Хэвлэх DOC Татаж авах

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

 

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр                                                                          Дугаар 102                                                                                             Улаанбаатар хот

 

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9, 15.10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар аар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Төрийн сангийн газар /М.Батхуяг/, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Ч.Чимидсүрэн/, Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

                                                                                       САЙД                                                 Ч.ХҮРЭЛБААТАР

 

Сангийн сайдын 2020 оны 05 сарын 04 -ний

өдрийн 102 тоот тушаалын хавсралт

 

“Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох,

тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-д

оруулах нэмэлт, өөрчлөлт

 

1.Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэг:

         4.6.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ журмын 4.2., 4.3., 4.4.-т заасны дагуу хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдсэн болон буцаан олгох албан татварын хүсэлтийг шийдвэрлэснээс хойш ажлын 2 өдөрт багтаан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь албан татвар буцаан олгуулах, бусад татварын өрөнд суутган тооцуулах эсэх саналаа энэ журмын 2, 3 дугаар хавсралтын дагуу гарган, холбогдох материалын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.”

2/ 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэг:

         “4.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 4.6-д заасан санал нь хууль болон энэхүү журамд заасан үндэслэл, шаардлагад нийцээгүй гэж үзвэл саналыг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор дахин нягтлуулахаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нэг удаа буцаан шийдвэрлэж болно.”

3/ 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэг:

“4.8.Энэ журмын 4.7-д заасны дагуу буцаан шийдвэрлэснийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хянан, актыг хэвээр хадгалах, эсхүл Татварын ерөнхий хуулийн 77.7.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд актыг өөрчлөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгуулах, бусад татварын өрөнд суутган тооцуулах саналаа ажлын 3 өдөрт багтаан холбогдох материалын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.”

4/ 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг:

              “4.9. Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан баталгаажуулж, акт үйлдэхдээ дараах асуудлыг нягтлан үзсэн байна:

4.9.1.Илүү төлөлтөө анх удаа буцаан авах хүсэлт гаргасан албан татвар суутган төлөгчийн бүртгэл, бүртгэгдсэн хугацаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх;

4.9.2.Харилцан хамааралтай этгээд хоорондын нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил гүйлгээнд бодит бус үнэ хэрэглэсэн эсэх;

4.9.3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан бусад шаардлага.”

2. Мөн журмын дараах хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг:

“4.1. Татварын алба энэ журмын 3.1-д заасан албан татвар суутган төлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан албан татварын ногдол, төлөлтийн байдлыг нягталж, албан татварыг буцаан олгуулах саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид хүргүүлнэ.”

2/ 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг:

“4.2.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ журмын 4.1-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ.”

3/ 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг:

“4.3.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ журмын 3.2-т заасан дипломат төлөөлөгчийн болон консулын газрын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан хянаж, албан татварыг буцаан олгох, хянахаар шийдвэрлэсэн тухай бичгээр буюу цахим хэлбэрээр дипломат төлөөлөгчийн болон консулын газарт мэдэгдэнэ. Мэдэгдэлд буцаан олгох албан татварын хэмжээ, өөрчлөгдсөн болон хянах болсон үндэслэл зэргийг бичсэн байна.”

4/ 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг:

“4.4.Дипломат төлөөлөгчийн болон консулын газрын буцаан олголтыг хянахаар шийдвэрлэсэн бол энэ тухай мэдэгдсэнээс хойш ажлын 2 өдөрт багтаан шийдвэрлэнэ.“

5/ 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг:

“4.5. Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь Татварын ерөнхий хуулийн 41.3-т заасны дагуу татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн эрсдэлгүй, бага эрсдэлтэй гэж тодорхойлогдсон бичил, жижиг ангилалд хамаарах албан татвар суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг хялбаршуулсан хяналт шалгалтаар үйлдэж  болно.”

6/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг:

“5.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 4.4, 4.8-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 45 хоногт багтаан татвар төлөгчийн илүү төлөлтийг бусад татварын өрөнд суутган тооцох, буцаан олгох асуудлыг дараах журмаар шийдвэрлэнэ:”

7/ 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалт:

“5.1.1.Төсвийн бодлого, төлөвлөлт хариуцсан нэгж нь саналыг хянаж, буцаан олголт хүссэн этгээдэд албан татвар буцаан олгох болон бусад татварын өрөнд суутган тооцох санхүүжилтийн эрхийг нээн, санхүүжилтийн мэдэгдлийг энэ журмын 4 дүгээр хавсралтын дагуу бичиж, Төрийн сангийн нэгжид хүргүүлнэ;”

 

 

--оо00оо--