Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 02 сарын 08 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

   ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

   өөрчлөлт ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7, 8, 9, 10, 11 дэх хэсэг нэмсүгэй:

“7.Банк нь корпорацийн хүсэлтээр шаардлагатай нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгөөгүй бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Банк нь Үндэсний хорооноос баталсан банкны тайлан, мэдээ, мэдээлэл ирүүлэх журам зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Банк нь дутуу, эсхүл буруу мэдээ, мэдээллийг ирүүлсэн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Банк нь Үндэсний хорооноос баталсан журмын дагуу хадгаламжийн даатгалын тогтолцоо, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, түүнийг тооцох хугацааны талаархи мэдээллээр хадгаламж эзэмшигчийг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар буруу мэдээлэл хүргэсэн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Банк нь энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор, эсхүл банкны салбарын тогтвортой байдал, хадгаламж эзэмшигчдийн итгэлд сөргөөр нөлөөлөх байдлаар ашигласан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “ажилтан,” гэсний дараа “хянан шалгагч,” гэж нэмсүгэй.

            3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн дараахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

                        1/11.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

            “1.Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, эсхүл банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлсөн, эсхүл даатгалын нөхөн төлбөр олгох банкинд зориудаар худал мэдээлэл өгсөн, эсхүл уг мэдээллийг ашиглан даатгалын нөхөн төлбөр олгосон бол ажилтныг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

                        2/11.12 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

“6.Банк нь хадгаламжийн даатгалын корпораци хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг банк тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь хадгаламжийн даатгалын корпорацид хүргүүлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “нэмсэнтэй” гэснийг “нэмсэн хувиар үржүүлсэн дүнтэй” гэж, мөн зүйлийн 7 дахь хэсгийн “7” гэснийг “12” гэж, мөн хэсгийн “Даатгалын” гэснийг “Банк нь даатгалын” гэж тус тус өөрчилсүгэй. 

            5 дугаар зүйл.Энэ хуулийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД