Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“20 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

1.Тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0,1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна.

2.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд төлөх шимтгэлийн хувь хэмжээг буруу тооцсон бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан алданги ногдуулна.

3.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

4.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

5.Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги, торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ.”

Хэвлэх

            2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын “энэ” гэснийг “холбогдох” гэж өөрчилсүгэй.

            3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР