Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын тухай хуульд дор дурдсан агуулга бүхий зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/21 дугаар зүйл:

Хэвлэх

"21 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/"даатгуулагч" гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг;

2/"нийгмийн даатгалын байгууллага" гэж ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг;

3/"нийгмийн даатгалын сан" гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг;

4/"нийгмийн даатгалын шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг;

5/"нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа" гэж ажил олгогч болон даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын санд шилжүүлсэн өдрийг;

6/"тэтгэврийн төрлийг сонгох эрх" гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзлын дагуу хоёр буюу түүнээс дээш төрлийн тэтгэврийн эрх нэгэн зэрэг үүсч байгаа даатгуулагч тэтгэврийн төрлийг сонгож, тэтгэвэр тогтоолгон авах эрхийг;

7/"шимтгэл төлөгч" гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг;

8/"тэтгэвэр" гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд /хүүхэд 16 нас, сургуульд суралцаж байгаа бол 19 нас хүртэл/-ийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;

9/"тэтгэмж" гэж хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг;

10/"төлбөр" гэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 буюу түүнээс дээш хувиар алдсан даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нөхөн олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/-ний үнэ, рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын газрын үйлчилгээний хувьсах зардлыг;

11/"рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын газрын үйлчилгээний хувьсах зардал" гэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагч сувиллын газар эмчлүүлэхэд гарсан зардлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох төлбөрийг."

2/ 261 дугаар зүйл:

Хэвлэх

"261 дугаар зүйл. Нийгмийн даатгалын байцаагчийн нийгмийн баталгаа, мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл

1.Нийгмийн даатгалын байцаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон, бусдын нөлөөгөөр амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт дараахь буцалтгүй тусламжийг олгоно:

1/хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;

2/тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;

3/амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь хохирогчийн 3 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж.

2.Энэ хуулийн 261.1.3-т заасан буцалтгүй тусламжийг ажиллаж байсан байгууллага олгож, хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ.

3.Нийгмийн даатгалын байцаагч мэргэшлийн зэрэгтэй байна. Мэргэшлийн зэргийг тогтоох, зэргийн нэмэгдэл олгох журмыг Засгийн газар тогтооно.

4.Нийгмийн даатгалын байцаагчид ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгож болно. Нийгмийн даатгалын байцаагчид мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар тогтооно.

5.Нийгмийн даатгалын байцаагч нь үйлчилгээний онцлогт тохирсон ажлын тусгай хувцсыг үнэ төлбөргүй хэрэглэнэ. Нийгмийн даатгалын байцаагчийн ажлын тусгай хувцас, ялгах тэмдгийн загвар, хэрэглэх журам, эдэлгээний хугацааг нийгмийн даатгалын төв байгууллага батална."

3/ 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 5, 6 дахь заалт:

"4/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн, даатгуулагчид нийгмийн даатгалын дэвтэр нээж баталгаажуулаагүй, уг зөрчлийн улмаас даатгуулагчийн эрх ашгийг хохироосон албан тушаалтныг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна;

5/нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, ашигласан бол хууль бус олсон орлого, эд зүйлсийг хурааж, албан тушаалтныг 5000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна;

6/даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа болон хөдөлмөрийн нөхцөлийг буруу тогтоосон албан тушаалтныг 10000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."

4/26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7, 8, 9 дэх заалт:

"7/байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байр, ажиллагчдын тоог цалингийн сан, төлсөн шимтгэлийн тооцоотой тулган шалгах;

8/ажиллагчдын тоог дарагдуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажиллагчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;

9/нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх."

Хэвлэх

2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ шалтгааны улмаас даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцна." гэсэн хоёр дахь өгүүлбэр, 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "иргэн" гэсний дараа "хувиараа хөдөлмөр эрхлэх замаар" гэж, 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "хээл хахууль авах," гэсний дараа "ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах," гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Нийгмийн даатгалын тухай хуулийн 31 дүгээр зүйл, 7 дугаар зүйлийн хоёр дахь өгүүлбэр, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

1/ "31 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх

1.Нийгмийн даатгалын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг нийгмийн даатгалын сангийн орлогоос санхүүжүүлнэ.

2.Нийгмийн даатгалын сангийн орлогоос санхүүжүүлэх нийгмийн даатгалын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын төсвийг санхүү, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл жил бүр батална."

2/ 7 дугаар зүйлийн 2 дахь өгүүлбэр:

"Хэрэв давхардахаар байвал даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг зөвхөн нэг удаа сонгон авах эрхтэй"

3/ 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт:

"4/тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах;"

Хэвлэх

4 дугаар зүйл. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "25000-50000 төгрөгөөр" гэснийг "иргэнийг 5000-30000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр" гэж, 26 дугаар зүйлийн 1дэх хэсгийн "3-аас доошгүй" гэснийг "2-оос доошгүй" гэж, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "4" дэх заалтын дугаарыг "7" гэж, хуульд "рашаан сувилал" гэснийг "рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилал" гэж тус тус өөрчилсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР