Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР,

ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:

            1/8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Цэргийн алба хаах насны хязгаарыг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан байгууллагын эрх зүйн байдлыг зохицуулсан хуулиар, тусгайлан зохицуулаагүй бол Цэргийн албаны тухай хуульд заасныг мөрдөнө.”

                        2/14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

            “6.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний хоёр тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан хоёр цэргийн алба хаагчийн авч байсан цалин хөлсний нийлбэрээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хувь хэмжээгээр бодож тогтооно.”

3/21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгохтой холбогдсон үйл ажиллагааны зардлыг энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр гүйцэтгэж байгаа байгууллагад улсын төсвөөс олгох бөгөөд нэг тэтгэвэр авагчид ногдох үйл ажиллагааны зардлын хэмжээг талууд гэрээгээр харилцан тохиролцоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “цэргийн үүрэгтэн” гэсний дараа “, цэргийн алба хаасны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч” гэж нэмсүгэй.

            3 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дараахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

            “4.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно.”

2/9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд 1.5, сар тутамд 0.125 хувиар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно.”

            3/22 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

            “2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаагаар цэргийн алба хаасан иргэн өндөр насны болон тахир дутуугийн тэтгэвэр, эсхүл тухайн иргэн нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргасан тохиолдолд уг хугацаанд төлөгдсөн байвал зохих шимтгэлтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу нийгмийн даатгалын санд шилжүүлэн төлнө.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “2-т” гэснийг “3-т” гэж өөрчилсүгэй.   

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          М.ЭНХБОЛД

Хэвлэх