Хэвлэх DOC Татаж авах

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр                  Дугаар 372           Улаанбаатар хот

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 208 дугаар

тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.3, 6.2.4, Даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.10, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 208 дугаар тогтоолоор баталсан “Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”-ын 2.3 дахь хэсгийн “.... Хуулийн этгээд нь оффшор гэж нэрлэгдэх татвараас чөлөөлөгдөх бүсэд үндсэн харьяалалтай байхыг хориглоно” гэснийг “.... Хуулийн этгээд нь оффшор гэж нэрлэгдэх татвараас чөлөөлөгдөх бүсэд харьяалалтай байвал Хороо тухайн этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, гүйцэтгэх удирдлага, ажилтанд тавигдах шаардлагыг тодорхойлох нэмэлт баримт бичгийг шаардаж болно” гэж өөрчлөн найруулсугай.

2. “Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”-т орсон өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Б.Ариунаа/-нд даалгасугай.


 

ДАРГА                                     С.ДАВААСҮРЭН