Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 04 сарын 26 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 5.10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3, 4 дэх хэсэг нэмсүгэй:

            “3.Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхээс сэргийлэхтэй холбогдсон аливаа мэдээллийг төрийн холбогдох байгууллагад даруй өгөх, эсхүл террор ажиллагаа, үйлдэлд өдөөн хатгасан аливаа явуулгад автахгүй байх, эсхүл үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхээс сэргийлэх арга хэмжээ, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Зохицуулах зөвлөлийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхээс сэрэмжлүүлэх талаар өгсөн үүрэг, эсхүл үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг удирдах шуурхай штабын хүсэлт, шаардлагыг хуулийн этгээд даруй биелүүлэх, эсхүл түүнд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

        “11.29 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих

1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу:

            1.1.нэргүй, дугаарласан, хуурамч нэрээр данс нээх, эсхүл гүйлгээ хийх;

            1.2.хаагдсан данс ашиглах;

            1.3.халхавч банктай харилцсан;

            1.4.халхавч банктай харилцаа тогтоосон банктай харилцсан;

            1.5.халхавч банктай өмнө нь харилцаа тогтоосон байсан харилцааг үргэлжлүүлэхийг хориглосон журам зөрчсөн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Эцсийн өмчлөгчийг тогтоох талаар хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хуульд заасны дагуу харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэдэх үүргээ биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хуульд заасан харилцагчийг таньж мэдэхийн тулд авах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хуульд заасны дагуу харилцагчийг таньж мэдэх хүрээнд шаардсан мэдээллийг өгөхөөс татгалзсан хүн, хуулийн этгээдэд аливаа үйлчилгээ үзүүлсэн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хялбаршуулсан журмаар харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа явуулах тухай холбогдох зохицуулалтыг зөрчсөн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Хуульд заасны дагуу улс төрд нөлөө бүхий этгээд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улсын хүн, хуулийн этгээд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хийх, хүлээн авах, дамжуулах шилжүүлэг нь шилжүүлэгч, хүлээн авагчийн талаархи хуульд заасан мэдээллийг бүрэн агуулаагүй байхад шилжүүлэг хийсэн, хүлээн авсан, эсхүл дамжуулсан бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс, эсхүл төрийн холбогдох байгууллагаас гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх талаар хуульд заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Мэдээллийн нууцлалыг хадгалах талаар хуульд заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих зорилгоор баримт, тайлан, мэдээлэл, тайлбар гаргуулан авах талаар хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь өндөр эрсдэлтэй харилцагчийн хувьд харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх журмыг зөрчсөний улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагч, улсын байцаагчийн өгсөн үүрэг,  даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.Хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь гадаад гуйвуулга, шилжүүлэг, төлбөр тооцоо хийх зорилгоор гадаад улсын банктай корреспондент харилцаа тогтоохоос өмнө хуульд заасны дагуу мэдээллийг авах үүргээ биелүүлээгүйн улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагчийн өгсөн үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь шинэ бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлэхийн өмнө түүний мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд ашиглагдаж болох эрсдэлийн үнэлгээг хийх, эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагч, улсын байцаагчийн өгсөн үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийг таньж мэдэх талаар хуульд заасан мэдээлэлд байнгын хяналт тавих, өөрчлөлт орох бүрд мэдээллийг шинэчлэх үүргээ биелүүлээгүйн улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагч, улсын байцаагчийн өгсөн үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.Хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгэх тохиолдолд тавигдах шаардлагыг  зөрчсөний улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагч, улсын байцаагчийн өгсөн үүрэг,  даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

17.Хуульд заасан тусгай хяналтын талаар тогтоосон журмыг зөрчсөний улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагчаас өгсөн үүрэг,  даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

18.Хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн дотоод хяналтын талаар тогтоосон журмыг зөрчсөний улмаас уг дутагдлыг арилгах талаар хянан шалгагч, улсын байцаагчийн өгсөн үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

19.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь:

            19.1.дотоод хяналтын хөтөлбөрийг баталж бүртгүүлээгүй;

            19.2.шаардлага хангаагүй албан тушаалтныг ажилд томилсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван  мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

20.Гүйлгээний талаар мэдээлэх, сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэл, хөрөнгө битүүмжлэх, түдгэлзүүлэхтэй холбоотой хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

21.Хуульд заасан харилцагчийг таньж мэдэх, тусгайлан хяналт тавих, гүйлгээний талаар мэдээлэх, харилцагчийн талаархи баримт материалыг хадгалахтай холбоотой үүргийг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

22.Гаалийн байгууллагад:

            22.1.үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн;

            22.2.үнэн зөв мэдүүлэг гаргахаас татгалзсан;

            22.3.худал мэдүүлсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД