Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот 

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Соёлын тухай хуульд дор дурдсан агуулгатай 131 дүгээр зүйл нэмсүгэй:

“131 дүгээр зүйл.Соёл, урлагийн хороо

1.Төрөөс баримтлах соёл, урлагийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүрэгтэй Соёл, урлагийн хороо /цаашид “Хороо” гэх/ ажиллана.

2.Хорооны дүрмийг Засгийн газар батална.

3.Хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах ажлыг зохицуулах, үндэсний соёл, дизайны уламжлалыг дэмжин хөгжүүлэх;

2/эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэх, уран сайхан-гоо зүйн хүмүүжил олгох бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

3/түүх, соёлын дурсгалт зүйлийг судалж шинжлэх, хадгалж хамгаалах, сурталчлах, ашиглалт, хамгаалалтад хяналт тавих ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, гадаад, дотоодод үзэсгэлэн гаргах ажлыг зохион байгуулах;

4/утга соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, хамгаалах, өвлүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, утга соёлын өвийг өвлөн тээгч билиг авьяастнуудыг судлан тодорхойлж, эрдэм авьяасыг нь хойч үед уламжлуулахад туслан дэмжлэг үзүүлэх;

5/ардын язгуур урлагийн чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

6/дүрслэх урлаг, дизайны чиглэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

7/соёлын салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээг судалж, аймаг, нийслэлийн соёл, урлагийн байгууллагыг боловсон хүчнээр хангахад дэмжлэг үзүүлэх;

8/соёл, урлагийн мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

9/соёлын тоо бүртгэл гаргаж, дүн шинжилгээ хийх;

10/хуульд заасан бусад бүрэн эрх.

 4.Хороо нь дарга болон орон тооны бус 8 гишүүнээс бүрдэх бөгөөд Хорооны гишүүн нь улсын чанартай соёлын байгууллагын дарга, захирал байна.

5.Хорооны дарга болон гишүүнийг соёл, урлагийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.

6.Хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд нэг удаа улируулан томилж болно.

7.Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд сард хоёроос доошгүй удаа хуралдана. Хуралдааны дэгийг Хорооны дүрмээр зохицуулна.”

           

Хэвлэх

2 дугаар зүйл.Соёлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн “төрийн захиргааны төв байгууллага,” гэсний дараа “Соёл, урлагийн хороо,”  гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Соёлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1.Соёлын байгууллагыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэнэ.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Соёлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 5 - 7, 11, 13 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                         Д.ДЭМБЭРЭЛ
Хэвлэх