Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

ТӨВ БАНК (МОНГОЛБАНК)-НЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, заалт нэмсүгэй:

1/ 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5,6,7 дахь заалт:

"5/ Засгийн газар, банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд зээл, төлбөрийн болон банкны баталгаа гаргах;

6/ хуулийн этгээд, иргэний дотоод, гадаадаас авах зээлийг дэмжих зорилгоор алт болон нөөц активыг барьцаалах;

7/ улсын төсөвт тусгагдаж Улсын Их Хурлаар батлагдсан, энэ хуулиар зөвшөөрснөөс бусад, хуулийн этгээд, иргэний эдийн засгийн буюу арилжааны үйл ажиллагааг дэмжсэн тэнцлийн болон тэнцлийн гадуурх аливаа гүйлгээ хийх. "

2/ 27 1 дүгээр зүйл:

Хэвлэх

"27 1 дүгээр зүйл. Монголбанкны Хяналтын зөвлөл

1. Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын багц болон Монголбанкнаас санхүүгийн тайлангаа Улсын Их Хурал, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдал, Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих эрх бүхий орон тооны бус Хяналтын зөвлөл ажиллана. Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал тогтооно.

2. Хяналтын зөвлөл нь төрийн мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар шийдвэр гаргахад аливаа хэлбэрээр оролцохгүй.

3. Хяналтын зөвлөл нь дарга, 6 гишүүнээс бүрдэнэ. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилж, чөлөөлнө.

4. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн нь банк, санхүү, эдийн засаг, хууль зүйн чиглэлээр мэргэшсэн, эдгээр салбарын ажлын дадлага туршлагатай, ёс зүйн хувьд төлөвшсөн, дараахь шаардлагыг хангасан хүн байна:

1/ Монгол Улсын 30-аас дээш насны иргэн, ял шийтгэлгүй;

2/ банк, санхүү, эдийн засаг, хууль зүйн мэргэжлээр магистрын болон түүнээс дээш зэрэг, цолтой.

5. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнээр банк, санхүү, эдийн засгийн салбарын асуудал хариуцсан төрийн байгууллагад өмнө нь ажиллаж байсан хүнийг томилж болно.

6. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнээр Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, төрийн улс төрийн бусад албан тушаалтан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, төрийн захиргааны албан тушаалтан, Монголбанкны удирдах албан тушаалтныг томилж үл болно.

7. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь дараахь тохиолдолд чөлөөлж болно:

1/ биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, уг ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн;

2/ үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;

3/ гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоосон;

4/ ашиг сонирхлын зөрчил үүссэн.

8.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг энэ хуулийн 271 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд чөлөөлж үл болно.

9. Хяналтын зөвлөл нь энэ хуулийн 271 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг дараахь хүрээнд хэрэгжүүлнэ:

1/ Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааг тогтоосон журмын дагуу авч хэлэлцэх;

2/ Монголбанкны дотоод аудитын газрын хянан шалгагч болон тус банкны санхүүгийн тайланд аудит хийсэн байгууллагын аудитортой харилцаж, санал солилцох;

3/ шаардлагатай гэж үзвэл Монголбанкны үйл ажиллагаа, менежментийн аливаа асуудал, тодорхой гүйлгээнд шалгалт, аудит хийлгэх санал гаргах;

4/ Монголбанк энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд тайлан, танилцуулга хүргүүлэх үед өөрийн үйл ажиллагааны тайланг хүргүүлж байх."

Хэвлэх

2 дугаар зүйл. Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1) 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт:

"4/ энэ хуулийн гурав, дөрөвдүгээр бүлэгт тодорхойлсон Монголбанкны үйл ажиллагааг явуулахад шаардлагатай тохиолдолд Засгийн газар буюу банкны нэрийн өмнөөс өөрийн хөрөнгийн хэмжээнд багтаан зээл, төлбөрийн болон банкны баталгаа гаргаж болно. "

2) 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

"2. Монголбанкны албан тушаалтан, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн нь албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийн нууцлалыг хуульд зааснаас бусад тохиолдолд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш ч задруулж үл болно. "

3) 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4. Улсын Их Хурал Монголбанкны үйл ажиллагаа хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, энэ хуулийн 271 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 4 дэх заалт, 30 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан тайлан, танилцуулгатай танилцах бөгөөд ингэхдээ төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь оролцохгүй."

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР