Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 04 сарын 26 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ

САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, өөрчлөлт ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/21 дүгээр зүйл:

Хэвлэх

“21 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

21.1.Энэ хуульд заасан терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бүхий л зохицуулалтад үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх аливаа үйл ажиллагаа нэгэн адил хамаарна.”

                        2/3 дугаар зүйлийн 3.1.10, 3.1.11, 3.1.12, 3.1.13 дахь заалт:

“3.1.10.“гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т заасныг;

3.1.11.“үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх” гэж Монгол Улсын олон улсын гэрээгээр хориглосон хими, биологийн, эсхүл үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсэг, тэдгээрийн түүхий эд, эд зүйл, тоног төхөөрөмж, технологийг боловсруулах, үйлдвэрлэх, хуримтлуулах, олж авах, худалдах үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд, эсхүл шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсныг;

3.1.12.“үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч” гэж үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүнийг;

3.1.13.“хөрөнгийг удирдах” гэж харилцагчийн хөрөнгийг түүний нэрийн өмнөөс ашиглах, эзэмших, захиран зарцуулахыг.”

                        3/4  дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт:

“4.1.9.нотариатч, хуульч, эсхүл нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчийн нэрийн өмнөөс дараах ажиллагааг хийсэн бол:

4.1.9.а.үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах;

4.1.9.б.харилцагчийн хөрөнгийг удирдах;

4.1.9.в.банкны, хадгаламжийн, үнэт цаасны дансыг удирдах;

4.1.9.г.компанийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааг явуулах, удирдахад зориулан хөрөнгө татах, бүрдүүлэхийг зохион байгуулах;

4.1.9.д.хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааг явуулах, удирдах, эсхүл хэлцлийн үндсэн дээр аливаа тодорхой үйл ажиллагаа явуулах, удирдах, эсхүл аж ахуйн нэгжийг худалдах, худалдан авах.”

                        4/4 дүгээр зүйлийн 4.3, 4.4 дэх хэсэг:

 “4.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд ийнхүү хэрэгжүүлэхдээ дараах эрсдэлийг харгалзан өөрийн аж ахуйн үйл ажиллагааны онцлог, хамрах хүрээнд нийцүүлэн бодитойгоор үнэлнэ:

4.3.1.харилцагчаас хамаарч үүсэх эрсдэл;

4.3.2.бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хамаарч үүсэх эрсдэл;

4.3.3.бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчид хүргэх арга, хэлбэрээс хамаарч үүсэх эрсдэл;

4.3.4.газар зүйн байршлаас хамаарч үүсэх эрсдэл.

4.4.Энэ хуулийн 4.3-т заасан эрсдэлийг үнэлэхэд ашигласан баримт, мэдээллийг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан хугацаанд хадгалах ба энэ хугацаанд эрх бүхий хянан шалгагч, улсын байцаагчийн шаардсан даруйд гарган өгөхөд бэлэн байлгана.”

                        5/41 дүгээр зүйл:

Хэвлэх

 “41 дүгээр зүйл.Эцсийн өмчлөгчийг тогтоох

41.1.Эцсийн өмчлөгчийг дараах дарааллаар шалгаж тогтооно:

41.1.1.хувьцааны дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа хүнийг;

41.1.2.энэ хуулийн 41.1.1-д заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн үйл ажиллагааг шууд бусаар удирдаж байгаа, эсхүл өөрийн эрхээ бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа хүнийг;

41.1.3.энэ хуулийн 41.1.1, 41.1.2-т заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлэгч хүнийг.

41.2.Эцсийн өмчлөгчийг шалгаж тогтоох талаар авч хэрэгжүүлэх нарийвчилсан үйл ажиллагааг энэ хуулийн 5.14-т заасан журмаар зохицуулна.”

                        6/5 дугаар зүйлийн 5.6.5 дахь заалт:

“5.6.5.корреспондент харилцаа тогтоох банк нь дансаа гуравдагч этгээдэд шууд ашиглуулах бол уг этгээдийг таньж мэдэх үйл ажиллагааг хийсэн байх ба энэ мэдээллийг шаардлагатай тохиолдолд хуулиар эрх олгогдсон этгээдэд гаргаж өгөх үүрэг хүлээх.”

                        7/5 дугаар зүйлийн 5.9, 5.10, 5.11, 5.12, 5.13, 5.14 дэх хэсэг:

 “5.9.Дараах харилцагчийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзнэ:

5.9.1.улс төрд нөлөө бүхий этгээд;

5.9.2.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улсын хүн, хуулийн этгээд;

5.9.3.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд.

5.10.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хийх, хүлээн авах, дамжуулах шилжүүлэг нь шилжүүлэгч, хүлээн авагчийн талаарх тодорхой мэдээллийг бүрэн агуулсан байх ба шилжүүлэгч, хүлээн авагчийн мэдээлэл тодорхой бус тохиолдолд шилжүүлэг хийх, хүлээн авах, дамжуулахаас татгалзана.

5.11.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан мэдээлэлд байнгын хяналт тавьж, өөрчлөлт орсон тухай бүрд мэдээллийг шинэчилнэ.

5.12.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7-д заасан этгээд нь харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгэх тохиолдолд тавигдах шаардлагыг энэ хуулийн 5.14-т заасан журмаар зохицуулна.

5.13.Гуравдагч этгээдээр харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хийлгэх нь энэ хуулийн 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7-д заасан этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

5.14.Дараах нарийвчилсан үйл ажиллагааг тусгасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч батална:

5.14.1.эцсийн өмчлөгчийг шалгаж тогтоох талаар авч хэрэгжүүлэх нарийвчилсан үйл ажиллагаа;

5.14.2.харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа;

5.14.3.харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагаа;

5.14.4.харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгэх тохиолдолд тавигдах шаардлага;

5.14.5.эрсдэлийн үнэлгээний талаарх нарийвчилсан үйл ажиллагаа;

5.14.6.дотоод хяналтын хөтөлбөрийн талаар;

5.14.7.хориг арга хэмжээний жагсаалттай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ;

5.14.8.холбогдох бусад арга хэмжээ.”

            8/61 дүгээр зүйл:

Хэвлэх

 “61 дүгээр зүйл.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл болон эрх бүхий байгууллагаас гаргасан  хориг арга хэмжээг хэрэгжүүлэх

61.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний жагсаалтад нийцүүлэн Терроризмтой тэмцэх тухай хуулийн 6.1.4-т заасны дагуу баталсан хориг арга хэмжээний жагсаалт /цаашид “хориг арга хэмжээний жагсаалт” гэх/-д орсон хүн, хуулийн этгээд, аливаа бүлэг, нэгдэлд аливаа үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

61.2.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь хориг арга хэмжээний жагсаалтад хамаарах хүн, хуулийн этгээд, аливаа бүлэг, нэгдлийн нэр илэрсэн, мэдсэн даруйд урьдчилан мэдэгдэлгүйгээр холбогдох данс, хөрөнгийн хөдөлгөөнийг шууд зогсоож, холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр гүйлгээ хийх эрхгүй болгож, энэ тухай Санхүүгийн мэдээллийн албанд даруй мэдээлнэ.

61.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улс орон, нутаг дэвсгэрийн харилцагч нарт харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх ба шаардлагатай бол хууль, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан арга хэмжээг авна.

61.4.Хориг арга хэмжээний жагсаалтыг энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд хүргэх, хориг арга хэмжээ болон хуульд заасан бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эдгээр арга хэмжээний хэрэгжилтийн тайлан гаргахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 5.14-т заасан журмаар зохицуулна.”

            9/9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг:

“9.2.Санхүүгийн мэдээллийн алба нь сэжигтэй гүйлгээтэй холбогдсон этгээдийн дансны хуулбар, данс нээхэд ашигласан бичиг баримтын хуулбар, банкны харилцагчийн эрсдэлийг үнэлсэн баримт бичиг зэрэг нэмэлт мэдээллийг энэ хуулийн 4.1-д заасан  этгээдээс гаргуулан авах эрхтэй.”

                        10/16 дугаар зүйлийн 16.10 дахь хэсэг:

 “16.10.Санхүүгийн мэдээллийн албаны дотоод үйл ажиллагаатай холбогдох бусад журам, зааврыг Санхүүгийн мэдээллийн албаны дарга батална.”

           

                        11/18 дугаар зүйлийн 18.1.6, 18.1.7, 18.1.8, 18.1.9 дэх заалт:

“18.1.6.хориг арга хэмжээний жагсаалтыг энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд мэдээлэх, хэрэгжилтийг нь зохион байгуулах;

18.1.7.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар нэгдсэн статистик гаргах, хяналт шалгалт хийх, эрх бүхий бусад этгээдээр хяналт шалгалт хийлгэх;

18.1.8.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээ хийх, уг үнэлгээний үр дүнд суурилсан үндэсний стратеги боловсруулах, уг стратегийг Хамтын ажиллагааны зөвлөлөөр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;

18.1.9.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээг зохион байгуулах.”

                        12/221 дүгээр зүйл:

Хэвлэх

            “221 дүгээр зүйл.Үндэсний зөвлөл

221.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл ажиллах бөгөөд уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд батална.

221.2.Үндэсний зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнд прокурорын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрх бүхий хууль сахиулах болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага, татвар, гаалийн байгууллага, Санхүүгийн мэдээллийн албаны төлөөллийг оролцуулна.

221.3.Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Санхүүгийн мэдээллийн алба хэрэгжүүлнэ.”

                       

13/23 дугаар зүйлийн 23.2, 23.3 дахь хэсэг:

“23.2.Энэ хууль, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол энэ хуулийн 19.1-д заасан байгууллагын эрх бүхий албан тушаалтан үүссэн нөхцөл байдал, дутагдлыг харгалзан дараах арга хэмжээг авна:

23.2.1.дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх, хугацаатай үүрэг, даалгавар өгөх;

23.2.2.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулж, бэхжүүлэх арга хэмжээ авахыг даалгах;

23.2.3.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох, түдгэлзүүлэх, үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргах;

23.2.4.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн эрх бүхий албан тушаалтныг албан тушаалаас чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөрчлөхийг үүрэг болгох.

23.3.Эрх бүхий албан тушаалтнаас энэ хуулийн 23.2-т заасны дагуу өгсөн хугацаатай үүрэг, даалгавар, сануулга, шаардлагыг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” 

Хэвлэх

2 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтын “сан” гэсний дараа “, хөрөнгө оруулалтын менежментийн компани” гэж, мөн зүйлийн 4.1.7 дахь заалтын “үл хөдлөх” гэсний өмнө “харилцагчийн нэрийн өмнөөс үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол” гэж, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “олсон” гэсний дараа “хөрөнгө,” гэж, мөн хэсгийн “цагийн дотор” гэсний дараа “сэжигтэй гүйлгээний тухай” гэж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “алба нь” гэсний дараа “мөнгө угаах гэмт хэрэг, түүнд холбогдох гэмт хэрэг, зөрчил болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой мэдээлэл,” гэж, 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийн “банк” гэсний өмнө “татвар төлөлтийн бүртгэл,” гэж, мөн хэсгийн “банк” гэсний дараа “, санхүүгийн байгууллага” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

                        1/3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт:

“3.1.1.“мөнгө угаах” гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг;”

                        2/3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт:

“3.1.6.“эцсийн өмчлөгч” гэж:

3.1.6.а.харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

3.1.6.б.харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

3.1.6.в.хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;”

                        3/5 дугаар зүйлийн 5.3, 5.5, 5.6, 5.7, 5.8 дахь хэсэг:

“5.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь харилцагчийн эрсдэлийн түвшинг үнэлж, өндөр эрсдэлтэй харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх ба уг үйл ажиллагааг энэ хуулийн 5.14-т заасан журмаар зохицуулна.”

5.5.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь дараах тохиолдолд харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг энэ хуулийн 5.2.1, 5.2.2-т заасан хүрээнд харилцагчийг таньж мэдэх хялбаршуулсан үйл ажиллагааг хийж болно:

                       

5.5.1.харилцагч нь төрийн болон нутгийн захиргааны байгууллага, эсхүл хөрөнгийн биржид бүртгэлтэй компани нь хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийг ил тод мэдээлэх үүрэгтэй бол;

5.5.2.ижил түвшний урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг мэдээлэх үүрэгтэй этгээд хоорондоо харилцахад.

5.6.Энэ хуулийн 4.1.1-д заасан этгээд нь гадаад гуйвуулга, шилжүүлэг, төлбөр тооцоо хийх зорилгоор гадаад улсын банктай корреспондент харилцаа тогтоохоос өмнө дараах мэдээллийг авсан байна:

5.6.1.тухайн банкны үйл ажиллагааны чиглэлийн талаарх мэдээлэл;

5.6.2.тухайн банк нь нийтэд танигдсан байдлын талаарх мэдээлэл;

5.6.3.корреспондент харилцааг тогтоох талаар гаргасан удирдлагын шийдвэр, уг харилцаанд оролцогч талуудын эрх, үүргийг харилцан тохирсон тухай мэдээлэл;

5.6.4.тухайн банк мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, дотоод хяналтын хөтөлбөртэй эсэх;

5.6.5.тухайн банк мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд холбогдон шалгагдсан, шалгагдаж байгаа эсэх талаарх мэдээлэл.

5.7.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7-д заасан этгээдэд:

5.7.1.халхавч банктай харилцахыг;

5.7.2.халхавч банктай харилцаа тогтоосон банктай харилцахыг;

5.7.3.халхавч банктай өмнө нь харилцаа тогтоосон байсан бол харилцааг үргэлжлүүлэхийг хориглоно.

5.8.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь шинэ бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлэхийн өмнө түүний мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд ашиглагдаж болох эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.”

                        4/12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг:

“12.3.Тодорхой гүйлгээг энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан журмын дагуу түдгэлзүүлснээс иргэн, хуулийн этгээдэд гэм хор учирсан нь энэ хуулийн 4.1-д заасан этгээд, түүний удирдлага, ажилтан болон Санхүүгийн мэдээллийн алба, тус албаны албан хаагчийг Эрүүгийн хууль, Иргэний хууль болон бусад хуульд заасан аливаа хариуцлагад татах үндэслэл болохгүй.”

                        5/13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг:

“13.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд, түүний удирдлага, ажилтан нь Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлсэн гүйлгээтэй холбоотой аливаа мэдээллийг энэ хуулийн 7.4-т зааснаас бусад этгээдэд дамжуулах, задруулахыг хориглоно.”

                        6/14 дүгээр зүйл:

Хэвлэх

            “14 дүгээр зүйл.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн дотоод хяналт

14.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь түүний төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байна.

14.2.Дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр нь энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн бизнесийн цар хүрээ, үйл ажиллагааны онцлог, бүтэц, зохион байгуулалтад нийцсэн байх ба мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжийг хангасан байна.

14.3.Дотоод хяналтын хөтөлбөрийг энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн харьяалагддаг санхүүгийн нэгдэл, тэдгээрийн бүх салбар нэгж, охин компани нь  нэгэн адил хэрэгжүүлнэ.

14.4.Дотоод хяналтын хөтөлбөрт дараах асуудлыг тусгана:

14.4.1.харилцагч, бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийг харилцагчид хүргэх үйл ажиллагаанд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх аргачлал;

14.4.2.өндөр эрсдэлтэй харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам;

14.4.3.шинэ технологи болон өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийг харилцагчид хүргэх арга хэлбэрийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээний зохицуулалт;

14.4.4.харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа, харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааны журам;

14.4.5.харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд дагаж мөрдөх зохицуулалт;

14.4.6.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл, төрийн болон олон улсын холбогдох байгууллагаас гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалт;

14.4.7.тусгайлан хяналт тавих үйл ажиллагааны журам;   

14.4.8.корреспондент банкны харилцаа тогтоох журам;                                         

14.4.9.мөнгөн гуйвуулга, цахим төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам;

14.4.10.сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээллийн нууцлалыг хадгалах, Санхүүгийн мэдээллийн алба болон эрх бүхий бусад байгууллагад мэдээлэл өгөх, баримт бичиг шилжүүлэх, хадгалах журам;

14.4.11.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, дотоод хяналтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх журам, түүний эрх, үүрэг;

14.4.12.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, холбогдох бусад журмын хэрэгжилтийг хангахад чиглэсэн дотоод сургалтын хөтөлбөр;

14.4.13.хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан бусад нөхцөл, шаардлага.

14.5.Дотоод хяналтын хөтөлбөрийг энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь өөрийн харьяалагддаг хяналт тавих эрх бүхий байгууллагад хүргүүлж бүртгүүлнэ.

14.6.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь төлөөлөн удирдах зөвлөл, түүний дэргэдэх хороо, эсхүл бие даасан дотоод хяналтын нэгжээр дамжуулан дотоод хяналтын хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллана.”

                        7/19 дүгээр зүйл:

Хэвлэх

            “19 дүгээр зүйл.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналт

19.1.Энэ хуулийн 4.1.1-д заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг Монголбанк, энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7-д заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг Санхүүгийн зохицуулах хороо, энэ хуулийн 4.1.8, 4.1.9-д заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг тухайн төрлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих эрх бүхий байгууллага эрсдэлд суурилсан хэлбэрээр тус тус хэрэгжүүлнэ.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан эрх бүхий байгууллага, Санхүүгийн мэдээллийн алба дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

19.2.1.энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд газар дээрх шалгалт хийх, зайнаас хяналт тавих, шалгалтын удирдамж, журам, заавар, зөвлөмж гаргах;

19.2.2.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, шалгалт хийх зорилгоор баримт, тайлан, мэдээлэл, тайлбар гаргуулан авах;

19.2.3.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, гүйцэтгэх удирдлага, ажилтанд тавигдах шаардлагыг тодорхойлох;

19.2.4.санхүүгийн нэгдлийн оролцогч нь өөр улсад бүртгэгдсэн, эсхүл байршдаг бол холбогдох хяналт тавих эрх бүхий байгууллага нь тухайн улсын хяналт тавих эрх бүхий байгууллагатай гэрээ, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан мэдээлэл солилцох, хамтарсан шалгалт хийх хэлбэрээр хамтран ажиллах;

19.2.5.энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалтын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зорилгоор холбогдох хяналт тавих эрх бүхий байгууллага хоорондоо болон Санхүүгийн мэдээллийн албатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах;

19.2.6.энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авч байгаа арга хэмжээ болон хариуцлагын талаарх статистик мэдээг нийтэд түгээх;

19.2.7.санхүүгийн нэгдлийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийг шалгах шаардлагатай гэж үзвэл Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтран нэгдсэн хяналт шалгалтыг хийх.

19.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд, түүний удирдлага, ажилтан нь хянан шалгагчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар явуулах нөхцөлөөр хангана.

19.4.Санхүүгийн мэдээллийн алба шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 4.1-д заасан этгээд хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг энэ хуулийн 19.1-д заасан этгээдтэй хамтран хэрэгжүүлж болно.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтын “этгээдийг” гэснийг “этгээд, эсхүл гадаад улсын түүнтэй адилтгах албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтныг” гэж, мөн зүйлийн 3.1.7 дахь заалтын “аливаа нэг улсад бүртгэлтэй боловч тухайн улсдаа бодит байдлаар оршин байдаггүй банкийг” гэснийг “гүйцэтгэх удирдлага болон үйл ажиллагаа нь тухайн зөвшөөрөл авсан, эсхүл бүртгүүлсэн улсдаа бодитоор оршин байдаггүй, эсхүл тусгай зохицуулалттай ба нэгдсэн хяналт шалгалтад хамрагддаг санхүүгийн байгууллагад хамаардаггүй банкийг” гэж, мөн зүйлийн 3.1.9 дэх заалтын “заасныг.” гэснийг “заасныг;” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтын “нотариатч.” гэснийг “энэ хуулийн 5.1.2-т заасан мөнгөн дүн бүхий бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн бол үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч;” гэж, 5 дугаар зүйлийн 5.2.6 дахь заалтын “дугаарыг тодруулах” гэснийг “дугаар, дансны дугаарыг авах” гэж, мөн зүйлийн 5.4 дэх хэсгийн “5.2-т заасан мэдээлэл” гэснийг “5.2, 5.3-т заасны дагуу шаардсан мэдээллийг” гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “банкны болон мэргэжлийн нууц” гэснийг “банкны, мэргэжлийн, мэргэжлийн үйл ажиллагааны, үйлчлүүлэгчийн, аж ахуйн нэгж, байгууллагын, бизнесийн болон бусад нууц” гэж, мөн зүйлийн 12.2 дахь хэсгийн “этгээдийг” гэснийг “иргэн, хуулийн этгээдийг мэдээлэл өгсөнтэй нь холбогдуулан Эрүүгийн хууль, Иргэний хууль болон бусад хуульд заасан аливаа” гэж, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн “бүтэц” гэснийг “бүтцийг тус албаны дарга” гэж, мөн хэсгийн “зардлыг энэ хуулийн 22.1-д заасан Хамтын ажиллагааны зөвлөлийн” гэснийг “төсвийг тус албаны даргын” гэж, 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь заалтын “явуулах.” гэснийг “явуулах;” гэж тус тус өөрчилсүгэй. 

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД