Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 01 сарын 16 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

1 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 8, 9, 11, 13, 15, 16, 26, 31, 33, 35 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

1/8 дугаар зүйлийн 3-23 дахь хэсэг:

“3.Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 600000-800000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр тус тус торгоно.

4.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн хуулийн этгээдийг 500000-800000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр тус тус торгоно.

5.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 5, 8, 10 дахь хэсэгт заасныг зөрчсөн намыг 800000-1000000 төгрөгөөр торгох ба мөн зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан данснаас гадуур авсан хөрөнгийг хурааж улсын орлого болгоно. Хэрэв уг данснаас гадуур авсан хөрөнгийг зарцуулсан бол түүнийг нөхөн төлүүлж улсын орлого болгоно.

6.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 6, 9 дэх хэсэгт заасныг зөрчсөн хандивлагч, нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 200000-300000 төгрөгөөр, албан тушаалтныг 250000-350000 төгрөгөөр, намыг 800000-1000000 төгрөгөөр торгох ба мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан этгээдээс авсан хандивыг хурааж улсын орлого болгоно.

7.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчсөн намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 250000-300000 төгрөгөөр, намыг 800000-1000000 төгрөгөөр тус тус торгоно.

8.Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн төрийн албан хаагчид Цагдаагийн байгууллагын тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах ба бусад албан тушаалтныг 250000-300000 төгрөгөөр торгоно.

9.Энэ хуулийн 16 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасныг зөрчсөн иргэнийг 200000-300000 төгрөгөөр, албан тушаалтныг 250000-350000 төгрөгөөр, байгууллагыг 600000-800000 төгрөгөөр тус тус торгоно.

10.Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн Засаг даргыг 250000-300000 төгрөгөөр, цагдаа, эмнэлэг, амралт, сувиллын газрын албан тушаалтныг 250000-300000 төгрөгөөр, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 250000-300000 төгрөгөөр, мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн буруутай этгээдийг 200000-300000 төгрөгөөр тус тус торгоно.

11.Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 7, 10, 11 дэх хэсэгт заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 250000-300000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр тус тус торгоно.

12.Энэ хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн албан тушаалтныг 250000-350000 төгрөгөөр, байгууллагыг 500000-800000 төгрөгөөр тус тус торгоно.

13.Энэ хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн төрийн албан хаагчид Цагдаагийн байгууллагын тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах ба бусад албан тушаалтныг 250000-300000 төгрөгөөр торгоно.

14.Энэ хуулийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн албан тушаалтныг 250000-350000 төгрөгөөр, иргэнийг 200000-300000 төгрөгөөр, байгууллагыг 500000-800000 төгрөгөөр тус тус торгоно.

15.Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 800000-1000000 төгрөгөөр, мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн иргэнийг 200000-300000 төгрөгөөр, албан тушаалтныг 250000-350000 төгрөгөөр, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 250000-300000 төгрөгөөр, байгууллагыг 500000-800000 төгрөгөөр тус тус торгоно.

16.Энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн Засаг даргыг 300000-350000 төгрөгөөр торгоно.

17.Энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн Засаг даргыг 300000-350000 төгрөгөөр торгоно.

18.Энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 250000-300000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр тус тус торгоно.

19.Энэ хуулийн 32 дугаар зүйлийн 1-6 дахь хэсэгт заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 250000-300000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр, мөн зүйлийн 8 дахь хэсэгт заасныг зөрчсөн иргэнийг 150000-200000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр тус тус торгоно.

20.Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 250000-300000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр, мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасныг зөрчсөн албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, байгууллагыг 600000-800000 төгрөгөөр тус тус торгоно.

21.Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан санал тоолох журмыг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 250000-300000 төгрөгөөр, гишүүнийг 200000-250000 төгрөгөөр тус тус торгоно.

22.Сонгуулийн хороонд ажиллахаар томилогдсон иргэн үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй бол түүнийг 200000-250000 төгрөгөөр торгоно.

23.Энэ хуульд заасан захиргааны шийтгэлийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч ногдуулах ба түүнд давж заалдсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сум буюу сум дундын, дүүргийн шүүх хянан шийдвэрлэнэ.”

2/9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураах өдөр нь сонгуулийн жилийн тавдугаар сарын сүүлийн хагасын аль нэг долоо хоногийн ням гариг байна.”

3/11 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг:

“3.Бүх шатны сонгуулийн хороодын бүрэлдэхүүн, үйл ажиллагаанд дараахь зарчмыг мөрдлөг болгоно:

1/сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нэг намын гишүүн байхыг хориглох;

2/сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтныг оруулахыг хориглох;

3/сонгуулийн нутаг дэвсгэрийн, хэсгийн хорооны бүрэлдэхүүний тоог тогтооход намын төлөөлөл, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг харгалзах;

4/сонгуулийн нутаг дэвсгэрийн болон салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд аль нэг нэр дэвшүүлсэн намын төлөөлөл давамгайлахыг хориглох бөгөөд сонгуульд хамтарч нэр дэвшүүлсэн намуудын төлөөллийг нэг намын төлөөлөлтэй адилтган тооцох;

5/Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны, сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо харьяалах салбар, хэсгийн хороодын бүрэн эрхийг дуусгавар болгох хүртэлх хугацаанд тухайн сонгуулийн хороод бүрэн эрхээ хэрэгжүүлэх;

6/ Улсын Их Хурлаас баталсан сонгуулийн хороодын гишүүний ёс зүйн дүрмийг баримталж ажиллах;

7/сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нэр дэвшигчийн талаар сурталчилгаа хийхийг хориглох.

4.Сонгуулийн нутаг дэвсгэрийн болон салбар, хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд дээд шатны сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.”

4/13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8, 9 дэх заалт:

“8/Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах салбар болон хэсгийн хороонд хуваарилах, зарцуулалтад хяналт тавих;

9/сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцлэн архивлаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх;”

5/13 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо харьяалах салбар болон хэсгийн хорооны хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгоно.

Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо энэ зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтыг зөрчиж Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн үүргийг удаа дараа биелүүлээгүй нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр тухайн сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо, түүний бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулах үндэслэл болно.”

6/15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Сонгуулийн хэсгийн хороог байгуулахдаа тухайн хэсгийн хорооны бүрэлдэхүүний тоог сонгогчдын тоо, ажлын хэмжээг харгалзан дор дурдсанаар тогтооно:

1/тухайн хэсэгт 2000 хүртэл сонгогчтой бол 9, эсхүл 11;

2/тухайн хэсэгт 2001-4000 хүртэл сонгогчтой бол 11, эсхүл 13;

3/тухайн хэсэгт 4001-6000 хүртэл сонгогчтой бол 13, эсхүл 15.”

7/16 дугаар зүйлийн 2-6 дахь хэсэг:

“2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоолд тухайн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурах үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

3.Сонгуулийн хороо хуралдааны дэгээ тогтоох бөгөөд түүнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажиллах зарчим, журмыг тусгасан байна.

4.Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэлийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу заавал хөтлөх бөгөөд түүнийг тухайн хорооны аль нэг гишүүнд хариуцуулна.

5.Сонгуулийн баримт бичиг бүртгэлтэй байх бөгөөд түүнд хамаарах баримт бичиг, түүнийг бүртгэх журмыг Сонгуулийн ерөнхий хороо тогтооно.

6.Сонгуулийн нутаг дэвсгэрийн болон салбар хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.”

8/16 дугаар зүйлийн 11 дэх хэсэг:

“11.Сонгуулийн ерөнхий хороо болон сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо хуваарилагдсан төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг бэлтгэн явуулахдаа сонгон шалгаруулалтгүйгээр хувь хүн, хуулийн этгээдтэй ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан ажиллуулж болно.”

9/26 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Нам, сонгуульд хамтарсан намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, эсхүл ухуулагчийг сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд 200 сонгогчид нэгээс илүүгүй байхаар тооцон Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж үнэмлэх олгоно.”

10/31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг:

“1.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудасны загвар, тоо, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам болон тэдгээрт тавигдах шаардлагыг санал хураах өдрөөс 21-ээс доошгүй хоногийн өмнө батална.

2.Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, нийслэлийн дүүргийн хэмжээнд нэгдсэн адил дугаартай байна.”

11/31 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

“6.Сонгуулийн хороод саналын хуудсыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүйг байлцуулан хүлээн авах ба энэ тухай тэмдэглэл үйлдэж, байлцсан бүх гишүүн гарын үсэг зурах бөгөөд хэрэв сонгуулийн хорооны аль нэг гишүүн уг тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал шалтгаан, үндэслэлээ бичгээр үйлдэж тухайн сонгуулийн хорооны даргад өгнө.”

12/33 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэг:

“6.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу урьдчилан санал өгөх тохиолдол бүрт сонгуулийн хэсгийн хорооны нэг намын бус төлөөлөлтэй хоёроос доошгүй гишүүн байлцах ба энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд байлцсан сонгуулийн хэсгийн хорооны гишүүн бүр гарын үсэг зурна.

7.Санал хураах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор заавал хангах үүрэгтэй.”

13/35 дугаар зүйлийн 3-8 дахь хэсэг:

“3.Санал тоолох бэлтгэл хангагдмагц сонгуулийн хэсгийн хорооны дарга санал тоолох ажиллагаа явагдахыг зарлах ба сонгуулийн хэсгийн хороо уг ажиллагааг дараахь журмаар явуулна:

1/санал өгсөн нийт сонгогчийн тоо санал хураахад зарцуулсан саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах;

2/санал хураахад зарцуулагдалгүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэл хөтөлж, боож битүүмжлэх;

3/энэ хэсгийн 1, 2 дахь заалтад заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа саналын хайрцгийг нээж, саналыг тоолох;

4/санал тоолж дууссаны дараа санал хураалтын дүнг хэсгийн хэмжээгээр гаргах.

4.Сонгуулийн хэсгийн хороо санал хураалтын дүнг дараахь үзүүлэлтээр гаргана:

1/сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн тухайн хэсгийн нийт сонгогчийн тоо;

2/санал өгсөн нийт сонгогчийн тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон урьдчилан санал өгсөн сонгогчийн тоо;

3/саналын хайрцгаас гарсан хүчинтэй болон хүчингүй саналын хуудасны тоо;

4/нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналын тоо, хувь.

5.Санал хураахад зарцуулсан болон зарцуулагдалгүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн сонгуулийн хэсгийн хороо анх хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл сонгуулийн хэсгийн хороо шалтгааныг шалгаж тогтоох бөгөөд зайлшгүй шаардлага гарвал саналын хуудсыг дахин тоолно.

6.Санал тоолох үед энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрүү гарвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, санал тоолох ажилд оролцогчдоор гарын үсэг зуруулна.

7.Санал хураахад зарцуулсан нийт саналын хуудасны тоог саналын хайрцгаас гарсан болон энэ зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтад заасан саналын хуудасны нийлбэрээр тооцож гаргана.

8.Саналын хуудсанд огт тэмдэглэл хийгээгүй, эсхүл бүх нэр дэвшигчийн нэрийг дарсан саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцож, хэнийг ч дэмжээгүй санал гэж үзнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 2, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхийлөгчийн” гэсний өмнө “Монгол Улсын” гэж, 9 дүгээр зүйлийн “Сонгуулийг санал хураах өдрөөс” гэсний өмнө “1.” гэж, 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтын “баримт бичгийг” гэсний дараа “Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу” гэж, мөн хэсгийн 7 дахь заалтын “гомдлыг” гэсний дараа “өөрийн эрх хэмжээний хүрээнд” гэж, 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “сонгууль бэлтгэн” гэсний дараа” “зохион байгуулж” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн “албан тушаалтан” гэсний дараа

“, иргэн” гэж, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “гомдлоо” гэсний дараа “дээд шатны сонгуулийн хороонд, эсхүл” гэж, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “24 цагийн өмнө” гэсний дараа “буюу санал хураах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө” гэж, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын “сонгуулийн хуулийг зөрчсөн нь” гэсний дараа “шүүхийн шийдвэрээр нотлогдсон бөгөөд энэ нь” гэж тус тус нэмсүгэй.
Хэвлэх

3 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь өгүүлбэр:

“Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон, түүнчлэн хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.”

2/7 дугаар зүйл:

Хэвлэх

“7 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааны

эдийн засгийн баталгаа

1.Сонгууль зохион байгуулж явуулахтай холбогдсон дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

1/сонгогч, нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, ухуулагч, сонгуулийн ажиглагчийн үнэмлэх, сонгогчдын нэрийн жагсаалт, сонгогчийн шилжүүлэг, сонгуулийн дүн, мэдээний маягт, сонгуулийн нутаг дэвсгэрийн болон хэсгийн хороодын албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, лац, тусгай тэмдэг тавих хэрэгсэл болон тэдгээрийг хэвлэх, үйлдвэрлэх, тээвэрлэх, хүргэх зардал

2/саналын хайрцаг хийлгэх, сонгуулийн хороодын ажиллах болон санал авах байрыг тохижуулах зардал

3/сонгуулийн хууль тогтоомж болон сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон журам, гарын авлага хэвлэх, хүргэх зардал

4/сонгуулийн хороодын ажилтнуудын сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал

5/сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд сурталчлах, сонгуулийн бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээний зардал

6/Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам, нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт, зарцуулалтыг хянахад гарах зардал

7/сонгуулийн хороодын орон тооны бус гишүүний тухайн хороонд ажилласан хугацааны мөнгөн урамшууллын зардал, хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн хорооны гишүүн сонгуулийн ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ эрүүл мэнд нь хохирсон, амь насаа алдсан тохиолдолд олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламжийн зардал;

8/сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал

9/Улсын Их Хурлаас тогтоосон бусад зардал.

2.Улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг Улсын Их Хурал тогтооно.

3.Сонгуулийн хороодын ажиллах, санал хураах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.

4.Сонгуулийн хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны Засаг дарга хариуцна.

5.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам нэр дэвшигчийг бүртгүүлснээс хойш 5 хоногийн дотор сонгуулийн зардлын сан байгуулж банкинд данс нээж, Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж, нийтэд зарлах бөгөөд уг дансанд тухайн нэр дэвшигчийн өөрийн болон нэр дэвшүүлсэн намын хөрөнгө, талархан дэмжигч нам, байгууллага, иргэдээс оруулсан мөнгөн хандивыг төвлөрүүлж, мөн дансаар дамжуулан зарцуулна.

6.Талархан дэмжигч нам, байгууллага, иргэд сонгуульд зориулж мөнгөн хандив өргөж болох бөгөөд түүнийг сонгуулийн зардлын сангийн дансанд төвлөрүүлэх бөгөөд уг данснаас гадуур сонгуульд зориулж хандив авах, өгөх, зарцуулахыг хориглоно.

7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан хандивыг мөнгөн бус хэлбэрээр өгвөл түүнийг мөнгөн хэлбэрт шилжүүлэн үнэлж, мөн зүйлийн 9 дэх хэсэгт заасан хандивын дээд хэмжээний дүнд оруулан тооцно.

8.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам, нэр дэвшигч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсэгт заасан этгээдээс сонгуулийн ажилд зориулж хандив авах, түүнчлэн сонгууль бэлтгэн явуулах хугацаанд тусламжийн эд хөрөнгийг иргэдэд тараах буюу борлуулж сонгуульд зарцуулахыг хориглоно.

9.Нэр дэвшигчийг талархан дэмжигчдээс сонгуульд зориулж өргөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая, иргэдээс 5 сая төгрөгөөс хэтэрч болохгүй.

10.Сонгуулийн зардлын санг нэр дэвшигчийг сурталчлах, сонгогчидтой уулзах, хурал, цуглаан зохион байгуулах, нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтны бичиг хэрэг, шуудан, холбоо, ажлын хөлс, урамшуулал, унааны болон албан томилолтын зэрэг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан журмаар зөвшөөрсөн бусад зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

11.Сонгуулийн зардлын сангийн дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулах тухай тайлангийн загвар болон данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журмыг Сонгуулийн ерөнхий хороо Монголбанктай хамтран батална.

12.Нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллага нь сонгуулийн зардлын тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

13.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн зардлын тайланг хянан үзэж, сонгууль дууссан өдрөөс хойш 40 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба таван зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, нэг сая, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийн нэрийг нийтэд зарлана.”

3/13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн нутаг дэвсгэрийн хороог санал хураах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.”

4/14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо суманд, шаардлагатай бол нийслэлийн дүүрэгт сонгуулийн салбар хороог санал хураах өдрөөс 50-иас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, 5 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ.”

5/15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо сонгуулийн хэсгийн хороог санал хураах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ.”

6/17 дугаар зүйл:

Хэвлэх

“17 дугаар зүйл. Сонгогчдын нэрийн жагсаалт,

түүнийг үйлдэх, танилцуулах

1.Сонгогчдын нэрийн жагсаалтад түүнийг үйлдэх үед сонгуулийн тухайн хэсэгт байнга буюу түр оршин суугаа бүх сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, нас, оршин суугаа газрын хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаарыг бүртгэх бөгөөд ийнхүү бүртгэхдээ сонгогчийн нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар, эсхүл оршин суугаа газрын байршлаар нь аль тохиромжтой байдлаар дараалуулан бичнэ.

2.Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга тус тусын нутаг дэвсгэрт оршин суугаа сонгогчдын нэрийн жагсаалтыг хаягийн бүртгэлийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтаар хоёр хувь үйлдэж санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд өгнө.

Цагдаа, эмнэлэг, амралт, сувиллын газрын эрх баригчид сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхэд шаардагдах мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.

3.Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал хураах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу хоёр хувь үйлдэж сонгуулийн хэсгийн хорооны дарга гарын үсгээ зурж, санал хураах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө, харин эмнэлэг, амралт, сувиллын газарт 7 хоногийн өмнө ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

4.Сонгогчдын нэрийн жагсаалт нь үндсэн ба зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураах гэсэн төрөлтэй байна.

5.Сонгогч бүр сонгуулийн нэг хэсэгт нэрийн нэг жагсаалтад бүртгэгдэх бөгөөд сонгуулийн нутаг дэвсгэрийн болон салбар хороо энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нэгтгэсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг үндэслэн сонгогчдын тоог Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу нэгтгэнэ.

6.Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.

7.Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчид сонгогчийн үнэмлэх олгоно.

8.Сонгогчийн үнэмлэхэд сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаарыг бичнэ.

9.Сонгогчийн үнэмлэх аймаг, нийслэлийн дүүрэг тус бүрээр нэгдсэн индекс, дугаартай байна.

10.Сонгогчийн үнэмлэхийг сонгуулийн хэсгийн хорооны аль нэг гишүүн олгох бөгөөд үнэмлэхийг хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулж баталгаажуулна.

11.Сонгогчийн үнэмлэх олгосон сонгуулийн хэсгийн хорооны гишүүний нэрийг сонгогчдын нэрийн жагсаалт дахь сонгогчийн нэрийн ард тэмдэглэнэ.”

7/19 дүгээр зүйл:

Хэвлэх

“19 дүгээр зүйл. Сонгогч шилжих

Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг нийтэд танилцуулж эхэлснээс хойш сонгуулийн хэсгийн хороо саналын хуудас хүлээн авах хүртэлх хугацаанд сонгогч тодорхой шалтгаанаар өөр хэсэгт шилжих бол шалтгаан, үндэслэлийг дурдсан хүсэлтийг сонгуулийн хэсгийн хороонд бичгээр гарган шилжүүлэг авч, сонгогчдын нэрийн жагсаалтаас хасуулж, очсон газрынхаа хаягаар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.”

8/28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигч энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасны дагуу бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ.”

9/29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Нэр дэвшигч сонгогчидтой уулзахад нь тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж, бүх нэр дэвшигчид тэгш хандах үүрэгтэй.”

10/32 дугаар зүйл:

Хэвлэх

“32 дугаар зүйл. Санал хураах ажлыг зохион байгуулах

1.Санал хураах өдрийн 07 цагт сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөллийг байлцуулан саналын бүх хайрцгийг нээж, шалган битүүмжилж лацдсаны дараа дараахь зүйлийг мэдээлнэ:

1/сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо

2/хүлээн авсан, урьдчилан санал өгөхөд зарцуулсан, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоо

3/урьдчилан санал өгсөн сонгогчдын тоо, түүний явцад буруу тэмдэглэл хийснээс хүчингүй болсон саналын хуудасны тоо

4/санал хураалтад ашиглах зөөврийн битүүмжилсэн хайрцгийн тоо, түүгээр санал өгөх сонгогчийн тоо, санал хураах хуваарь

5/хүлээн авсан, тараасан, буруу бичсэнээс хүчингүй болсон, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн сонгогчийн үнэмлэхийн тоо.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасны дагуу урьдчилан өгсөн саналын тоог тусгайлан тэмдэглэж, тэдгээр саналын хуудсыг битүүмжилсэн дугтуйтай нь саналын хайрцагт хийнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан ажиллагаа, мэдээллийг нэг бүрчлэн тусгасан тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд сонгуулийн хэсгийн хорооны нийт гишүүн гарын үсэг зурна.

4.Сонгуулийн хэсгийн хороо энэ зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал хураах ажлыг эхлүүлэх ба ингэхдээ сонгогчийн үнэмлэх, иргэний үнэмлэхийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрт саналын хуудас олгоно.

5.Саналын хуудас авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.

6.Саналаа өгсөн иргэний сонгогчийн үнэмлэхэд тусгайлан үүрэг хүлээсэн сонгуулийн хэсгийн хорооны гишүүн тэмдэглэл хийж, сонгуулийн хэсгийн хорооны тэмдэг дарах бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тусгай тэмдэглэл хэрэглэж болно.

7.Санал хураах ажиллагаанд нэр дэвшүүлсэн намын сонгууль эрхэлсэн байгууллагаас томилсон ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцаж болно.

8.Санал хураах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд байхыг хориглох бөгөөд энэ нь тэдгээрээс саналаа өгөхөд хамаарахгүй.

9.Нэр дэвшүүлсэн намын сонгууль эрхэлсэн байгууллагаас томилсон ажиглагч нь санал хураах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.

10.Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн бол ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзана.

11.Ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, сонгогчийн үнэмлэх бичих, санал хураах, тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглан хянаж, дараахь эрх эдэлнэ:

1/сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах

2/саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах

3/санал тоолох ажлыг ажиглах

4/урьдчилан санал өгөх үйл ажиллагааг ажиглах

5/зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал хураах чиглэл, хуваарьтай танилцах

6/санал өгөх тасалгаа, саналын хайрцаг болон санал хураах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах

7/санал хураах байранд сонгуулийн санал хураалтыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх

8/санал хураах явцад зөрчил гарвал сонгуулийн хэсгийн хорооны даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан баталгаажуулах, гэрчээр гарын үсэг зуруулах

9/сонгуулийн хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах

10/ажиглалтын тайлангаа нийтэд танилцуулах.

12.Ажиглагч энэ зүйлийн 11 дэх хэсэгт заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл олон нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж, сонгуулийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцвол сонгуулийн хэсгийн хороо түүний ажиглагчийн эрхийг хүчингүй болгож, урьд олгосон үнэмлэхийг хураан авна.

13.Ажиглагч энэ зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу эрхээ хасуулсан бол түүнийг санал болгосон нам, нэр дэвшигч нь орны хүнийг томилох эрхгүй бөгөөд ийм хүсэлт гаргавал сонгуулийн хороод хүлээн авахаас татгалзана.

14.Гадаадын ажиглагч, түүнчлэн аливаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл сонгуулийг ажиглах, сурвалжлахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо баталж мөрдүүлнэ.”

11/33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Сонгогч санал хураах байранд ирж, саналаа өөрөө өгөх бөгөөд харин биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал хураах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ санал хураах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд бичгээр гаргах бөгөөд тухайн сонгогчийн саналыг сонгуулийн хэсгийн хорооны нэг намын бус төлөөлөлтэй хоёроос доошгүй гишүүн оршин суугаа газрын хаягаар очиж авна.”

12/34 дүгээр зүйлийн 4, 5 дахь заалт:

“4/энэ хуульд зааснаас өөр тэмдэглэл хийснээс аль нэр дэвшигчид санал өгснийг тодорхойлох боломжгүй болсон;

5/нэр дэвшигчийн нэрийн өмнө тавьсан дугаарыг засварласнаас аль нэр дэвшигчид санал өгснийг тодорхойлох боломжгүй болсон.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 1 дүгээр зүйлийн “бэлтгэн” гэснийг “зохион байгуулж” гэж, 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “ажлын 10 өдрийн дотор” гэснийг “ажлын 7 өдрийн дотор” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “ажлын 5 өдрийн дотор” гэснийг “ажлын 3 өдрийн дотор” гэж, 28 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Монголын үндэсний радио, телевизээр” гэснийг “улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр” гэж, 8 дугаар зүйлийн 11 дэх хэсгийн дугаарыг “24” гэж, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтын дугаарыг “10” гэж, 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дугаарыг “3” гэж, 16 дугаар зүйлийн 2-5 дахь хэсгийн дугаарыг “7-10” гэж, 31 дүгээр зүйлийн 1-3 дахь хэсгийн дугаарыг “3-5” гэж, 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дугаарыг “9” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Сонгуулийн ерөнхий хороо, нутаг дэвсгэрийн болон салбар хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.” гэсэн 3 дахь өгүүлбэрийг, 28 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “Зөвхөн нэр дэвшигчийн сурталчилгааг орон даяар эхлэх, дуусахад зориулж нийслэл, аймгийн төвүүдэд урлагийн тоглолтыг нэр дэвшүүлсэн намаас зохион байгуулж болно.” гэсэн 2 дахь өгүүлбэрийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 3-10 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ