Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 ,4, 11, 12, 13, 15,1 6, 28 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалт:

12/“хуримтлалын сан” гэж нийгмийн даатгалын сангийн хөрөнгө болон тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нөөцөлсөн мөнгөн хөрөнгийг.”

2/ 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

“6.Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа тэтгэвэр авагч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5-д зааснаас бусад төрлийн даатгалд заавал даатгуулна.”

3/ 11 дүгээр зүйлийн 3,4,5 дахь хэсэг:

“3.Хуримтлалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкнаас гаргасан үнэт цаас худалдан авах, арилжааны банкинд байршуулах замаар нэмэгдүүлж болно.

4.Хуримтлалын сангаас Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг нийгмийн даатгалын сангийн жил бүрийн төсөвт тусгаж, Улсын Их Хурал батална.

5.Хуримтлалын сангаас арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтооно.”

4 /12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг тухайн жилийн улсын төсвийн төслийн хамт Засгийн газарт мэдүүлнэ.

Засгийн газар нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг улсын төсвийн төслийн хамт Улсын Их Хуралд 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор өргөн мэдүүлнэ.”

5/13 дугаар зүйлийн 3,4,5 дахь хэсэг:

“3.Нийгмийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 37.1-д заасан тайланд тусгаж, Засгийн газар болон Улсын Их Хуралд тайлагнана.

4.Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

5.Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тайлан, мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан аудитын дүгнэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, улсын төсвийн гүйцэтгэлийг баталснаас хойш 20 хоногийн дотор өдөр тутмын хэвлэлд нийтэлж нийтэд мэдээлнэ.”

6/ 15 дугаар зүйлийн 7,8 дахь хэсэг:

“7.Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно.

8.Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажилаж байгаа Монгол Улсын иргэний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.”

7/ 16 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэг:

“7.Хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно.

8.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр төлнө.”

8/ 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад “хүү” гэсний дараа “,үнэт цаасны арилжаанаас олсон орлого;”, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “Нийгмийн даатгалын” гэсний дараа “байгууллага, үндэсний болон салбар зөвлөлийн” , 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “алданги ногдуулна.” гэсний дараа “Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “0.3 хувийн алданги ногдуулна.” гэсний дараа “Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.” гэж, 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад “Үндэсний зөвлөл ажлын албатай байна.” гэсэн догол мөр тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4, 6, 15, 27, 31, 32 дугаар зүйлийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан заавал даатгуулна:

1/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгуулага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд зааснаар иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

2/Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгуулага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

3/хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч;

4/хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн.”

2/4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тодорхой хөдөлмөр эрхлээгүй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуульд заасан болзол, журмын дагуу энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалтад дурдсан даатгалд сайн дураар даатгуулж болно. Сайн дураар даатгуулагч нь дээр дурдсан нийгмийн даатгалын төрөл тус бүрд хамрагдана.”

3/ 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.”

4/ 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагчийн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн доод хэмжээ нь Засгийн газраас баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэврийн даатгалд 10 хувиас, тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд тус бүр 1,0 хувиас багагүй байна.”

5/ 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 6 дахь заалт:

“6/нийгмийн даатгалын төв байгууллагын бүтцийг батлах, нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих;”

6/ 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Нийгмийн даатгалын сангийн орлогоос санхүүжүүлэх нийгмийн даатгалын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын төсвийг Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулиар тогтооно.”

7/ 32 дугаар зүйл:

Хэвлэх

“32 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого

1.Дараахь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна:

1/Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс, мөн хуулийн 55, 56, 57, 59, 64, 66, 69 дүгээр зүйлд заасан олговор;

2/Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс;

3/энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлого;

4/аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “нэг төрлийн сангийн хөрөнгийг өөр төрлийн санд шилжүүлэн зарцуулах” гэснийг “нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах”, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд” гэснийг “нийгмийн даатгалын сангийн дансанд” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн “тухайн нутаг дэвсгэрийн нийгмийн даатгалын байгууллагад төлнө” гэснийг “нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”, 12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн дугаарыг “3”, “4”, 15 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгийн дугаарыг “6”,”7” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын “Нийгмийн даатгалын төв байгууллагын дарга нь Үндэсний зөвлөлийн бие даасан гишүүн байна.” гэсэн өгүүлбэрийг хассугай.

6 дугаар зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН