Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 2 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

ОРОН СУУЦНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

(“Төрийн мэдээлэл”, 2011 он, №08)

1 дүгээр зүйл.Орон сууцны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/3 дугаар зүйлийн 3.1.5-3.1.10 дахь заалт:

“3.1.5.“орон сууцны байшингийн орчны тохижилт” гэж Барилгын тухай хуулийн 3.1.11-д заасан барилгын орчны тохижилтыг;

3.1.6.“мэргэжлийн байгууллага” гэж орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээдийг;

3.1.7.“хэрэглэгч” гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.13-т заасан иргэн, хуулийн этгээдийг;

3.1.8.“хангагч” гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.9, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.12-т заасан хуулийн этгээдийг;

3.1.9.“техникийн өрөө” гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг;

3.1.10.“ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны байшин” гэж барилгын техникийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан шийдвэрээр ашиглахыг хориглосон орон сууцны байшинг.”

2/71 дүгээр зүйл:

“71 дүгээр зүйл.Орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

71.1.Орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

71.1.1.төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

71.1.2.орон сууцны төлөвлөлт, ашиглалтын норм, дүрэм, журам, стандарт боловсруулах, хэрэгжүүлэх;

71.1.3.орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

71.1.4.орон сууцны мэдээллийн сан бүрдүүлэн сүлжээ байгуулж, ажиллуулах.”

3/81 дүгээр зүйл:

“81 дүгээр зүйл.Мэргэжлийн байгууллагын эрх, үүрэг

81.1.Мэргэжлийн байгууллага нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19.1-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.”

4/11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалт:

“11.1.6.Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгө;”

5/11 дүгээр зүйлийн 11.2-11.4 дэх хэсэг:

“11.2.Орон сууц хөгжүүлэх санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

11.3.Орон сууц хөгжүүлэх сангийн төсвийн ерөнхийлөн захирагч нь орон сууцны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

11.4.Нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч иргэний болон дундын өмчлөлд хамаарах хэсгээс бусад өмчийн буюу төрийн болон орон нутгийн өмчид хамаарах хэсгийн засвар, үйлчилгээний зардлыг Орон сууц хөгжүүлэх сан, үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын хуримтлалаас, эсхүл төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.”

6/14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэг:

“14.6.Хэрэглэгч гэрээт мэргэжлийн байгууллагаар засвар, үйлчилгээ хийлгэх үед хэрэглэгчийн орон сууцны ус, дулаан, цахилгаан хангамжийг таслах шаардлага гарсан нөхцөлд түүний захиалга, хүсэлтийг үндэслэн таслалт, холболтыг хангагч саадгүй, нэн даруй хийж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй.

14.7.Орон сууц болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан хохирол, гэмтэл /цэвэр, бохир ус, халаалт, хэрэглээний халуун усны шугам, тоног төхөөрөмж хагарч гэмтэх зэрэг/-ийг арилгах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг тухайн гэрээт мэргэжлийн байгууллага хариуцна.”

7/141 дүгээр зүйл:

“141 дүгээр зүйл.Орон сууцны байшингийн инженерийн хангамж, орчны тохижилт

141.1.Орон сууцны байшингийн инженерийн гадна шугам сүлжээ, дэд өртөө, ус, дулаан дамжуулах төв болон бусад үйлчилгээний газарт зарцуулсан хөрөнгийг орон сууцны өртөгт оруулж тооцохыг хориглоно.

141.2.Орон сууцны байшингийн орчны тохижилтыг сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд шилжүүлнэ.

141.3.Орон сууцны байшингийн инженерийн гадна шугам сүлжээ, дэд өртөө, ус, дулаан дамжуулах төв зэргийг тухайн хөрөнгө оруулагч этгээд өмчлөх тохиолдолд түүний засвар, үйлчилгээг эрхлэх, эсхүл гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.

141.4.Орон сууцны байшингийн инженерийн гадна шугам сүлжээг ашиглан худалдсан бүтээгдэхүүний төлбөрт ногдох шимтгэлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон тарифын дагуу хангагч байгууллага нь ашиглагч мэргэжлийн байгууллагад төлөх үүрэгтэй.

141.5.Гэрээт мэргэжлийн байгууллага нь оршин суугчдыг ус, дулаан, цахилгаанаар хангах зэрэг үйлчилгээний төлбөр, шимтгэлтэй холбогдсон санхүүгийн тайланг тухайн оршин суугчдад жил бүр тайлагнана.

141.6.Орон сууцны байшингийн инженерийн гадна шугам сүлжээ, дэд өртөө, ус, дулаан дамжуулах төв зэрэгт оруулсан хувийн хөрөнгө оруулалтын бодит хэмжээг үндэслэн хөрөнгө оруулагч гэрээ байгуулан орон нутгийн өмчид шилжүүлж болно.”

8/15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг:

“15.3.Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно.”

9/151 дүгээр зүйл:

“151 дүгээр зүйл.Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууц

151.1.Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно.

151.2.Сууц өмчлөгчид нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн орон сууцыг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаархи шийдвэрийг хүлээн авмагц дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтийг сууц өмчлөгчдийн олонхийн саналаар гаргаж, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.

151.3.Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана.

151.4.Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжинд өмчлөх эрх эдлэх бөгөөд шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байна.

151.5.Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй.

151.6.Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч ашиглах эрх дуусгавар болно.

151.7.Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна.”

10/16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг:

“16.5.Нийтийн зориулалттай орон сууцны байшинд энэ хуулийн 17 дугаар зүйлд зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.”

11/18 дугаар зүйлийн 18.1.6 дахь заалт:

“18.1.6.энэ хуулийн 141.1-д заасныг зөрчсөн иргэнийг 500000-1000000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 2000000-4000000 төгрөгөөр торгох.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Орон сууцны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын “үйл ажиллагааг” гэсний дараа “хэрэгжүүлэх,” гэж, 7.1.4 дэх заалтын “дүрэм,” гэсний дараа “журам,” гэж, 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтын “мэдээллийн санг” гэсний өмнө “тооллого, паспортжуулах ажлыг зохион байгуулан” гэж, Гуравдугаар бүлгийн гарчгийн “ОРОН СУУЦ” гэсний дараа “, ТҮҮНИЙ ДЭД БҮТЦИЙГ” гэж, 9 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 9.4, 9.6, 9.7 дахь хэсгийн “хэсэгчилсэн” гэсний дараа “ерөнхий” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “Орон сууц” гэсний дараа “, түүний дэд бүтцийг” гэж, мөн зүйлийн 11.1.3 дахь заалтын “тусламж” гэсний дараа “, хөрөнгө оруулалт” гэж, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн “Сууц өмчлөгчдийн холбоо буюу оршин суугчдын” гэсний дараа “болон цагдаагийн байгууллагын” гэж, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн “тохиолдолд”, 16.4 дэх хэсгийн “байгууллага нь” гэсний дараа “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага,” гэж, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “эрүүл ахуй,” гэсний дараа “ чанар,” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн “гомдлоо” гэсний дараа “улсын” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Орон сууцны тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:

“3.1.2.“орон сууцны дэд бүтэц” гэж орон сууцны дулаан, цахилгаан, холбоожуулалт, хий, ус хангамж, ариутгах татуургын инженерийн гадна шугам сүлжээг;”

2/4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт:

“4.1.3.орон сууцны хороолол, бичил хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барьж байгуулахыг төрөөс бодлогоор дэмжиж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;”

3/9 дүгээр зүйлийн 9.1-9.3 дахь хэсэг:

“9.1.Орон сууц, түүний дэд бүтцийг шинээр барих, шинэчлэх, өргөтгөх арга хэмжээг орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

9.2.Орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд төв, суурины гэр хороолол, шинээр баригдах орон сууцны хороолол, барилгажсан хэсэг дэх орон сууцны хорооллыг хамруулна.

9.3.Орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд орон сууц, түүний дэд бүтэц, орчны тохижилт, нийгмийн үйлчилгээний барилга байгууламжийн байршлыг иж бүрнээр тусгана.”

4/9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг:

“9.5.Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна.”

5/15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг:

“15.1.Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно.”

6/16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг:

“16.1.Нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт болон сууцандаа бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр энэ хуулийн 17.1-д зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж болно.”

7/17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалт:

“17.1.7.саун, нийтийн халуун усны болон угаалгын газар, нийтийн бие засах газар, зориулалтын бус байранд нийтийн хоолны газар ажиллуулах, 40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Орон сууцны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын “боловсруулж” гэснийг “батлах” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын “хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэснийг “боловсруулах, батлуулах” гэж, 7.1.2 дахь заалтын “боловсруулж батлах” гэснийг “, дүрэм, журам батлах, стандарт хянах, мөрдүүлэх” гэж, 7.1.3 дахь заалтын “санхүүжүүлэх” гэснийг “зохицуулан удирдаж” гэж, Тавдугаар бүлгийн гарчгийг “НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН АШИГЛАЛТ” гэж, 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтын “30000-50000” гэснийг “500000-1000000” гэж, “150000-250000” гэснийг “2000000-4000000” гэж, мөн зүйлийн 18.1.4 дэх заалтын “40000-50000” гэснийг “400000-500000” гэж, “150000-250000” гэснийг “1500000-2500000” гэж, 18.1.5 дахь заалтын “40000-50000” гэснийг “400000-500000” гэж, “150000-250000” гэснийг “1500000-2500000” гэж, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн “Ерөнхий” гэснийг “Улсын ерөнхий” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалтыг дугаарыг “11.1.7” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Орон сууцны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ