Хэвлэх DOC Татаж авах

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

 

2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр                      Дугаар А/194                                  Улаанбаатар хот
 

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 дахь хэсэг, “Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Журам шинэчлэн батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-д дор дурдсан агуулгатай дараах заалтыг нэмсүгэй:

1/ 1.14 дэх хэсэг:

“1.14 Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын хөтөлбөрийн шалгалт өгч зохих байгууллагаас гэрчилгээ авсан, энэ журмын 2.1-д нэмэлтээр заасан элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаагүй Монгол Улсын иргэн дээд боловсролын сургалтын байгууллагад элсэхэд энэхүү журмын 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлана.”

2/ 2.7 дахь хэсэг:

“2.7.Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэгч нь монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгсөн байна.Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулах ба эхний шалгалтад бага оноо авсан шалгуулагч оноогоо ахиулах зорилгоор, хүндэтгэн үзэх шалтгаанаар эхний шалгалтанд хамрагдаж чадаагүй бол иргэн дараагийн шалгалтад орж болно.”

3/ 2.8 дахь хэсэг:

“2.8. Элсэлтийн ерөнхий шалгалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах хүрээнд шалгалтын гүйцэтгэсэн ажлыг мэдээллийн технологийг ашиглан засалтыг шууд явуулж болно.”

4/ 2.9 дэх хэсэг:

“2.9. Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол шалгалт өгөх нэмэлт анги танхим, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах бөгөөд суралцагчийн шалгалт өгөх өдөр, шалгалтын үргэлжлэх хугацааг сунгах зэрэг асуудлыг Боловсролын үнэлгээний төв хариуцан зохион байгуулж болно.”

5/ 4.3 дахь хэсэг:

“4.3. Дээд боловсролын сургалтын байгууллага нь оюутан элсүүлэх шалгаруулалтыг элсэлтийн ерөнхий шалгалтын дүн олон нийтэд зарласан өдрөөс эхлэн ажлын 10 өдөрт багтаан зохион байгуулж дууссан байна.”

6/ 4.4 дахь хэсэг:

“4.4. Дээд боловсролын сургалтын байгууллага нь тухайн суралцагчийг хөтөлбөр, мэргэжлээр суралцах мэдлэг, чадвартай болохыг тогтоож тухайн бүлэгт тохирох элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийг сонгох ба ерөнхий шалгалтын хичээл нь 2-оос багагүй байна.”

7/ 4.5 дахь хэсэг:

“4.5. Энэ журмын 2-т заасан элсэлтийн ерөнхий шалгалт өгч дээд боловсролын сургалтын байгууллагад элсэх болзол хангасан элсэгч өөрийн суралцах бэлтгэл (сурлага) авъяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлсэн эссэ бичлэг бичиж элсэлтийн комисст заавал ирүүлж дүгнүүлсэн байна.”

8/ “Долоо. Бусад асуудал

7.1.Дээд боловсролын сургалтын байгууллагад дараах тохиолдолд иргэнийг элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэн суралцуулж болно. Үүнд:

7.1.1.Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших;

7.1.2.Дипломын боловсролтой, Тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн мэргэжлийнхээ дагуу бакалаврын хөтөлбөрт үндсэн болон цагийн сургалтад элсэх суралцагч;

7.1.3. 1 жилийн хөрвөх сургалтанд хамрагдах суралцагч;

7.1.4.Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж, дүйцүүлсэн батламж авсан иргэн байх бөгөөд энэ нөхцлийг хангасан их, дээд сургууль, коллежид элссэн оюутны мэдээллийг холбогдох журмын дагуу Боловсролын салбарын мэдээллийн системд оруулна.

7.1.5. 7.1.4-д заасан дүйцүүлэн тооцох аргачлалын журмыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Ерөнхий боловсролын бодлогын асуудал эрхэлсэн нэгжтэй зөвшилцөн Боловсролын үнэлгээний төвийн захирал батална.

7.1.6.Гадаад улсаас ижил түвшний дээд боловсролын сургалтын байгууллагад шилжин суралцах;”

2.“Журам шинэчлэн батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын 1.5.2; 2.2; 2;3; 6.1. дэх хэсгийг дор дурдснаар өөрчлөн найруулсугай.

1/1.5.2 дахь заалт:

“1.5.2 Элсэлтийн ерөнхий шалгалт өгч, зохих болзлыг хангасан иргэдийн хүсэлтийг дээд боловсролын сургалтын байгууллага хүлээн авч, өөрийн тогтоосон шалгуурыг бүрэн хангасан иргэнийг элсүүлнэ. Дээд боловсролын сургалтын байгууллага элсэлтийн ерөнхий шалгалтын онооноос гадна харгалзах өөрийн шалгуур (бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дүн, багш нарынтодорхойлолт, эссэ, авьяас чадварын шалгалт, ярилцлага)-ыг тодорхойлон мөрдөж болно. Шалгуулагч мэдлэг шалгах шалгалт нэмж өгөх, уг шалгалтын дүнгхаргалзах шаардлагыг энэхүү шалгуурт тусгаж болохгүй.”

2/2.2 дахь хэсэг:

“2.2. Элсэлтийн ерөнхий шалгалт ньмонгол хэл, математик, нийгмийн тухай мэдлэг, Монгол Улсын түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хичээлийн I (заавал судлах) ба II (гүнзгийрүүлж сонгон судлах) гэсэн ялгамжтай агуулгад үндэслэн бэлтгэсэн тестийн болон бусад хэлбэртэй байна. Монгол хэл, бичгийн шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бүх иргэн заавал өгнө.”

3/2.3 дахь хэсэг:

“2.3. Элсэлтийн ерөнхий шалгалтыг хичээлийн жилд нэг удаа зохион байгуулна. Элсэлтийн ерөнхий шалгалт авах хугацааг “Боловсролын үнэлгээний төв” Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно.”

4/6.1 дэх хэсэг:

“6.1. Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцах хүсэлтэй иргэн өргөдөл /зохих загварын дагуу/ эссэ/тухайн хөтөлбөрөөр суралцах хүсэл, сонирхолоо илэрхийлсэн/ холбогдох баримт бичгийгтухайн байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлнэ.” 

3.Мөн журмын 1.13 дахь заалтыг хассугай.

4.Энэ тушаалын хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыг Дээд боловсролын бодлогын газар /Т.Амаржаргалан/-т, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /З.Энхболд/-т тус тус даалгасугай.

 

 

                                                САЙД                                Ц.ЦОГЗОЛМАА