Хэвлэх DOC Татаж авах

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

 

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр                                                                                                                          Дугаар А/60, А/12                                                                                                                                   Улаанбаатар хот

 

     Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэгдүгээр зүйл. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 334/104 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-д дор дурдсан хэсэг, заалт тус тус нэмсүгэй:

1/. 1.4 дүгээр хэсэг.

 “1.4. Газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, худалдах, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг дагалдаж гарах журмаар зохицуулна.”

2/. 2.1.5 дугаар заалт.

“2.1.5. Энэхүү журмын 2.1.4.1, 2.1.4.10 дахь заалтууд нь химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл бүхий судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд хамаарна.”

Хоёрдугаар зүйл. Тус журмын 2.1.3, 2.1.4, 3.2.1  дэх заалтуудыг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай.

2.1.3. Зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан мэдээллээс гадна дараах мэдээллийг агуулсан бичиг баримтыг хавсаргасан байна.

2.1.4. Доорхи төрлийн химийн бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг импортлоход энэхүү журмын 2.1.3, 2.3 дахь заалтууд хамаарахгүй. Үүнд:

2.1.4.1. Судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах 1 литр эсвэл 1 кг болон түүнээс бага савлагаатай, нийт хэмжээ 10 кг-аас ихгүй, "Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт" болон "Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д  ороогүй  бодис, урвалж, тэжээлт орчин, стандарт бодис;

2.1.4.2. Барилгын материалын норматив, стандарт шаардлага хангасан гэрчилгээтэй, үйлдвэрлэгчийн савлагаатай барилгын будаг, лак, цавуу, эмульс, чигжээс, шаваас;

2.1.4.3. Төрөл бүрийн савлагаатай галын хор;

2.1.4.4. Барилгын бүтээц, шугам хоолой, дулаалгын материал үйлдвэрлэх зориулалттай, удаан задардаг органик бохирдуулагч агуулаагүй полимер түүхий эд;

2.1.4.5. Шахсан хий бүхий ахуйн зориулалттай асаагуур;

2.1.4.6. Жижиглэн борлуулах зориулалтаар савлагдсан ахуйн зориулалттай 500 мл, эсхүл 500 граммаас бага хэмжээтэй уусгагч, хэвлэлийн хор, будаг, фото зургийн хор;

2.1.4.7. Шохойн чулуу, боловсруулсан шохой, гипс, каолин, бентонит, цеолит, графит, кварц, идэвхижүүлсэн нүүрс, гангийн үйлдвэрлэлд ашиглах чанар сайжруулагч төмрийн хайлшууд зэрэг боловсруулсан болон боловсруулаагүй эрдсүүд;

2.1.4.8. Үйлдвэрлэгчийн савлагаа, чанарын гэрчилгээтэй ахуйн болон гоо сайхны химийн бодис агуулсан бүтээгдэхүүнүүд;

2.1.4.9. Үйлдвэрлэлийн зориулалттай ашиглах желатин, декстрин, ундааны нүүрсхүчлийн хий, эрдсийн гаралтай чийг татагч зэрэг бүтээгдэхүүнүүд;

2.1.4.10. Үйлдвэрлэгчээс тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг шалгах, тохируулах зориулалттай, тухайн тоног төхөөрөмжтэй хамт импортлогдож байгаа нийт хэмжээ нь 15 кг эсвэл 15 литрээс ихгүй, Монгол улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д  ороогүй химийн хорт болон аюултай бодис;

3.2.1 Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх зөвшөөрөл бүхий  иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 3.1-д заасан  шаардлагыг биелүүлэхээс гадна тухайн бодис, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ болон экспортлогч талын эрх бүхий байгууллагаас олгосон  чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан гэрчилгээтэй байна.

Гуравдугаар зүйл. Энэхүү журмын нэмэлт, өөрчлөлтийг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга /П. ЦОГТСАЙХАН/, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын дарга /А.ТӨМӨР/ нарт тус тус үүрэг болгосугай.

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН САЙД                           Н.ЦЭРЭНБАТ

 

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД    

                                     Д.ЦОГТБААТАР