Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 10 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

    ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД

     ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 5.10 дугаар зүйлийг доор дурдсанаар  өөрчлөн найруулсугай:

            “5.10 дугаар зүйл.Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон  

                                             терроризмтой тэмцэх тухай хууль зөрчих

            1.Терроризмтой холбоотой мэдээ, мэдээллийг төрийн холбогдох байгууллагад даруй өгөх, эсхүл террорист үйлдэл, үйл ажиллагаанд өдөөн хатгасан аливаа явуулга, суртал ухуулга, үзэл санаанд автахгүй байх, терроризмыг сурталчлах, олон нийтэд уриалах, нийтийн өмнө зөвтгөх аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх, терроризмоос сэргийлэх, эсхүл террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг явуулах, хохирол, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

            2.Хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийг шууд болон шууд бусаар санхүүжүүлэх, эсхүл түүнд эдийн засгийн эх үүсвэр олгох, санхүүгийн болон бусад бүх төрлийн үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

            3.Зөвлөлийн терроризмоос сэрэмжлүүлэх талаар өгсөн үүрэг, эсхүл Шуурхай штабын хүсэлт, шаардлагыг хүн, хуулийн этгээд даруй биелүүлэх, эсхүл түүнд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг даруй царцаагаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол царцаагаагүй хөрөнгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг тагнуулын байгууллагад 24 цагийн дотор мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР