Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 03 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“11.19 дүгээр зүйл.Татварын хууль зөрчих

“1.Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:

2.1.хуулиар татвар төлөх, суутгах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд татвар төлөгчөөр бүртгүүлэх;

2.2.татварын албанд хувийн хэрэг нээлгэх;

2.3.татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах;

2.4.орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч, эсхүл эзэмшигч нь уг зүйлийг өмчилж, эсхүл эзэмшиж эхэлснээс хойш хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд мэдэгдэх, хувийн хэрэг нээлгэх, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх;

2.5.санхүүгийн тайлан, бүртгэлийг Татварын ерөнхий хуульд заасан журмын дагуу хөтлөх;

2.6.Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэх;

2.7.төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:

3.1.үл хөдлөх эд хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш хуульд заасан хугацаанд харьяалагдах татварын албанд мэдэгдэх;

3.2.хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрд өөрчлөлт орсноос хойш хуульд заасан хугацаанд татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх;

3.3.татварын албанаас олгосон бүртгэлийн дугаарыг татварын хууль тогтоомжийн дагуу гаргаж байгаа тайлан, мэдээ, гаалийн мэдүүлэг, төлбөрийн, эсхүл шаардлагатай бусад баримтад тусгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:

4.1.байнга, эсхүл түр оршин суугаа, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаягаа буруу тодорхойлсон;

4.2.татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй;

4.3.шүүх тухайн татвар төлөгчийг сураггүй алга болсонд тооцоогүй байхад хаана оршин суугаагаа үл мэдэгдэж татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн;

4.4.татварын хяналт шалгалтын зорилгоор шаардсан магадалгаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг хугацаанд нь ирүүлээгүй;

4.5.татварын өр хураах зорилгоор хөрөнгө битүүмжлэхэд саад учруулсан бол татварыг нөхөн төлүүлж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтны битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг:

5.1.үрэгдүүлсэн;

5.2.дур мэдэн бусдад шилжүүлсэн;

5.3.гэмтээсэн;

5.4.зөвшөөрөлгүйгээр худалдсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:

6.1.шаардлагатай нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын мэдээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөөгүй;

6.2.байр, агуулахад нь нэвтрэн орох боломж олгоогүй;

6.3.тооллого хийлгээгүй;

6.4.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх үйл ажиллагааг хийлгээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, банк, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд, банк, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж:

7.1.татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдөөгүй;

7.2.татвар төлөгч ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн тохиолдолд ажил олгогч нь түүний ажлаас гарсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд татварын өрд суутгасан мөнгөний хэмжээ, хаана шилжсэнийг тэмдэглэж, төлбөрийн хуудсыг татварын албанд буцаах үүргээ биелүүлээгүй;

7.3.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;

7.4.татвартай холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах талаарх хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, банк, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:

8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь;

8.2.төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.3.энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Татварын нэгдсэн сангийн мэдээллийг хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй бол татварыг нөхөн төлүүлж:

11.1.улс бүрээр тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээ бол нийт дүнгийн 4 хувь;

11.2.ерөнхий үнэ шилжилтийн тайлан, эсхүл дотоод үнэ шилжилтийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 3 хувь;

11.3.үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Татварын тайланг гаргасан, эсхүл тайлан гаргахад оролцож гарын үсэг зурсан этгээд, татварыг суутган авч төсөвт төлөөгүй талаар мэдэж байсан, эсхүл мэдэх ёстой байсан удирдах ажилтан, татвар суутган авч төсөвт төлөх асуудал хариуцсан удирдах албан тушаалтан, ерөнхий нягтлан бодогч хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас энэ зүйлд заасан зөрчил үйлдэгдсэн бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.Татварын албанаас мэдээлэл харилцан солилцох зорилгоор шаардсан мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй, хууль болон хэлэлцээрийг зөрчиж мэдээллийг шууд болон шууд бусаар бусад этгээдэд дамжуулсан, худал мэдүүлэг өгсөн, мэдээллийг устгасан, өөрчилсөн бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тайлбар:Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна.

-Татварын алба татвар төлөх хугацааг сунгаж хөнгөлөлт үзүүлсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа хэтрүүлсэнд тооцохгүй.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтын “30 хувь” гэснийг “50 хувь” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР