Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

(“Төрийн мэдээлэл”, 2019 он, №13)

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/47 дугаар зүйлийн 47.12 дахь хэсэг:

“47.12.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банк нь энэ хуулийн 47.3.2-т заасан хувь хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан алтны борлуулалтын үнэлгээнээс суутган авч, улсын төсөвт шилжүүлнэ.”

2/47 дугаар зүйлийн 47.13 дахь хэсэг:

“47.13.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банк нь энэ хуулийн 47.12-д заасны дагуу төсөвт шилжүүлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, мэдээг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу дараа сарын 20-ны өдрийн дотор тус байгууллагад хүргүүлнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг:

“47.1.Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.”

2/47 дугаар зүйлийн 47.3.2 дахь заалт:

“47.3.2.Энэ хуулийн 47.3.1-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.”

3/47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэг:

“47.7.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд давхардуулахгүйгээр ногдуулна.”

4/47 дугаар зүйлийн 47.10, 47.11 дэх хэсэг:

“47.10.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаар хийсэн эцсийн тооцоогоо дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө.

47.11.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн “аргачлалыг” гэснийг “, тайлагнах, төлөх журмыг” гэж, мөн зүйлийн “47.12” дахь хэсгийн дугаарыг “47.14” гэж, “47.13” дахь хэсгийн дугаарыг “47.15” гэж тус тус өөрчилсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР