Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 05 сарын 14 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

                        1/11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт:

“9/хуулиар төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөгөөн явагдах танхим, хамгаалуулагчийн ордон, өргөө, зориулалтын орон сууц, тээврийн хэрэгсэл болон түр байрлах орон байр, албан тасалгаанд техникийн үзлэг, шалгалт хийх.”

2/13 дугаар зүйлийн 3-5 дахь хэсэг:

“3.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэнэ.

 4.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн албан тушаалд иргэнийг сонгон шалгаруулах, туршилтын хугацаагаар ажиллуулах журмыг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын саналыг үндэслэн Засгийн газар батална.

 5.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн ёс зүйн дүрмийг Засгийн газар батална.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дараах зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/10 дугаар зүйл:

Хэвлэх

“10 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын байгууллага

1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллага /цаашид “Төрийн тусгай хамгаалалтын газар” гэх/ нь төрийн тусгай хамгаалалтын чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн газрын тохируулагч агентлаг мөн.

2.Төрийн тусгай хамгаалалтын газар хамгаалалт, үйлчилгээ, захиргаа, сургалт, тусгай зориулалтын болон дүн шинжилгээний нэгжтэй байх бөгөөд зохион байгуулалтын бүтцийг төрийн тусгай хамгаалалтын иж бүрэн байх зарчимд нийцүүлэн Засгийн газар тогтооно.

3.Төрийн тусгай хамгаалалтын газар туг, бэлгэ тэмдэгтэй байна. Туг, бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг Засгийн газар батална.

4.Төрийн тусгай хамгаалалтын газар тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

5.Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна төрийн тусгай албанд 16-аас доошгүй жил, үүнээс төрийн тусгай хамгаалалтын албанд 5-аас доошгүй жил ажилласан, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй зөвшилцөн Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

6.Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно.

            7.Төрийн тусгай хамгаалалтын газар улсын төсвөөс санхүүжнэ.

8.Төрийн тусгай хамгаалалтын газрын төсвийг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооноос хянаж, санал болгосноор Улсын Их Хурал батална.”

2/12 дугаар зүйл:

Хэвлэх

“12 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын бүрэн эрх

1.Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/төрийн тусгай хамгаалалтын газрын хүний нөөцийг бэлтгэх, зэвсэг, техникээр хангах, бэхжүүлэх талаарх саналаа Засгийн газарт танилцуулж, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

2/төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах;

3/энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасан техникийн үзлэг, шалгалт хийх зөвшөөрөл олгох;

4/батлагдсан төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах, түүний гүйцэтгэлд хяналт тавих;

5/хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу албан хаагчийг томилох, чөлөөлөх, цэргийн цол олгох, бууруулах, хураах, сэргээх, шагнаж урамшуулах, ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэх;

6/төрийн тусгай хамгаалалтад оролцож байгаа бусад байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хамтарсан шийдвэр гаргаж хэрэгжүүлэх;

7/байгууллагыг төлөөлөн дотоод, гадаадын байгууллагатай харилцан ажиллах.”

3/16 дугаар зүйл:

Хэвлэх

“16 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн   

                                        үүргээ биелүүлэх баталгаа

1.Албан үүргээ биелүүлэх үед нь төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид учирсан хохирлыг төр хариуцна.

2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн ажлыг захирах даргад нь мэдэгдэлгүйгээр шалгах, албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулах, хуулиар хүлээсэн үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

3.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчаас ажил үүрэгтэй нь холбоотой асуудлаар гэрч, хохирогчийн хувиар мэдүүлэг авах тохиолдолд Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад мэдэгдэнэ.

4.Гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан төрийн тусгай хамгаалалтын алба хаагч болон түүний гэр бүлийн гишүүний амь биед аюул учирч болзошгүй бодитой нөхцөл байдал бий болсон тохиолдолд тэдгээрийг хамгаалалтад авч болно.

5.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн цалин хөлс Төрийн албаны тухай хуулийн 57.2.3-т заасан цалин, нэмэгдлээс бүрдэнэ.

6.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны болон мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно.

7.Төрийн тусгай хамгаалалтын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээ, сүлжээг Засгийн газар тогтооно.

8.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид жил бүр ажлын 15 өдрийн амралт олгох ба төрийн алба хаасан 5 жил тутамд ажлын 2 өдрийн нэмэгдэл амралт олгоно.

9.Өндөржүүлсэн бэлэн байдал, ажлын бус цагаар болон шөнийн ээлжид ажиллах үед хоол, унааны зардал, сургалт, дадлагын үед хүнсний болон эдийн хангалтыг төрийн тусгай хамгаалалтын газар хариуцах бөгөөд шаардлагатай тохиолдолд амраах, нөхөн сэргээх, эмчлүүлэх боломжоор хангана.

10.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч ажилдаа ирэх, ажлаас харих замд явсныг албан үүргээ гүйцэтгэж байгаатай адилтган тооцно.

11.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон барилга, бусад зүйлийн гадна цэгт болон далд хамгаалалтад ажилласан 1 жилийг 1 жил 4 сартай дүйцүүлэн тооцно.

12.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжид зааснаар зохицуулна.

13.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч хуульд заасан бусад баталгаагаар хангагдана.”

4/18 дугаар зүйл:

Хэвлэх

“18 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын үүрэг

1.Тагнуулын байгууллага хамгаалуулагчийн аюулгүй байдал болон хамгаалалтад сөргөөр нөлөөлж болзошгүй мэдээ, мэдээллээр төрийн тусгай хамгаалалтын газрыг хангаж, шаардлагатай бусад дэмжлэг, туслалцааг үзүүлнэ.

2.Тагнуулын байгууллага, төрийн тусгай хамгаалалтын газрын харилцан ажиллах, мэдээлэл солилцох журмыг Тагнуулын ерөнхий газрын дарга Төрийн тусгай хамгаалалтын газрын даргатай хамтран батална.

3.Тагнуулын байгууллагын орон нутаг дахь салбар, нэгж тухайн орон нутагт хэрэгжүүлэх төрийн тусгай хамгаалалтад хамтран оролцох цагдаагийн болон бусад байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж төрийн тусгай хамгаалалтын газарт дэмжлэг үзүүлнэ.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн Гуравдугаар бүлгийн гарчгийн “газар” гэснийг “байгууллага” гэж, 22 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Тагнуулын төв байгууллагын дарга,” гэснийг “Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга,” гэж тус тус өөрчилсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР