Хэвлэх DOC Татаж авах

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ,

ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр                                                                                                                    Дугаар 45                                                                                                                                           Улаанбаатар хот

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ, ХЭРЭГЛЭГЧИЙН

ХООРОНДЫН АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэхь заалт, тус Зохицуулах зөвлөлийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус Зохицуулах зөвлөлийн 2017 оны 74 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-н 3 дугаар зүйлд оруулах нэмэлтийг хавсралтаар баталсугай.

2.“Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-д оруулсан нэмэлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдээлэх, сурталчилан таниулах ажлыг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Зохицуулах зөвлөлийн дарга /Ж.Батсуурь/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                               Ж.БАТСУУРЬ

 

ГИШҮҮН                                              Ж.ДАВААЦЭРЭН

                                                            Г.ЦОГТСАЙХАН

                                                                Ч.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,

үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 4-р сарын 27-ны өрдийн

45 дугаар тогтоолын хавсралт

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ, ХЭРЭГЛЭГЧИЙН ХООРОНДЫН АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМД ОРУУЛАХ НЭМЭЛТ

3.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

3.11.Хангагч байгууллага хэрэглэгчийн барилга байгууламжийг Зохицуулах зөвлөлийн мэдээллийн санд бүртгүүлнэ. Шинэ хэрэглэгч бүртгүүлэх тохиолдолд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.11.1.Хангагч нь тухайн барилга, байгууламжид ойролцоо байрлалтай, хэрэглэгчдэд засвар үйлчилгээг түргэн, шуурхай үзүүлэх боломжтой байх.

3.11.2.Хангагч нь хэрэглэгчтэй тухайн барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээний гэрээг байгуулсан байх.

3.11.3.Мэдээллийн санд бүртгүүлэх хэрэглэгчийн барилга байгууламжийг ашиглалтанд авсан комиссын акт, дүгнэлттэй байх.

3.11.4.Мэдээллийн санд бүртгүүлэх барилга байгууламжийн айл өрх, аж ахуйн нэгжийн тоо тодорхой байх.

3.11.5.Мэдээллийн санд бүртгүүлэх барилга байгууламжийн ус хангамж, ариутгах татуургын техникийн нөхцлийн хэрэгжилт хангагдсан байх.

3.11.6.Шинээр гэрээ байгуулах хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээ нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид санхүүгийн хувьд үр ашигтай байх.