Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25, 29, 32, 33 дугаар зүйл, 4.1, 17.1, 23.1, 24.1, 27.1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 14, 15, 16, 17 дахь заалт:

"4.1.14."онцгой байдал" гэж гамшгаас хамгаалах арга хэмжээ авах, түүнийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг онцгой ажиллагаа явуулж байгаа нөхцлийг;

4.1.15."аврах ажиллагаа" гэж гамшгийн аюулын үед хүн, мал, амьтан, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйлийг эрж хайх, аврах, гал түймрийн шаталтыг зогсоох, унтраах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, гамшгийн голомтоос гаргах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг;

4.1.16."гамшгаас хамгаалах улсын хяналт" гэж гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, заавар, норм, нормативын хэрэгжилтэд хяналт тавихыг;

4.1.17."аврагч" гэж аврах ажиллагааны арга технологийг эзэмшиж, мэргэжлийнхээ дагуу онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, аврах болон мэргэжлийн ангид ажиллаж байгаа мэргэшсэн албан хаагчийг."

2/ 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9, 10, 11 дэх заалт:

"17.1.9.Зам, тээврийн алба;

17.1.10.Барилга, хот байгуулалтын алба;

17.1.11.Мэргэжлийн хяналтын алба."

3/ 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

"23.1.6. гамшгийн цагийн байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад шуурхай мэдээлж байх."

4/ 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалт:

"24.1.14.гамшгаас хамгаалах тухай мэдээлэл, сурталчилгааг хэвлэл, мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд хүргэх;"

5/25 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"25.3.Гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагч нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга байна."

6/ 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт:

"27.1.10. гамшгаас хамгаалах тухай мэдээлэл, сурталчилгааг холбоо болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй шуурхай дамжуулж, олон нийтэд хүргэх.

"7/ 29 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг:

"29.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагч нь төрийн албанд анх орохдоо "Монгол Улсын иргэн би онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн, хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ батлан тангараглая. Би энэ тангарагаас няцваас холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөнө.

29.4.Энэ хуулийн 29.3-т заасан тангараг өргөх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтооно."

8/32 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг:

"32.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай алба хаагч ахлагч нь шадар түрүүч, тэргүүн түрүүч, дээд түрүүч, офицер нь шадар дэслэгч, тэргүүн дэслэгч, дээд дэслэгч, шадар ахмад, тэргүүн ахмад, дээд ахмад, комиссар, тэргүүн комиссар гэсэн цолтой байна.

32.4.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчийн алба хаах журмыг асуудал эрхэлсэн сайд батална."

9/33 дугаар зүйлийн 8, 9, 10, 11, 12, 13 дахь хэсэг:

"33.8. Энэ хуулийн 33.7.1-д заасан цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацаанд олгоно.

33.9.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчийг цэргийн жинхэнэ албанд татахаас чөлөөлнө.

33.10.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчийн ажилдаа ирэх, буцах болон байгууллагын гадна албан үүргээ биелүүлэхийг албаны үүргээ гүйцэтгэж байгаад тооцно.

33.11.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчид цалин, хөлс олгох журмыг Засгийн газар тогтооно.

33.12.Аврах ажиллагаанд оролцдог албан хаагч дараахь нэмэлт хөнгөлөлт, урамшууллыг эдэлнэ:

33.12.1.аврах ажиллагаа явуулсны төлөө урамшуулал авах. Урамшуулал олгох журмыг Сангийн болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан тушаалаар тогтооно;

33.12.2.алба хаасан хугацааг нь тогтооход ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцох;

33.12.3.жил бүр ажлын 20 өдрийн ээлжийн амралт эдлэх;

33.12.4.алба хаасан таван жил тутамд 3 өдрийн нэмэгдэл амралт эдлэх;

33.12.5.гамшгийн голомтод ажилласан тохиолдолд эмнэлгийн үзлэгт хамрагдаж, шаардлагатай бол нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх;

33.12.6.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулах бөгөөд зардлыг төр хариуцах.

33.13. Энэ хуульд зааснаас бусад хөнгөлөлт, урамшууллын төрөл, хэмжээг Засгийн газар тогтоож болно."

Хэвлэх

2 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.4-ийн "тээврийн хэрэгсэл" гэсний дараа "осолдох," гэж; 7.3.5-ын "оюутан, сурагчдын" гэсний дараа "гамшгаас хамгаалах боловсрол олгох" гэж; 11.2, 11.3, 11.4-ийн "гамшгийн" гэсний дараа "аюулын" гэж; 22.1.1-ийн "хамгаалах" гэсний дараа "төрийн бодлого," гэж; 24.1.1-ийн "Засгийн газрын" гэсний дараа "болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын" гэж; 27.1.8-ын "тохируулж" гэсний дараа "энэ хуулийн 27.1.2-т заасан" гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

"3.1.Энэ хууль нь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход гамшгаас хамгаалах алба, бусад байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд үйлчилнэ."

2/4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт:

"4.1.2."гамшиг" гэж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд улс, орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг;"

3/ 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалт:

"7.3.1.онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч, уг байгууллагын харьяа нэгж болон аймаг, нийслэлийн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, гамшгаас хамгаалах албаны удирдах бүрэлдэхүүний сургалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;"

4/9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

"9.6.Энэ хуулийн 9.5.2, 9.5.3-т заасан шийдвэрийг доод шатны Засаг даргын санал болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, асуудал эрхэлсэн сайдын саналыг үндэслэн гаргана."

5/13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"13.2.Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүрэгт онцгой байдлын асуудал эрхэлсэн газар, хэлтэс байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн газар, хэлтэс нь орон нутагт гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулна. Суманд онцгой байдлын асуудал хариуцсан орон тооны бус штаб ажиллана."

6/20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

"20.1.Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий албад, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн анги болон сайн дурынхан байна."

7/21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

"21.3. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь байгууллагын харьяа нэгжийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батална."

8/22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт:

"22.1.2. гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрмийг батлах."

9/ 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт:

"23.1.5.улсын болон гамшгаас хамгаалах нөөцийг зохих журмын дагуу захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх."

10/25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 9 дэх заалт:

"25.1.2. гамшгийн цагийн байдлын талаар онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдад шуурхай мэдээлэх;

25.1.9.батлагдсан төсөв болон асуудал эрхэлсэн сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан байгууллагын орон тоо, цалингийн санг тогтоох;"

11/33 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:

"33.7.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагч албан үүргээ гүйцэтгэх үед эрүүл мэнд нь хохирсон, эсхүл амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт дор дурдсан тэтгэвэр, тэтгэмж олгоно:

33.7.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж болон авч байсан албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;

33.7.2.хиймэл эрхтэн хийлгэсэн тохиолдолд түүний зардал;

33.7.3.амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж."

Хэвлэх

4 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 1.1, 6.1, 6.2, 8.1, 8.4.2-ын "гамшгаас хамгаалах байгууллага, алба" гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн "онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах алба" гэж; 6 дугаар бүлэг, 29, 30, 31, 32, 33, 34 дүгээр зүйл, 29.1, 29.2, 30.1, 30.2, 31.1, 31.2, 32.1, 33.1-33.6, 34.1, 34.2, 31.1.4-ийн "гамшгаас хамгаалах байгууллага" гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн "онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага" гэж; 15, 24, 25 дугаар зүйл, 7.4, 11.1, 11.6, 12.1, 14.1, 15.1-15.7, 25.1, 25.2, 29.1, 33.5, 8.2.7, 10.1.3, 18.1.8, 25.1.7, 25.1.11, 26.1.5-ын "гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн" гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн "онцгой байдлын асуудал эрхэлсэн" гэж; 19 дүгээр зүйл, 11.6, 19.1-19.5, 25.1.1-ийн "шуурхай штаб" гэснийг "шуурхай бүлэг" гэж; 14.1-ийн "Монгол Улсын Ерөнхий сайд", 23 дугаар зүйл, 19.2, 23.1-ийн "Ерөнхий сайдын" гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн "Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд" гэж; 15.6, 31.2-ын "Засгийн газар" гэснийг "Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд" гэж; 16.2, 17.2-ын "Ерөнхий сайд" гэснийг "Засгийн газар" гэж; 17.1.4-ийн "Дэд бүтцийн" гэснийг "Түлш, эрчим хүчний" гэж; 17.1.6-гийн "Сурталчилгаа, мэдээллийн" гэснийг "Сурталчилгааны" гэж; 17.1.7-гийн "Гал түймэртэй тэмцэх" гэснийг "Мэдээлэл, харилцаа, холбооны" гэж; 24.1.8, 25.1.4-ийн "Ерөнхий сайдын" гэснийг "Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын" гэж; 25.1.1-ийн "төлөвлөж хэрэгжүүлэх" гэснийг "мэргэжлийн удирдлагаар хангах" гэж; 32.2 дахь хэсгийн дугаарыг "32.3" гэж; 24.1.14 дэх заалтын дугаарыг "24.1.15" гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.4-ийн "томоохон", 7.1-ийн "холбогдох", 8.4.2-ын "тэдгээрийн штаб, аврах анги, отряд, салбар", 23.2-ын "Ерөнхий сайдын дэргэд" гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15.3, 15.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Д.ЛYНДЭЭЖАНЦАН