Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 12 сарын 20 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

   ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай бүлэг нэмсүгэй:

                        1/Арван долдугаар бүлэг:

Хэвлэх


АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
УЛС ТӨРИЙН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭСРЭГ ЗӨРЧИЛ

            “17.1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль зөрчих

            1.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулах, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

            2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан:

                        2.1.сонгуулийн хэсэг байгуулах журмыг зөрчсөн;

                        2.2.ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтэц, нэр, дугаарт өөрчлөлт оруулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Сургалтад хамрагдаж, гэрчилгээ аваагүй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг сонгуулийн хороодод томилсон бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгох эрхээ эдлэхэд болон санал авах, тоолох, дүн дамжуулах ажиллагаанд саад учруулах, бусдыг төлөөлж санал өгөх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, зохион байгуулах, бусад хэлбэрээр дэмжих зэрэг хууль бус аливаа ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын дүнгийн талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байхад аливаа этгээд санал хураалтын дүнгийн талаар мэдэгдэл хийсэн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Сонгуулийн хорооноос сонгууль зохион байгуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, бусад байгууллага нь сонгууль зохион байгуулахад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцоогүй, сонгуулийн зохих шатны байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл тэдгээрийн ажилд туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

            8.Сонгуулийн хорооны ажиллах байр, санал авах байрыг үнэ төлбөргүй гаргаж өгөх талаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

            9.Сонгуулийн хороог аюулгүй байдал хангасан ажиллах байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах үүргийг хуулиар хүлээсэн албан тушаалтан уг үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонгуулийн хорооны үйл ажиллагаанд оролцохгүй байх, хуралдаанд ирэхгүй байх, таслах, хуралдааныг орхих, хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Сонгуулийн хорооны хуралдааныг ажиглаж байгаа этгээд нь тухайн сонгуулийн хорооны бүрэн эрхийн асуудалд хөндлөнгөөс оролцох, даргалагчийн зөвшөөрөлгүй үг хэлэх зэргээр хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Сонгуулийн хорооны ажилтныг энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, халах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.Сонгуулийн хорооноос бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж, олшруулж, тараасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.Хуульд заасан журам зөрчин сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг сонгогчдын нэрийн жагсаалтад оруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

17.Ажиглагч сонгогчдын нэрийн жагсаалттай танилцахдаа зураг авах, бичлэг хийх зэргээр сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилсан, олшруулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

18.Нэр дэвшигчийн талаарх лавлагааг гаргаж өгөх эрх бүхий этгээд нь холбогдох лавлагаа, мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгөөгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

19.Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

20.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд болон засаг захиргааны нэгжид ажиллах ажилтны талаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар тогтоосон тоог зөрчсөн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

21.Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид олгосон менежер, шадар туслагч, ухуулагчийн талаар тогтоосон тоог зөрчсөн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

22.Бие даан нэр дэвшигчид нэгдэж сонгууль эрхэлсэн байгууллага байгуулсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

            23.Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

24.Сонгуулийн сурталчилгаа явуулах талаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар тогтоосон хугацааг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

            25.Сонгуулийн сурталчилгааны аливаа материалд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн, эсхүл радиогийн нэвтрүүлгийн тухайд хуульд заасан шаардлагыг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

26.Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

27.Сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах журмыг зөрчсөн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

28.Ухуулах хуудсыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоохдоо нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр заасан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

29.Ухуулах хуудсыг сонгуулийн тухай хуульд заасны дагуу тогтоосон байршил дахь нийтийн эзэмшлийн хашаа, хайс, гэрлийн шонд үнэ төлбөргүй байрлуулахад саад учруулсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

30.Сонгуулийн тухай хуульд заасан ухуулах хуудсыг байршуулах журам зөрчсөн, эсхүл ухуулах хуудсыг байршуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож гудамж талбай, орчныг бохирдуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

31.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж талбайд байрлуулсан нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах хуудсыг гэмтээсэн, устгасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

32.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж талбайд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг гэмтээсэн, устгасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

33.Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар ашиглах талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

34.Намын далбаа, уриа, таних тэмдгийг байрлуулахыг хориглосон газарт байрлуулсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

35.Сонгуулийн тухай хуульд заасан хуулийн этгээд нь сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд нь зориулж өөрийн эзэмшиж байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад байр, танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

36.Нэр дэвшигч нь сонгуулийн хэсэг бүрд хоёроос дээш ухуулах байр ажиллуулсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

37.Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

38.Нэр дэвшигч нь сонгуулийн тухай хуульд заасан цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлээгүй, бүртгүүлээгүй цахим хуудас ашигласан, бусдын нэр болон хуурамч цахим хаяг ашигласан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

39.Цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэх тохиргоотойгоор нийтэлсэн, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам зөрчсөн хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

40.Үүрэн холбооны болон интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг  өөрийн сүлжээнд хаагаагүй хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

41.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор:

                        41.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлсэн;

41.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэсэн;

41.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулсан;

41.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийсэн;

41.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авсан;

41.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулсан;

41.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

            42.Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийсэн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

43.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад:

43.1.хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийсэн;

43.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн;

43.3.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан, нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй;

43.4.хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашигласан;

43.5.оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашигласан;

43.6.аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараасан бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

            44.Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулсан хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

45.Дахин болон нэмэлт санал хураалт дуусталх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулсан хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

46.Нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг, түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтэлсэн хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

47.Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

48.Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг банканд нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд хуульд заасны дагуу төвлөрүүлж, зарцуулах талаар тогтоосон журмыг зөрчсөн хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

49.Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд болон хандивын бус аргаар сонгуулийн зардал цуглуулсан, зарцуулсан хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

50.Сонгуулийн зардлын зарцуулалтын талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хууль бусаар зарцуулсан хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар зарцуулсан хөрөнгийг улсын орлогод оруулна.

51.Сонгуулийн зардлын дансны талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

52.Нам нь эвсэл байгуулан сонгуульд оролцож байгаа бол эвслийн сонгуулийн зардлын дансанд сонгуулийн зардал шилжүүлэхээс бусад зориулалтаар сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргасан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

53.Нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

54.Иргэн, хуулийн этгээдээс нам, эвсэлд, эсхүл нэр дэвшигчид зардлын данс нээсэн өдрөөс хойш сонгуулийн үйл ажиллагаанд нь зориулан сонгуулийн тухай хуульд заасан хэмжээнээс хэтрүүлсэн хандив өгсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

55.Эвсэлд нэгдсэн намд сонгуульд зориулж хандив өгсөн бол тухайн намын нэгдэн орсон эвсэлд давхардуулан хандив өгөхийг хориглох бөгөөд зөрчвөл хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж зөрчсөн хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

56.Хандив өгөхийг хориглосон этгээд хандив өгсөн, авсан, хандив өгөхийг хориглосон этгээд болон эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээдээс өгсөн хандивыг буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

57.Хуулийн этгээд өгсөн мөнгөн хандиваа санхүү, татварын тайландаа тусгаагүй бол дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

58.Мөнгөн бус хандив өгөх талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

59.Нам, эвсэл нь санал авах ажиллагаа явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

60.Нам, эвслийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах ажиллагаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүргийг биелүүлээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

61.Нэр дэвшигч нь санал авах ажиллагаа явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

62.Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах ажиллагаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

            63.Нэр дэвшигч, нам, эвсэл нь авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад  хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

            64.Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн тухай хуульд заасан бүрэн эрхийн дагуу шаардсан мэдээлэл, баримтыг гаргаж өгөөгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

            65.Санал авах байр, хугацааны талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

            66.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

            67.Санал авах байранд санал авах ажиллагааны талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

            68.Улсын Их Хурлын сонгуулийн хуульд заасан итгэмжилсэн иргэн нь хоёроос дээш сонгогчид туслалцаа үзүүлсэн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгоно.

69.Сонгуулийн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, ажиглагч, улс төрийн албан тушаалтан нь итгэмжилсэн иргэний үүргийг гүйцэтгэсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

70.Сонгогч нь:

70.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдсон;

70.2.тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;

70.3.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргасан;

70.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;

70.5.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах зэрэг үйлдэл гаргасан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

71.Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

72.Нэр дэвшигч болон төрийн албан хаагч ажиглагчийн үүрэг гүйцэтгэсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

73.Ажиглагчаар томилогдсон нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч нь сонгуулийн хорооны ажиллах байр болон санал авах байранд сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой  үйл ажиллагаа явуулсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

            74.Ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

75.Ажиглагчийн бүртгэлээс хасагдсан ажиглагчийн оронд өөр хүнийг томилсон бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

76.Ажиглагчийн хуульд заасан эрхийг зөрчсөн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

77.Даамал нь сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

78.Санал авах өдөр:

78.1.согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдсан;

78.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулсан;

78.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

79.Санал хураалтын дүн гаргах, дамжуулах талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

80.Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал авсан, өгсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

81.Санал хураалтын дүн, сонгуулийн баримт бичгийг хүргүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

82.Нэмэлт болон дахин санал хураалтын хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулсан бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хэвлэх

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “заасан хэмжээгээр” гэсний дараа “шүүх,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн “АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ” гэснийг “АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ” гэж, 17.1 дүгээр зүйлийн дугаарыг “18.1” гэж тус тус өөрчилсүгэй. 

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР