
 
 

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2008 оны 05 сарын 06 өдөр                                                                    Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

                                                                                     

            1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 5, 7, 8, 10  15, 16, 17,  22,  27, 28,  30, 33,  35,  38,  39 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт  нэмсүгэй:

1/5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

            “5.5.Энэ хуулийн 5.4-т заасан төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах албан тушаалтны зэрэглэлд хамаарах төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.”

      

2/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалт:

“7.1.12.баг, хорооны Засаг дарга;”

            3/ 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:

            “8.1.7.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;” 

4/ 10 дугаар зүйлийн 6  дахь хэсэг:

            “10.6.Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх,  хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ.”

            5/ 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалт:

            “15.1.14.Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгийг дайчлах, албаны унаа ашиглах.”

6/ 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт:

“16.2.4.хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн төрийн албаны онцлог төрөл болох энэ үүргээ биелүүлээгүй бол;

Тайлбар: 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө 18 нас хүрсэн, түүнчлэн эмнэлгийн магадлагаагаар эрүүл мэндээр тэнцээгүй, хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэнд энэ заалт хамаарахгүй.”

7/ 17 дугаар зүйлийн 14, 15 дахь хэсэг:

            “17.14.Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага нь төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд орох иргэний бэлтгэл нөөцийн санг төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу бүрдүүлнэ.

17.15.Төрийн албаны төв байгууллага нь төрийн албаны бэлтгэл нөөцийн нэгдсэн санг эрхэлж, төрийн жинхэнэ албаны сул орон тоог төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна.”

8/ 22 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

            “22.4.Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно.”

            9/ 27 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 3 дахь заалт:

           

            “27.2.3. төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.”

 10/ 27 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“27.4.Энэ хуулийн 27.1.5, 27.1.8, 27.2.5-д заасан нэмэлт баталгаатай холбогдох журмыг Засгийн газар тогтооно.”

             11/ 28 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4, 5 дахь заалт:

            “28.4.4.төрийн албаны төв байгууллага  нь Үндэсний  статистикийн хороо, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох эрх бүхий төрийн бусад байгууллагын оролцоотойгоор хувийн хэвшилд ажиллагчдын адилтгах албан тушаалын дундаж цалингийн судалгааг Улсын Их Хурлаас баталсан журмын дагуу  жил бүр  гаргах;

                 

28.4.5. төрийн албан хаагчийн албан тушаалын дундаж цалингийн хэмжээ нь хувийн хэвшилд ажиллагчдын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас  5.0 буюу түүнээс дээш хувиар бага болсон тохиолдолд албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг нэмэгдүүлэх тухай саналыг Төрийн албаны төв байгууллага хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхийн өмнө  Улсын Их Хуралд танилцуулж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх.”

 12/ 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр:

 Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.”

13/ 33 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:

            “33.4.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.

               

            33.5.Энэ хуулийн 33.4-т зааснаас бусад төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл бүрээр төрийн албаны төв байгууллага тогтооно.”

            14/ 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14, 15 дахь заалт:

            “35.1.14.төрийн албаны шинэтгэл болон сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх, өөрчлөлтийн менежмент, төрийн захиргааны болон хүний нөөцийн менежментийн асуудлаар гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, тэдгээрийн удирдах ажилтныг мэргэшил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээгээр хангах;

35.1.15.төрийн албаны чадавхийг бэхжүүлэх чиглэлээр гадаад орон, олон улсын байгууллагаас төрийн албанд олгож буй зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаархи мэдээллийг судлан боловсруулж, тэдгээрийн давхардал, хийдэгдлийг арилгах, үр нөлөөг дээшлүүлэх талаар зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх;”

            15/ 38 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“38.4.Засгийн газрын агентлаг, төсвийн бусад байгууллага нь үйл ажиллагааныхаа орлогоос санхүүждэг болж өөрчлөгдсөн бол энэ хуулийн 7.1.7-д зааснаас бусад төрийн албан хаагчид нь төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, тухайн байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллаж болох бөгөөд энэ тохиолдолд тэдний эрх зүйн байдлыг холбогдох  хуулиар зохицуулна.”

            16/ 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт:

                    

            “39.1.2.Энэ хуулийн 35.1.6-д заасны дагуу томилогдсон буюу чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан, уг албан тушаалд нэр дэвшигчийн өөрийнх нь гомдлоор үүссэн маргаан;”  

            17/ 39 дүгээр  зүйлийн 5, 6, 7 дахь  хэсэг:

       

            “39.5.Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу  хүчингүй болгох эрхтэй.

            39.6.Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.

            39.7.Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш  30  хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.”

Хэвлэх

            2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

            1/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12  дахь заалт:

            “6.1.12. аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, тэдгээрийн орлогч;”

2/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

            “7.1.Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна:”

             3/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:

          “7.1.З.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны болон энэ хуулийн 8.1.2-т зааснаас бусад Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;”

4/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:

            “7.1.7.Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга, яам  болон хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах,  хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий улсын төсвөөс санхүүждэг Засгийн газрын агентлагийн удирдах ба гүйцэтгэх албан тушаал, үйл ажиллагааныхаа орлогоос санхүүждэг Засгийн газрын агентлагийн дарга, төсвийн бусад байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч);”

5/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт :

“7.1.10.Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад төсөвт байгууллагын болон хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал;”  

6/ 7 дугаар зүйлийн  5-10 дахь хэсэг:

            “7.5.Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, түүний орлогч,  хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.

            7.6.Ахлах түшмэлийн албан тушаалд яамны тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.

            7.7.Дэс түшмэлийн албан тушаалд яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна. 

            7.8.Туслах түшмэлийн албан тушаалд яамны зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.

            7.9.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.

            7.10.Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.”

            7/ 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

            “8.1.Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна:”

            8/ 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:

            “8.1.3.Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн, Үндэсний болон орон нутгийн аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал;“

            9/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

               

            “9.1.Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:”

            10/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2  дахь заалт:

“9.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-аас бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал;”

          11/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт:

 “9.1.4.яам, агентлагийн харьяа буюу дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал.”

12/ 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“9.2.Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.”

            13/ 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

            “10.2. Энэ хуулийн 5.1.1, 5.1.3-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн  ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно.”

14/ 10 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:

            “10.4.Энэ хуулийн 5.1.2-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн  ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

            10.5. Энэ хуулийн 5.1.4.-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн  ёс зүйн хэм хэмжээг болон  улс төрийн аливаа  нөлөөлөлд автахгүй төвийг сахихтай холбогдсон зохицуулалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ,  контрактаар тодорхойлно.”

            15/ 17 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг:

            “17.2. Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй.

17.3.Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ.”

            16/ 28 дугаар зүйлийн  5 дахь хэсэг:

“28.5.Улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад/-ийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр  Улсын Их Хурал тогтооно.”

17/ 28 дугаар зүйлийн  10 дахь хэсэг:

            “28.10.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.”

            18/ 34 дүгээр зүйлийн  3,  4 дэх хэсэг:

         

            “34.3. Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга, 6 гишүүний бүрэлдэхүүнтэй  байна. Тэдгээрийн  2 нь орон тооны, 4 нь орон тооны бус байна.

            34.4. Зөвлөлийн орон тооны 2 гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, мэргэшсэн, ял шийтгэлгүй, 40 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна.”

          19/ 34 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:

            “34.7.Зөвлөлийн даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын дадлага, туршлагатай, ял шийтгэлгүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна.”

            20/ 34 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг:

            “34.13.Зөвлөл нь орон тооны болон орон тооны бус салбар зөвлөл, ажлын албатай байна. Ажлын албаны даргыг Төрийн албаны зөвлөл томилж, чөлөөлнө. Орон тооны салбар зөвлөл болон ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийг Улсын Их Хурал батална. Төрийн албаны төв байгууллага нь дэргэдээ сургалт, судалгааны болон зөвлөх үйлчилгээний нэгжтэй байж болно.” 

            21/ 35 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт:

           “35.1.1.төрийн албаны шинэтгэлийн стратегийн төлөвлөлт, төрийн боловсон хүчний бодлогын удирдамжаар хангах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах,  зохицуулах;

            35.1.2.төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах,   зөрчлийг  арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих,   энэ хуулийн З9.1-д  заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах;”

22/ 35 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн  5 -13 дахь заалт:

          “35.1.5.төрийн байгууллагын ажлын албаны төрийн жинхэнэ албан хаагчийн удирдлагатай холбогдсон үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, төрийн байгууллагын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох болон төрийн үйлчилээний чанар, хүртээмжид нийгмийн аудит хийх арга зүйг нэвтрүүлэх талаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх болон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах;

35.1.6.төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаархи дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх;

             35.1.7.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах;

            35.1.8.төрийн байгууллагын өөрчлөлт, хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийн төлөвлөлтийн арга зүйн удирдлагаар хангах, төрийн жинхэнэ албаны боловсон хүчний хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах;

           

            35.1.9.төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын ажлыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах;

35.1.10. төрийн жинхэнэ албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,  удирдах ажилтны манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх сургалт болон төрийн албатай холбогдсон судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах, зохицуулах;

            35.1.11.төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг боловсруулан батлахад санал өгөх, төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийхэд мэрэгшил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах;

            35.1.12.төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ (мониторинг), үнэлгээ хийх, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах, улсын болон орон нутгийн төсвийн удирдлагын зардлын төслийг зохиох, хянаж батлахад зохих журмын дагуу санал гаргах;

            35.1.13.төрийн байгууллагаас төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр болон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах;”

            23/ 36 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг:

           “36.1.Төрийн албаны стандарт нь төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэнэ.

           36.2.Төрийн албаны стандарт нь төрийн байгууллага чиг үүргээ, төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн менежментийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг тогтооно.

            36.3.Төрийн албаны стандартыг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу боловсруулан баталж мөрдүүлнэ.”

            24/ 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:

“39.4.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана.”

25/ 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

            “40.2.Төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглоно.”

            26/ 41 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1, 2, 3 дахь  заалт:

        

            “41.1.1.төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд иргэнийг авч ажиллуулахдаа энэ хуулийн 16.2, 17.1, 17.4-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 25000-40000 төгрөгөөр торгох;

            41.1.2. хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 39.6-д заасныг зөрчсөн албан тушаалтныг  35000-50000 төгрөгөөр  торгох;

41.1.3.энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан албан тушаалтныг 45000-60000 төгрөгөөр торгох.”

Хэвлэх

3 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн  5.4-ийн “зэрэглэлийг”, 20.4, 30.5-ын “журмыг”, 31.3-ын “урамшил олгох журмыг”, 20.5-ын “зэрэг дэвийг”, 28.7-гийн “хангамжийг”, 28.8-ын  “хэмжээг”, 28.9-ийн “доод хэмжээг” гэсний дараа тус тус “төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн” гэж, 12.1-ийн “Монгол Улсын” гэсний өмнө “Хуульд өөрөөр заагаагүй бол” гэж,  8.1.4-ийн “Онцгой байдлын  ерөнхий газрын дарга” гэсний дараа  “, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга;” гэж,  14.1.6-ийн “зөвлөгөө өгөх,” гэсний дараа “байгууллагын удирдлагын зөвшөөрснөөр багшлах,” гэж, 15.1.10-ын “хувь нийлүүлсэн” гэсний дараа “болон хамтарсан” гэж, 15.1.12-ын “хувийн” гэсний өмнө “төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийн болон захиргааны гишүүн байх,” гэж,  16.3-ын “шийдвэрийг” гэсний дараа “төрийн албаны төв байгууллага” гэж, “албан тушаалтанд” гэсний дараа “шүүгч” гэж, 17.7-гийн “Энэ хуулийн” гэсний дараа “23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн,” гэж, 23.2-ын “Улсын Их Хурлын” гэсний дараа “, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын” гэж, 23.3.2-ын “сургалтаар” гэсний дараа “(шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан)” гэж,  26.1-ийн “Энэ хуулийн ” гэсний дараа “13,” гэж, “15” гэсний дараа “, 40”  гэж, 28.6-гийн “жишгийг” гэсний дараа “хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн” гэж  тус тус нэмсүгэй.

            4 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 7.3, 12 дугаар зүйлийн болон 20 дугаар зүйлийн гарчиг, 12.1, 12.2, 20.1, 20.4, 30.2-ын “захиргааны” гэснийг “жинхэнэ” гэж, 8.1.5-ын “дипломат ажилтан” гэснийг “дипломат албан тушаал” 8.1.6, 28.6.3-ын “гамшгаас хамгаалах” гэснийг “онцгой байдлын” гэж,  15.1.1-ийн “олон нийтийн“ гэснийг “төрийн бус” гэж, 15.1.8-ын “нутгийн өөрөө удирдах байгууллага” гэснийг “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох,” гэж, 17.4-ийн “шалгаруулж авна.” гэснийг “шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина.” гэж, 26.1-ийн “дугаар” гэснийг “дүгээр” гэж, 30.2-ын “6 сарын” гэснийг “36 сарын” гэж, 35.1.4-ийн “Шүүхийн ерөнхий зөвлөлийг” гэснийг “Шүүхийн ерөнхий зөвлөл, бусад сонирхогч этгээдийг” гэж, “7.1.12” гэсэн дугаарыг “7.1.13” гэж,  “8.1.7” гэсэн дугаарыг “8.1.8” гэж, “16.2.4”, “16.2.5” гэсэн дугаарыг “16.2.5”, “16.2.6” гэж, “27.2.3”, “27.2.4” гэсэн дугаарыг “27.2.4”, “27.2.5” гэж,  “33.4” гэсэн дугаарыг “33.6” гэж, “35.1.14” гэсэн дугаарыг “35.1.16” гэж, “39.1.2” гэсэн дугаарыг “39.1.3” гэж тус тус өөрчилсүгэй.

            5 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн  23.5-ын “23.2,” гэснийг, 34.9-ийн “Зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон хүний намын гишүүнийг түдгэлзүүлнэ.” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 6.1.11, 6.1.13, 7.1.5, 10.3, 17.12, 17.13, 39.2-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

            7 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу Төрийн албаны тухай хуулийн 10.6 дахь заалтыг 2009 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх