Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалт:

“4.1.8.“эцсийн эзэмшигч” гэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.11-т заасныг.”

2/16 дугаар зүйлийн 16.11, 16.12, 16.13, 16.14 дэх хэсэг:

“16.11.Энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцаанд ногдох хэмжээгээр тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.

16.12.Энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн хувьцаанд ногдох хэмжээгээр газрын эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.

16.13.Энэ хуулийн 16.12-т заасан орлогыг Газрын тухай хуулийн 38.6-д заасан үнийн шаардлагыг үндэслэн тодорхойлох ба татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16.14.Энэ хуулийн 16.11-т заасан орлогод албан татвар ногдуулах аргачлал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

3/21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэг:

“21.7.Энэ хуулийн 16.11, 16.12, 16.13, 16.14-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулах албан татварыг тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“8.2.Эрх борлуулсны орлогод дараахь орлогыг хамааруулна:

8.2.1.эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого;

8.2.2.хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого.”

                              

Хэвлэх

3 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсгийн дугаарыг “21.8” гэж, 21.8 дахь хэсгийн дугаарыг “21.9” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД