Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/49 дүгээр зүйлийн 49.4.8 дахь заалт:

“49.4.8.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.14 дэх хэсэгт заасан аргачлалын дагуу тооцсон үнэ, тайлбар, танилцуулга.”

2/49 дүгээр зүйлийн 49.12 дахь хэсэг:

“49.12.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т заасан эцсийн эзэмшигч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шууд бусаар шилжүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 49.4.8-д заасан баримт бичгийг харьяа татварын албанд шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор мэдэгдэнэ.”

3/56 дугаар зүйлийн 56.1.9, 56.1.10, 56.1.11 дэх заалт:

“56.1.9.Энэ хуулийн 49.1, 49.2, 49.3-т заасныг зөрчиж тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн бол;

56.1.10.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 49.4.8, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.11, 16.14-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан;

56.1.11.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.1.12, 15.2.10, Татварын ерөнхий хуулийн 18.1.14-т заасны дагуу холбогдох байгууллагад үнэн зөв мэдээлээгүй бол.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “хуулийн этгээдэд” гэсний дараа “энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх заалтын “хайгуулын” гэсний дараа “болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын “26.9” гэсний дараа “, 60.9-д” гэж, 49 дүгээр зүйлийн 49.6.1 дэх заалтын “шалтгаангүй” гэсний дараа “бөгөөд холбогдох татварыг төлсөн тухай татварын алба тодорхойлолт гаргасан” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/11 дүгээр зүйлийн 11.1.25 дахь заалт:

“11.1.25.энэ хуулийн дагуу ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, батлуулах.”

2/17 дугаар зүйл:

Хэвлэх

“17 дугаар зүйл.Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шалгаруулалтын  талбайг ялгах

17.1.Энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана.

17.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно.

17.3.Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

17.4.Энэ хуулийн 17.3-т заасны дагуу Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.

17.5.Энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан талбай нь дараахь шаардлагыг хангасан байна:

17.5.1.дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх;

17.5.2.тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх;

17.5.3.хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх.

17.6.Энэ хуулийн 17.5.2, 17.5.3-т заасан давхцал гаргахгүйн тулд хүсэлтэд дурдсан талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно:

17.6.1.улсын хил;

17.6.2.нөөцөд авсан талбай;

17.6.3.тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар;

17.6.4.энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ хуульд зааснаас өөр хэлбэр, байршил бүхий талбай;

17.6.5.хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц.

17.7.Нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 150 мянган гектараас ихгүй байна.”

3/18 дугаар зүйл:

Хэвлэх

“18 дугаар зүйл.Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргах, түүнийг бүртгэх журам

18.1.Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:

18.1.1.тухайн хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, цахим шуудангийн хаяг;

18.1.2.тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

18.1.3.үйлчилгээний хөлс төлсөн баримт;

18.1.4.мэргэжлийн боловсон хүчин болон техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан талаархи мэдээлэл, тухайн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төрөл, хэмжээ, хугацаа, өртөг болон байгаль орчныг хамгаалах ажилд зарцуулах зардал бүхий төсөл, төсөв болон холбогдох бусад баримт бичгийг нэгтгэсэн техникийн санал;

18.1.5.төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу үйлдэж, битүүмжилж ирүүлсэн үнийн санал;

18.1.6.Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай татварын албаны тодорхойлолт;

18.1.7.Энэ хуулийн 10.1.2-д заасан журамд заасан бусад шаардлагатай баримт бичиг.”

18.2.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.1-д заасан хүсэлтийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагааг явуулна:

18.2.1.хүсэлтийг бүртгэлийн дэвтэрт бүртгэж, он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд өгөх;

18.2.2.тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд бүртгэгдсэн хүсэлтэд тусгай тэмдэглэгээ хийх.”

4/20 дугаар зүйл:

Хэвлэх

“20 дугаар зүйл.Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох

20.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 10.1.2-д заасан журмын дагуу зохион байгуулж, доор дурдсан ажиллагааны аль нэгийг гүйцэтгэнэ:

20.1.1.хүсэлт гаргасан хуулийн этгээдийн техникийн болон үнийн саналд энэ хуулийн 10.1.2-д заасан журмын дагуу үнэлгээ өгч, хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх;

20.1.2.хэрэв 2 болон түүнээс дээш оролцогч адил үнэлгээ авсан бол хүсэлтээ хамгийн түрүүнд бүртгүүлсэн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх.

20.1.3.хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 18.1-д заасан шаардлага хангаагүй бол сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй үндэслэл, шалтгааныг хүсэлтэд хавсаргасан баримт бичгийн хамт хүсэлт гаргасан хуулийн этгээдэд хүргүүлнэ.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасны дагуу сонгон шалгаруулалт зарласан боловч хүсэлт ирээгүй бол сонгон шалгаруулалтыг дахин зарлаж болно.

20.3.Энэ хуулийн 20.1.1, 20.1.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой бол сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүү, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай мэдэгдлийг сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдэд хүргүүлнэ.

20.4.Энэ хуулийн 20.3-д заасны дагуу мэдэгдлийг хүргүүлсэн өдрөөс хойш энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг авах боломжгүй тухайгаа мэдэгдсэн, эсхүл сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүү, эхний жилийн төлбөрийг төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.1.1, 20.1.2-т заасан мэдэгдлийг хүчингүй болгож, хүсэлт гаргасан хуулийн этгээдэд энэ тухай бичгээр мэдэгдэнэ.

20.5.Сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.

20.6.Хайгуулын тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон талбайн булангийн цэгийн солбицлуудыг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.

20.7.Төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон даруйд энэ тухай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн талбай байрших аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ.”

5/24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг:

“24.2.Энэ хуулийн 24.1-д зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо энэ хуулийн 18 дугаар зүйл, 20.1-д заасан журмыг нэгэн адил баримтална.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын “энэ хуулийн 19.12,” гэснийг “улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.16 дахь заалтын “хүссэн” гэснийг “олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг” гэж, 111 дүгээр зүйлийн 111.1.3 дахь заалтын “геологи, уул уурхай” гэснийг “үндэсний геологи” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн “19.6” гэснийг “20.3” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын “19.12,” гэснийг,11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь заалтын “үндэсний” гэснийг, 11.1.13 дахь заалтын “улсын төсвийн хөрөнгөөр илрүүлсэн эрдсийн хуримтлал бүхий талбайд” гэснийг, 11 дүгээр зүйлийн 11.1.16 дахь заалтын “шийдвэрлэх” гэснийг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн “, 24.2” гэснийг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “, 24.2” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД